Хайрын дуунуудаараа охидын зүрхийг булиглуулж, өсвөр үеийнхнийг байлдан дагуулж явсан “Мөнхийн реп”-ийнхэн “Дижитал”- ын тоглолтоор “Зөөлөн гуниг”, “Энэ хайр байж” дуугаа дуулсан нь үзэгчдэд гэнэтийн бэлэг байсан. Тэгвэл тэд эргэн нэгдэх нь. Энэ талаар тус хамтлагийн гишүүн Батух буюу Ц.Батжаргалаас тодрууллаа.
-Та нарыг шинэ дуу хийж байна гэж дууллаа. “Дижитал”-ын тоглолтоор дуулснаас хойш эргэн нэгдэхээр шийдсэн үү?
-Манай хамтлаг 2006 онд таван жилийн ойн тоглолтоо хийгээд уран бүтээлээ завсарласан. 2008 онд дахин нэг дуу хийсэн ч сонсогчдод цацаагүй юм. Гурван жилийн өмн өөс буцаж нийлнэ гэж ярьсаар өдий хүрчихлээ. Бид Бат-Оргилын “Мөнхийн ус” дууг өөрсдийн стильд оруулж шинэчлэн дууллаа. Клипээ дуусгаад энэ сарын сүүлчээр цацна.
-Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна вэ?
-“Мөнхийн реп” 2001 онд байгуулагдсан. Энэ оны арваннэгдүгээр сард, амжихгүй бол дараа жилийн хоёрдугаар сард бид хамтлагийнхаа 13 жилийн ойн тоглолтоо хийхээр төл өвлөж байна. Гаргасан гурван цомгийнхоо олны таашаалд нийцсэн дуунуудаа хүргэхээс гадна шинэ бүтээлүүдээ толилуулна.
-Тоглолт төлөвлөж дахин нийлсэн үү, эсвэл цаашдаа уран бүтээл хийх үү?
-Хийлгүй яах вэ. Ажил, амьдралынхаа хажуугаар амжуулна. Ойн тоглолтын үеэр анхны бүрэлдэхүүнээрээ дуулж, цаашид Мийгаа, Лхагва бид гурав үргэлжлүүлэн дуулна.
-Танайхан энэ хугацаанд юу хийж байв?
-Манай анхны гишүүн Үйлстөгөлдөр “Seven” телевизийн захирал бол Батнаа БНСУ-д, Од Америкт сурдаг. Би долоон жилийн өмн өөс хувиараа бизнес эрхэлж, Мийгаа нэгэн студид продюсер болсон. Харин Лхагва уран бүтээлээ хийж байгаа.
-Одоо урьдынх шиг хайрын дуу хийх болов уу, эсвэл хэв маягаа өөрчлөх үү?
-Өөрсдийнхөө хэв маягийг алдахгүйгээр цаг үетэйгээ хөл нийлүүлэн, шинэлэг санаа, дуугаралттай дуунууд хүргэнэ.
Б.ДӨЛГӨӨН