Дорно оо, одоо л чиний шидэт оршихуйн цаг
Дотоод нууцын догшдоо сэрээх цаг
Уулсыг өвөр дээрээ залаад аргадах цаг
Ус мөрнийг алган дээрээ тавиад бүүвэйлж өгөх цаг
Хүмүүнд гурав дахь мэлмийг нь нээж өгөх цаг
Хөөрхий Буддад эрднийн тахил өргөх цаг...
Дорныг нууц амрагаараа “сонгож”, уянгат харц, уруулын амтнаас нь хэзээ ч үл уйдагч нэгэн найрагч буй гэхээр манайхан хэдийнэ гадарлаж байгаа биз. Өөрийнх нь шүлэглэсэнчлэн тэр Буддагаар дэргэдийнхээ лаа болгон дотроосоо гэрэлтэж, дорнын бурхдаар сэтгэлийнхээ гуу болгон амар амгалан оршдог билээ. Тийм ээ, тэр бол Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж.
“Болор цом”-ын эзэн тэрбээр “Дотоод сансар” хэмээх шүлэг, найраглалын шинэ номоо өлгийдөн авчээ. Ц.Бавуудорж найрагч урьд нь “Монголын их амар амгалан”, ”Дорно зүгт өвс болно” шүлгийн түүвэр болон “Хүннү туульс”, “Хулан хатан” найраглалын номуудаа хэвлүүлсэн юм.