Амьдралдаа сэтгэл хангалуун байх нь бидний сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй идэвхжүүлж, зорьсон зорилгодоо хүрэн аз жаргалтай амьдрахад ихээхэн тус дэм болдог. Тэгвэл хүн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь өөрийгөө юу гэж харж, дүгнэж байгаагаас ихээхэн шалтгаална. Итгэл найдвар болон өөдрөг үзэл гэх эерэг сэтгэл хөдлөл танд амьдралыг хангалуун, дүүрэн байна гэж харж, ирээдүйдээ итгэлтэй байж чадна хэмээн сэтгэл судлаачид үздэг. Харин эсрэгээрээ итгэл найдвараа алдсан, сэтгэл гутрал, стресс зэрэгт бүрэн автсан гутранги хүн сэтгэл зүйн өвчлөлд илүү өртөмтгий болдог. Аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун байх тусам хүн сөрөг, саар зүйлд анхаарал хандуулах нь бага байдаг гэдгийг судлаачид мөн л тогтоосон байдаг.
Ер нь хүний аливаад хандах хандлагаас өөртөө болон амьдралдаа сэтгэл ханамжтай байх эсэх нь хамааардаг аж. Таныг хичнээн сайхан зүйлс хүрээлж байлаа ч түүнийг сайхан, үнэ цэнэтэй гэдгийг ухамсарлаж чадахгүй бол утга учир нь алдагдчихдаг. Тиймээс хүн жаргалтай, жаргалгүй, сэтгэл хангалуун эсвэл хангалуун бус байх нь өөрөөс нь ихээхэн шалтгаалдаг. Өөдрөг, өөрт итгэлтэй байхаас гадна нээлттэй, хүлээцтэй, аливаа шинэ зүйлийг хүлээж авах чадвартай, сэтгэл санаагаа удирдаж чаддаг байх юм бол аливаад дасан зохицох, асуудлыг даван туулах, шийдвэрлэх болон амьдралаа удирдаж авч явахад илүү хялбар байж болно шүү. Танд ямар нэгэн асуудал тулгарчээ гэж бодоход түүнийг хүлээн зөвшөөрч, даван гарах чадвар өөрт тань бий гэдэгт итгэх хэрэгтэй болов уу. Асуудлыг өөдрөгөөр, бодитоор харж шийдвэрлэхийг эрмэлзээрэй. Харин асуудлаас зугатаж, хэн нэгнэд бурууг тохсоноор эерэг үр дүнд хүрэхгүй нь тодорхой шүү дээ.
Хүн бүрийн л амьдрал жаргал зовлон, эрээн бараанаар дүүрэн байдаг. Үлгэрт гардаг шиг амьдрал гэж хаана ч байхгүйг санах хэрэгтэй. Бид араатнаас оюун ухаанаараа ялгардаг гэлцдэг. Тиймээс хүн гэж нэрлэгдэж байгаагийн учир аливаад дасан зохицох чадвартай тул өөдрөг байдал, итгэл дүүрэн сэтгэлээр ухамсартайгаар урагш алхах нь чухал билээ. Энэ гараг ертөнц дээр амьдарч байгаа хүн бүрт өөрт нь хэн ч хайргүй, хэнд ч хэрэгцээгүй мэт санагдах өдөр тохиолддог. Яагаад гэвэл бид сэтгэл гэдэг хийсвэр эрхтэнтэй учраас тэр. Харин энэ мэдрэмж төрж эхлэх үед л өөртөө итгэхээс гадна гэр бүл, найз нөхдөөсөө гээд өөрт тусладаг хүмүүсээс асуудлаа шийдэх, даван туулахад тус болох эрч хүчийг олж авдаг байх нь сэтгэл зүйн хувьд эрүүл абайхад маш их тустай. Тиймдээ ч тэдэндээ цаг гаргахаас татгалзахгүй, өөрөө ч гэсэн тэдэнд тус болж байгаа үнэ цэнэтэй хүн гэдгээ үргэлж мэдэрч байх хэрэгтэй.
Өөрт байгаа бүхэнд сэтгэл хангалуун байх юм бол амьдрал тийм ч ярвигтай биш гэдгийг ойлгох нь хамгийн чухал. Гэр бүлийхэндээ, найзууддаа таныг аз жаргалтай болгож байдаг зүйлсээс эрч хүчийг авахаас гадна тэдэндээ сайхан хандаж чадвал амьдрал илүү зөөлөн, эерэг санагдах болно. Бидэнд хайр, халамж, урмын үг, баяр хөөр гээд зүгээр л эерэг мэдрэмж хэрэгтэй байдгийг мартаж боломгүй билээ Мөн өөрийн хүрээлэн буй хүмүүсээ өөдрөг сэтгэлтэй, ухаалаг нэгнээс сонгох нь зүйтэй. Зүгээр гэрийн мухар сахих биш гараад бусдын дундаас өөрийгөө олж нээснээр аз жаргал, сэтгэл ханамж, баяр баясал, бахархлыг мэдрэх болно.
Амьдрал тань хэрхэх нь зөвхөн таны бодож байгаа бодол, хийж буй үйлдлээс шалтгаална.
Г. Оюунтогтох