Дунд сургуульд сурч байхдаа “А”-гаар эхэлсэн нэртэй хүүхдүүдийг харахаар хааяа өрөвддөг байж билээ. Шалгалт болоход хамгийн түрүүнд асуугдаж, даалгавраа бусдаас түрүүлж шалгуулна. Гэхдээ тэднийг энэ хэвшил нь илүү дайчин болгодог байж ч мэдэх юм. Тэр дундаа Анхбаяр гэдэг нэртэй хүмүүсийн олонх нь айлын том хүүхэд байдаг учраас илүү үүрэг хариуцлага хүлээдэг. Мэдээж эрх, танхи Анхбаярууд ч байхыг үгүйсгэхгүй. Энэ удаа “Нэр нэгтийн чих нэг” буландаа Дамдингийн Анхбаяр, Ганболдын Анхбаяр, Энхболдын Анхбаяр нарыг уншигчидтай “уулзуулж” байна.
Сонгодог урлаг, спорт, кино урлагийн салбарт яг энэ цаг үед амжилт гаргаж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хичээж яваа эдгээр залуус ижилхэн 10 асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
1. Найз нөхөд, гэр бүлийнхэн чинь хэн гэж дотночлон дууддаг вэ. Бас өдий хүртэл ямар ямар хочтой байсан бэ?
2. Өөртэйгөө ижил нэртэй хэр олон хүнийг мэдэх вэ. Дунд, дээд сургуульд өөр Анхбаяртай нэг ангид байсан уу?
3. Өнөөдрийг хүртэл гаргасан хамгийн том амжилт тань юу вэ?
4. Та хэдэн настай байхаасаа амьдралд баримтлах зарчмаа тодорхой болгосон бэ?
5. Та муу санаатай юу?
6. Таны хамгийн их айдаг зүйл юу вэ?
7. Хамгийн сүүлд ямар зүйл хараад (үзээд, бодоод) чин сэтгэлээсээ инээсэн бэ?
8. Сэтгэл тавгүй байх үедээ та юу хийхийг хүсдэг вэ?
9. Анхбаярууд ихэвчлэн айлын том хүүхэд байдаг. Айлын том байхын сайхан бас муухай нь юу вэ?
10. Анхбаярыг одоо ямар ирээдүй хүлээж байгаа бол. 10 жилийн дараах өөрийнхөө тухай төсөөлдөг үү?
Г.АНХБАЯР: ЮУНД Ч ҮЛ ХАРАМСАНА
Есдүгээр сарын 19-нд “Давхар цохилт” уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгох гэж буй жүжигчин Г.Анхбаяр нэлээд хөгжилтэй залуу. Нэвтр үүлэгчээр ажиллаж байхдаа ч хүмүүсээс онцгой, содон зүйлс асууж, балмагдуулж чаддаг байсан. Харин сүүлийн үед тэрбээр кино урлагт илүү “үнэнч” байгаа. “Эмоци” продакшнд жүжиглэж, кино найруулж, тоглоод л, авьяасаа нээн илрүүлсээр л яваа нэгэн.
• Анхаа л гэж дууддаг. Бага байхдаа булбарай Анхаа, том болоод барзгар Анхаа болсон доо. Буцаад булбарай болно оо. Хүмүүс намайг юу гэж хочилдгийг мэдэхг үй ээ. Надад л лав ямар нэгэн хоч сонсогдож байгаагүй.
• Олон Анхааг мэднэ ээ. “Люмино” хамтлагийн Анхбаатар, “Гурван охин”- ны Анхмаа, кино жүжигчин Анхням гээд урлагийнхан дунд Анхаа нэртэй хүмүүс их байна аа. Ангидаа дандаа ганцаараа л байсан. “А” үсэгний эхэнд гарч шалгалтын туршилтад ордог “эвгүй” нэр л дээ.
• Паа. За энэ асуултад тэр л зүйл миний амжилт гэж хариулж байгаа хүн байвал нэг бол настай, үгүй бол тэнэг хүн байх. Эсвэл бүр гайхалтай амжилттай хүн юм болов уу. Би бол хүсэл мөрөөдөл рүүгээ “чөөчиг, мөөчиг” гээд л тэмүүлж байгаа хүн. “Өнөөдрийн өндөрлөг дээрээс харахад...” гэж ярьдаг хүмүүс өөр байх аа.
• Амьдрал хэзээ ч нэгэн хэвийн байдагг үй. Байнга өөрчлөгддөг болохоор хүн ч бас хувьсан өөрчлөгдөж, хөгждөг. Яг тогтсон үзэл бодол, хандлага бол гэр бүлийн хүмүүжил л байх. Би эмээгийндээ өссөн. Эмээ минь намайг “Хэзээ том болно доо” л гэдэг байсан. Тэгэхээр өөрийнхөө хандлагыг олоогүй яваа байж магадгүй л юм.
• Надад сайн санаа ч байгаа.
• Хүн мэдэхгүй зүйлээсээ л айдаг.
• “Давхар цохилт” инээдмийн уран сайхны кино хийж байгаа. Киноныхоо монтажийг хийж байхдаа л их инээсэн юм байна.
• Сэтгэл санаа тогтворгүй байхдаа хүн тийшээ очоод тийм юм хийнэ дээ гэсэн тогтсон зүйл байдаггүй байх аа. Гадагшаа явахаар миний сэтгэл санаа илүү өөр болдог. Орчноо сольж, аялах дуртай.
• Анхныхаа хүүхдийг төрөхөөр нь баярлаад л энэ нэрийг өгчихсөн гэж хүмүүс боддог байх. Гэхдээ үгүй. Манай ээж надад монгол хэлний анх цаг (өнгөрсөн), энх цаг (одоо), мөнх цагийн (ирээдүй) “анх”-ыг аваад баяр гэдэг үг холбоод өнгөрсөн мөр нь үргэлж баяр жаргалтай байг, эргээд харахад харамсах зүйлгүй амьдраг гэсэн утгаар энэ нэрийг өгсөн. Би айлын том хүүхэд биш. Ах, эгчтэй. Анхбаяр гэдэг нэрний тайлал нь “Юунд ч үл харамсана” гэсэн утгатай.
• Ирээдүй үргэлж л таавар байдаг. “Өнөөд өр би юу тарина маргааш түүнийгээ хурааж авна” гэдэг дээ. Үүнд би итгэдэг болохоор өнөөдөр маргаашийнхаа сайхныг бүтээх гэж яваа. Өнөөдөр л хичээх хэрэгтэй. Маргааш байхгүй ч байж болно. Ирээдүйгээ сайхнаар төсөөлөх дуртай хүмүүс өнөөдөр аль болох олон сайн сайхныг бүтээгээсэй.
Д.АНХБАЯР: ТӨРИЙН АЖЛАА Л САЙН ХИЙНЭ ДЭЭ
Москвагийн олимпоос жүдо бөхийн төрлөөр Монголын анхны мөнгөн медалийг хүртэж байсан гавьяат тамирчин Ц.Дамдингийн хүү Д.Анхбаяр саяхан Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн. Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны даргаар ажилладаг тэрбээр багаасаа л үндэсний бөх болон жүдо бөхөөр барилдаж өссөн юм билээ. Аймгийн начин цолтой Д.Анхбаяр хэдэн жилийн өмнөөс пауэрлифтингийн спортыг сонирхон хичээллэж, энэ жил Дэлхийн цом болон ДАШТ-ээс медаль хүртэж, эх орныхоо нэрийг гаргасан юм.
• Намайг Анхаа л гэж дууддаг. Тарган болохоор “бүдүүнээ” ч гэдэг юм, тоодоггүй ш дээ. Одоо 125 кг жинтэй.
• Дунд болон дээд сургуульд байхад Анхбаяр нэртэй хүүхдүүд байсан. Түгээмэл нэр юм уу, эсвэл миний үеийнхний дунд “моод” болсон нэр юм болов уу.
• Дэлхийн аварга болсон нь спортын хамгийн том амжилт юм уу даа.
• Чиг хандлага гэдэг зүйл төрөхөөс л бий болсон байлгүй дээ. Спортын гэр бүлд төрж, энэ замналаар явж, гэр бүлийнхээ хүмүүжлээр тамирчин болоод явж байгаа хүн дээ. Манай дүү Сүлдбаяр ч бас барилддаг байсан.
• Тодорхой хэмжээнд муу санаатай байлгүй яах вэ.
• Хүний итгэл алдахаас их айдаг. Хүн итгэж найдсан хүндээ амархан, туньж гомддог юм болов уу. Тэгэхээр тэр итгэлийг алдахгүй юмсан гэж боддог.
• Миний хүү Сүбэдэй одоо хоёр настай. Хүүхдийн хуурмаггүй, гэнэн цайлган инээдийг харахаар сэтгэл сэргэж чин сэтгэлээсээ баярладаг. Би гурван хүүхэдтэй. Миний ханийг Байгалмаа гэдэг. Бага хүү маань долоон сартай.
• Настай хүмүүстэй хамт амьдарч өссөн болоод ч тэр үү, би сүсэг бишрэлтэй. Юунд, яагаад сүсэглэж байгаагаа мэдэхгй мухар сүсэглэж болохгүй учраас буддын гүн ухааны тухай сонирхон, судалдаг. Хатанбаатар багшийн “Их хөлгөний бясалгал”-д сууж байсан. Сэтгэл санаа тавгүй үед бясалгал хийж, өөрийнхөө сэтгэлийг чөлөөлөхийг хичээдэг.
• Хариуцлагатай шүү дээ. Хоёр, хоёр насны зөрүүтэй дүүгээ харна. Аав, ээж нар завгүй ажилтай учраас дүү нараа асрах ажил надад ногддог. Гэхдээ дүү нараа айхтар загнаж, бүх зүйлд нь оролцдог, дэг журамд оруулчихсан зарчимч хүн биш ээ. Хамтдаа ярилцаж, хэлэлцээд л явдаг.
• Их л зүйл бодож мөрөөдөх юм. Том зүйл мөрөөдөж түүнийхээ талд хүрнэ гэдэг дээ. Улсын ажил хийж байгаа учраас бэлтгэл хийгээд яваад байж болохгүй. Спортын формоо бас барих хэрэгтэй. Цаашдаа Төрийн ажлаа илүү сайн хийх болно оо.
Э.АНХБАЯР: ХОРВООГИЙН ЖАМ Ч, ХАГАЦЛААС ХАМГИЙН ИХ АЙДАГ
Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч Э.Анхбаяр сүүлийн жилүүдэд одтой байгаа. Хамгийн сүүлд Францын Тулуз хотноо болсон наадамд оролцож шилдэг 12-т багтсан. Энэ ярилцлагыг уншиж байх үед түүний оролцож буй “Торгоны зам” олон улсын дуурийн дуулаачдын тэмцээн Казахстаны Астанад эхэлж байгаа. Энэ жил хэд хэдэн уралдаанд авьяасаа сорихоор бэлтгэлээ базаагаад байгаа түүний дараагийн амжилтын мэдээг л хүлээж сууя даа.
• Намайг бага байхаас л Анхаа гэж дууддаг байсан. Ийм нэртэй хүмүүсийн олонх нь ингэж дуудуулдаг байх. Харин хочлуулж үзээгүй ээ.
• Бага ангид М.Анхбаяр гэдэг хүүхэд манай ангид байсан. Их сургуульд ижил нэртэнтэйгээ хамт сурч байсангүй.
• Нас залуу байгаа болохоор амжилтаа дүгнэхэд эрт байна. Хийж, бүтээхийн тулд хичээж л явна.
• Хүн төрснөөсөө хойш суралцсаар байгаад л хорвоогоос явдаг байх. Одоо амьдралд хандах хандлага, орчлонг үзэх үзэл маань бүрэн тогтоогүй байгаа болов уу.
• Хүнд их муу санадаггүй. Муу санаа янз бүр шүү дээ. Жолоо барихаараа муу санаатай болдог юм байна шүү (инээв). Тэгэхгүй бол замаар янз бүрийн санаа бодолтой олон хүн яваа учраас “санаатай” байхгүй бол болохгүй.
• Ээж, аав, өвөө маань надаас явах тэр өдөртэй нүүр тулахаас айдаг. Орчлонгийн жам ч гэлээ, ийм хагацлаас л хамгийн их айгаад байдаг. Өөр зүйлээс бараг л айж үзээгүй ээ. Сүнс, чөтгөр гэдгээс бол бүр ч айхгүй.
• Ажил дээрээ хамт олонтойгоо байхдаа үнэн сэтгэлээсээ, элгээ хөшиж, хоолойгоо сөөтөл инээлддэг. Өдөр бүр л тийм байдаг даа. Ялангуяа гавьяат жүжигчин Э.Амартүвшинтэй хамт байхаар бүр их инээдэг.
• Хөдөө хээр, ууланд, гар утасны сүлжээ барихгүй газарт найзуудтайгаа очоод эр хүний ёсоор ан гөрөөнд явмаар санагддаг. Хааяа ч бүхнийг орхиод хөдөө явчихмаар болдог шүү.
• Онцлоод байхаар сайхан, муухай зүйл байгаагүй ээ. Дүүтэйгээ хамт гэрээ цэвэрлэж, цугтаа тоглож, загнуулж өссөн болохоор ялгаа байхгүй ээ.
• Ирээдүйгээ зөгнөж, хардаг бол хэлж өгмөөр л байна. Ирээдүйн зорилт, зорилгоо хэлэх нь илүү оновчтой болов уу. Сонгодог урлагт хүчээ өгөн, зүтгэж байгаа болохоор дэлхийн алдартай театруудад очиж дүр бүтээж, дуурийн урлагийг Монголд хөгжин дэвжихэд өөрийнхөө чадах хувь нэмрийг оруулахыг зорьж явна даа.
Ж.СОЛОНГО