“Барьсан байшингийн өндөр, техникийн дэвшлээр улсын хөгжлийг хэмждэгт миний инээд хүрдэг” хэмээн Төрийн шагналт, зохиолч Б.Лхагвасүрэн ярилцлагадаа хэлсэн удаатай. Гаднынхан мөнгөөр зодож, Монголын түүхийг гуйвуулсан кино хийж, шуналтнууд эх орныхоо эд өлгийн зүйлсийг хулгайгаар хил давуулаад буй цөвүүн цагт бидний түүхийг юу гэрчилж үлдэх вэ? Уг нь гаднын хөгжилтэй улсуудын жишгээр бол цэнгээний газар, тансаг зочид буудлаас илүүтэй түүх өгүүлэх барилга байгууламж, хөшөө дурсгал, музей нь жуулчдыг соронзоддог гэдэг. Тэгтэл манайх эсрэгээрээ, түүхээ шоовдорлож, явган хүн гарах гарцгүй болтол тэнгэр баганадсан байшин шамбааралдуулж, машин замаа тэлсээр... Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан өнгөрсөн хоёр сарын хугацаанд Улаанбаатарын нутаг дэвсгэрт байрлах түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтад шалгалт хийжээ. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд түүхэн дурсгалуудаа өнчрүүлснээс болж, шинэ барилга, замын ажил эхлүүлэхээр түүнийг нураан, нүүлгэн шилжүүлэх зэргээр устан үгүй болох эрсдэл бий болоод байгаа гэнэ. Цагтаа хүрээний хамгийн өндөр байшин гэгддэг байсан “Гоожингийн өндөр”-т Манлай ван Дамдинсүрэн, чин ван, Ханддорж, Хатанбаатар Магсаржав, наймдугаар богд Жавзандамба нарыг хорьж байсан түүх бий.
Монгол Улсын Ерөнхий сайд, сайн ноён хан Намнансүрэнгийн 1913 онд бариулсан энэ байшинг Сангийн яам, Оросын цэргийн сургагч нарын байр, Д.Сүхбаатарын контор, Ю.Цэдэнбалын гэр гээд олон төрлийн зориулалтаар ашиглаж байсан. Баянзүрх дүүргийн зургадугаар хороо, 21 дүгээр сургуулийн зүүн талд нийтийн эзэмшлийн талбайд байрладаг уг байшин өдгөө иргэн Мөнх-Эрдэнийн эзэмшилд байдаг ч сэргээн засварлаагүйн улмаас барилга сүйдэн, гоо зүйн шаардлага хангахгүй болж, дотор, гадна нь хур хог цуглажээ. Хотын “А” зэрэглэлд байрлах энэ барилгын газарт шунагчид өнгөрсөн долдугаар сард галдахыг оролдсон гэсэн мэдээ ч бий. Мэргэжлийн хяналтынхны шалгалтаар давхардсан тоогоор 43 зөрчил илрүүлж, 15-ыг газар дээр нь арилгуулж, үлдсэн алдааг үгүй болгохоор 28 заалт бүхий улсын байцаагчийн хоёр албан шаардлага хүргүүлжээ. Мөн түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл, хадгалалт, хамгаалалтын шалгалтад муу дүн авсан, Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүргийн ЗДТГ-ын үүрэг хүлээсэн албан тушаалтанд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 60.1.1 дэх заалтын дагуу 100 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Дүүргүүдийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байр тогтворгүй байдгаас, барилга, архитектурын дурсгал эзэмшиж буй иргэд хууль эрх зүйн болон соёлын дурсгалуудын үнэ цэнийн талаарх ойлголт муутай, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн улмаас тэд эзэнгүйрч, гадны нөлөөтэйгөөр эвдэрч үгүй болох эрсдэлд ороод байгаа юм байна. ССАЖЯ-ны соёлын дурсгалуудыг сэргээн засварлаж, хамгаалах төсөв гарган, асуудлыг шийдвэрлэх, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан аж ахуй нэгж байгууллагад “Дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-д үндэслэн хамгаалах үүрэг бүхий байгууллагуудад журам боловсруулан мөрдүүлж алдааг цаг тухайд засан сайжруулах, “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалтыг хангах” Нийслэлийн Засаг даргын 2004 оны дөрөвдүгээр захирамжаар баталсан гэрээг шинэчлэн Соёлын өвийн тухай хуульд нийцүүлэх зэрэг арга хэмжээ авах саналыг Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан гаргажээ. Улаанбаатарын нутаг дэвсгэрт 153 түүх соёлын үл хөдлөх дурсгал байдгаас улсын хамгаалалтад ес, нийслэлийнхэд 10, дүүрэг орон нутгийн хамгаалалтад 134 багтдаг аж. Үүнд, хадны зураг, бичгийн дурсгал хоёр, хиргисүүр, тахилгын байгууламж гурав, архитектурын дурсгал 15, хөшөө 133 байна.
Б.ДӨЛГӨӨН