Хэдэн жилийн өмнө Үндэсний олон нийтийн телевизээр гардаг байсан “Найм дахь аялгуу” буюу “Аяыг таа” нэвтрүүлэг хэсэгтээ л үзэгчдийг байлдан дагуулсан. Гэтэл тус нэвтрүүлгийн хөтлөгч, продюсер М.Дорждэрэм гэнэт л сураг алдарч, нэлээд хугацаанд нам гүм байснаа өнгөрсөн жилээс харин гэнэт гарч ирсэн. Ирэхдээ Монголын шоу ертөнцөд үгүйлэгддэг менежментийн ухаан, бодлого гэдэг зүйлийг өргөн утгаар нь авчирсан гэхэд болно. “Алга болсон” хугацаандаа тэрбээр Америк, Австралид шоу бизнесийн чиглэлээр суралцаад ирсэн бөгөөд соёл урлаг, спортоос эхлээд нийгэм, эдийн засгийн салбарыг хүртэл продюсерийн ухаанаар хэрхэн “хөдөлгөөнд оруулж” болдгийг харуулах зорилготой гэсэн.
М.Дорждэрэм өнгөрсөн жил Австралиас ирэнгүүтээ И.Нямгаваа найруулагчийн удирдлагад Хүүхэд залуучуудын театрын дэргэдэх студийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн ангийнхнаа цуглуулан “Гэрэлт медиа” групп байгуулж, “Хязгааргүй” нэртэй анхны бүрэн хэмжээний киногоо үзэгчдэд толилуулсныг нь хүмүүс мэднэ. Жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэг багштай тэр ангийнхан өдгөө бүгд урлаг соёлын салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулан, арав шахам студи, продакшн байгуулцгаажээ. Баримтат болон уран сайхны кино, телевизийн нэвтрүүлэг, клип, реклам, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах гэхчилэн энтертайнмент, бизнесийг хослуулсан ажил “Гэрэлт медиа” группийнхэнд мундахгүй. Одоо харин тэд Монголын урчуудын эвлэл, “Best” арт галерейтай хамтран “Best art” төс өл хэрэгжүүлж буй.
Дуу, хөгжим, уран зураг, баримал, сийлбэр, кино драм гэхчилэн соёл урлагийн салбарт хийсэн бүтээсэн зүйлээрээ дуудах нэр, дуурсах алдрыг олсон эрхэм хүмүүсийг ирээдүйд “найдаж” орхих бус, энэ цагт нь мөнхөлж үлдээх зорилготой төслийнхөө нэвтрүүлгийн эхний хоёр дугаарыг бичээд байгаа юм. Хоёр дахь нэвтрүүлгийн зураг авалтын үеэр бид сурвалжлага хийхээр очлоо.
Хоёр талын ханандаа битүү уран зураг өлгөсөн “Best” арт галерейн байранд зураг авалт эхлэхэд бэлэн болжээ. Бүдүүн гинжээр хүрээлсэн тэрэгний дугуйн дээр эвэртэй үхрийн гавлын яс байрлуулж, магнайд нь ямар нэгэн дүрс бүхий савхи наасан нэгэн бүтээл тавиурт өлгөөтэй байсан нь эрхгүй анхаарал татаж байв. Бүдүүн гинж, савхин өмдтэй рок одуудыг санагдуулсан энэхүү инстолляцийг сайн ажвал нэвтрүүлгийн зочин хэн гэдгийг тааж болохоор байжээ. “Хурд” хамтлагийн гитарчин, рок попын шинэхэн гавьяат Д.Отгонбаяр хаалгаар орж ирэхэд л үүнийг ойлгосон юм.
Түүнийг Монголын рок попын ертөнцөд 20 гаруй жилийн турш нааш, цааш гуйвж дайвалгүй байх ёстой байран дээрээ бат зогсож ирсэн “Хурд” хамтлагийн оршин тогтнохын үндэс нь гэж хэлж болно. Д.Отгонбаяр бол чадварлаг хөгжимчин, хөгжмийн зохиолчоос гадна хамтлагийнхаа сайн менежер, продюсер, бас урлагийн “тогоондоо” олон шавь бэлтгэн оруулж ирж байгаа сурган хүмүүжүүлэгч гэдэг утгаар нь түүнийг ийнхүү онцолжээ.
Нэвтрүүлгийн танхимд бас нэгэн зочин байсан нь Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач О.Энхтайван. Тэрбээр “Хурд” хамтлагийн анхны лого зохиох уралдаанаас эхлээд л тэдэнтэй учир ерөөлөөр холбогдсон уран бүтээлч гэнэ. Хоёр уран бүтээлч гар бариад уулзангуутаа л энэ тухай болон гадаад, дотоодын хэд хэдэн тоглолтод хамтарч ажиллаж байсан тухай эртний хууч дэлгэв. Гэхдээ О.Энхтайван зураачийн гол үүрэг нь ярилцлагын явцад зочны маань хөргийг зурах учраас тэгсгээд ажилдаа оров...
“Хурд” хамтлаг ямар өрсөлдөөн дунд гарч ирсэн, ямар саад бэрхшээлийг даван туулж байж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн (3000 хүний суудалтай танхимыг хэдэн ч өдөр байсан асуудалгүй дүүргэдэг), урьд өмнө нэг их ярьж байгаагүй хүүхэд насных нь тухай гээд олон зүйлийн талаар хөтлөгч Д.Отгонбаяртай ярилцлаа. Хөгжим сурахын тулд өрөөндөө бүтэн гурав хоног цоожлуулан “хоригдож”, цонхоор ус, идэх юм зөөлгүүлж байсан түүх хүртэл түүнд байдаг аж. Бурхны оронд очсон сайхан анд нөхдөө дурсахдаа, бас явуургүй хүмүүсийн элдэв цуу ярианаас болж хамтлагийнхаа нэгэн эд эс болох Нарсарыгаа алдсан тухай ярихад түүний аньсага чийгтэж байв. Энэ хэсэгт ер нь ярианы уур амьсгал нэлээд хүнд болж ирлээ.
Хөгжимчин хүн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хамгийн гол “хэрэгсэл” нь хөгжим байдаг. Тийм ч учраас нэвтрүүлгийн тайз засалд зориулан тавьсан гитарыг манай зочин шууд хайрцагнаас нь гаргаад тоглож эхэлсэн нь орчны уур амьсгалыг зөөллөж, харин ч бүр илүү амьд болгож өглөө. “Хурд”-ын рок дуунуудыг нэг танхимд, ганц гитартай, тэгээд уянгын хэмнэлд оруулан дуулахад бас л өөр сонсогддог юм билээ. Надад бол таалагдсан. Харин үзэгчдэд ямар мэдрэмж төрүүлэхийг мэдэхгүй юм. Түүнчлэн “Universe best songs”-ын хөтлөгч Рагу Монголоос явахдаа багагүй холион бантан хутгаснаас болж манай рок попын акулууд шинэ залуу үеийнхнээ нухчин дардаг гэсэн яриа нийгэмд хүчтэй гарч ирсэн тухай тэрбээр байр сууриа нэлээд хатуу илэрхийлнэ лээ. Ингээд бүтэн цаг орчмын нэвтрүүлгийн зураг авалт нэг л мэдэхэд дууссан байв. Одоо нэвтрүүлгийн хамгийн чухал үе. Энэ бол зураачийнхаа бүтээлийг харах...
Зочин маань зургаа хараад эхэндээ хэлэх үггүй, хэсэгтээ л шооконд орох нь тэр ээ. Бид ч үнэндээ эхлээд гайхахад хүрсэн юм. Гэтэл хэдхэн хормын дараа танхим дүүрэн бөөн инээд болов. Зураач цаасныхаа баруун тал руу нялсан будгаа хатаахын тулд зургаа босгоод тавьчихсан байсныг нь хараад бид тэгж будилсан аж. Хатсаных нь дараа эргүүлээд хартал нүд баясгах нэгэн сайхан бүтээлийн тиг бий болсон байв. Тэр хооронд хамгийн их “пайнагтсан” хүн нь Отгоо өөрөө байлаа. Учир нь тэрбээр “Би уран зураг гайгүй ойлгоно оо” гээд байсан юм л даа. “Хурд” хамтлагийн жанжин шугам, Д.Отгонбаяр гэдэг хүний дотоод ертөнц, зан араншин, үзэл бодол, гитарын хөг аялгуу гээд энэ бүхнийг нэг хавтгайд багтаах ёстой ч заавал тэгэх гэж хичээсэнг үй. О.Энхтайван зураачийн хэлснээр бол тэрхэн агшин дахь зочны маань уур амьсгал тэр хавтгайгаас хэдийнэ халиад гарчихсан гэнэ. Хөтлөгч маань зочин, үзэгч хоёр луугаа хандаж ярихын зэрэгцээ зураачийнхаа онгодыг хөглөж, тухайн хүний дотоод, гадаад мөн чанарыг бүхлээр нь илэрхийлсэн хамгийн сайхан хөрөг бүтээл туурвиулахын тулд тэр цаг хугацаа, орон зайд ихээхэн мэдрэмжтэй байх хэрэгтэй юм байна гэж бодогдов. М.Дорждэрэм тэгж чадсан учраас энэ бүтээл төрсөн биз.
М.ДОРЖДЭРЭМ: “BEST ART” ТӨСЛИЙНХӨН УРЛАГИЙГ БИЗНЕСТЭЙ ХОСЛУУЛСАН ЦОГЦ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛНА
-Танай нэвтрүүлэг бусдаас юугаараа өөр байх вэ?
-Продюсер хүний хувьд би аливаа юмыг олон талаас нь яаж хүмүүст хүргэх вэ, үүнийг хэрхэн өргөжүүлж хөгжүүлж болох вэ гэж боддог. Орчин үед байгаа юмыг байгаагаар нь харуулах бол урлаг биш болчихоод байна. Тиймээс “Best art” төслийн хүрээнд урлагийг бизнестэй хослуулсан бүхэн бүтэн цогц үйл ажиллагаа явуулна. Ганц нэвтрүүлэг хийгээд орхих бус, зочдынхоо хөрөг зургаар үзэсгэлэн гаргана, түүнийгээ хөдөө орон нутгаар аялуулж илүү олон хүнд хүргэх юм. Цаашлаад дэлхий дахинд энэ үзэсгэлэнгээ гаргаж, Монголын алдартнуудыг сурталчлахыг зорьж байна. Түүнчлэн алдартнуудынхаа тухай ном хэвлүүлж, DVD хийлгэнэ.
-Оролцогчдоо хэрхэн сонгох вэ. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орсон хүмүүсийг энд урих уу?
-Ер нь бол нэвтрүүлэг маань арт чиглэлийнх учраас дүрслэх урлагийн салбарын урчуудыг түлхүү олонд таниулах зорилготой. Жишээ нь, До.Болд гэж агуу хүнийг дэлхийн шилдэг 100 зураачийн нэг болчихоод байхад монголчууд тэр бүр мэдэхг үй. Дүрслэх урлагийн салбарын хэдхэн хүн л түүнийг мэддэг. Менежментийн ухаанаар ийм мундаг хүмүүсээ тодруулан гаргаж ирэх, үнэлүүлэх шаардлагатай байна. Тэгэхгүй бол энэ хүмүүс маань өөрсдөө хэтэрхий энгийн даруу учраас тээр хойно “Хөөх тэр чинь нээрээ ийм л авьяастай хүн байжээ” гэж амаа барихад хүрдэг. Тиймээс оролцогчдын нас хэд байх нь хамаагүй. Хамгийн гол нь энэ цаг үедээ хэрэгтэй, шинэлэг зүйл хийж байгаа хүн л байх юм. Анхны зочин маань Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам байсан. Яагаад гэвэл наадмын нээлтийн найруулагчаар ажилласных нь дараагаар энэ хүний тухай нийгэм даяар янз бүрийн яриа үүссэн. Тиймээс Со ахаас асуух зүйл хүмүүст маш их байсан юм билээ. Миний фэйсбүүк хуудсаар олон асуулт ирсэн. Наадмын нээлтийн тухай, улс төр, “Ард” кино театрын талаар хүртэл асуусан байсныг нь би хөтлөгчийн хувиар ярилцлагадаа хөндсөн. Бидний яриа халуухан, бас ширүүхэн өрнөсөн. Нэвтр үүлэг маань телевизүүдээр цацагдаж эхлэхээр үзэгчид харна биз дээ.
-Нэвтрүүлэг тань хэзээнээс үзэгчдэд хүрч эхлэх вэ. Бас ямар телевизүүдээр гаргахаа шийдсэн үү?
-Бид одоогоор үйлдвэрлэл явуулж байна. Эцсийн бүтээгдэх үүнээ бэлэн болгож, хэрэглэгчдэд хүргэх хараахан болоогүй. Монголын соёл урлагийн салбарт үлдэх юмтай, чанартай, даацтай бүтээл хийхийн тулд наана нь бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй. Ингэхийн тулд уран бүтээлч бидэнд санхүүгийн асуудал томоохон бэрхшээл болдог шүү дээ. Тиймээс энэ дашрамд, бидэнтэй хамтран ажиллаж, урлаг соёлыг менежменттэйгээр хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах байгууллага, аж ахуйн нэгж байвал манайд хандаасай гэж хүсэх байна. Телевизүүдтэйгээ эхнээс нь ярьж тохиролцож л байгаа.
-Дараагийн дугаарын тань зочин хэн байх вэ?
-Олны танил нэгэн эмэгтэйг нүцгэлнэ. Нэвтрүүлэг болгон заавал нэг хэвийн байх албагүй шүү дээ.
-Нууц биш бол хэн юм бэ?
-Хүнээ олчихсон байгаа. Гэхдээ одоохондоо нууц хэвээр байг. Ямартай ч залуу сайхан нас, гоо үзэсгэлэнгээ дэлгэцэнд мөнхлөхийг зөвшөөрсөн тэр бүсгүйд баярлалаа гэж хэлэх нь зөв байх.
Л.ГАНЧИМЭГ