Польшийн Гдынья хотод энэ сарын 11-13-нд “Үзэн ядалтад өртөвч, үл бууж өгөх, шантаршгүй хүмүүс” хэмээх коммунизмын эсрэг тэмцлийн тухай Баримтат киноны олон улсын зургадугаар наадам зохион байгуулагджээ. Энэ үеэр тус улсын иргэн Г.Пацек, А.Голенбевски нарын 1999 онд хийсэн “Монголын ул мөр” нэртэй киног үзүүлсэн байна. Уг киног Монголын ардчиллын төлөөх тэмцлийн үйл явцад Польшийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтнүүд туслахаар очих үед авсан баримтууд дээр үндэслэн бүтээжээ.
Энэхүү арга хэмжээнд Монголоос тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар урилгаар оролцсон бөгөөд киноны дараа тэндхийн хэвлэл мэдээллийнхэн түүнээс ярилцлага авсан аж. Баримтат киноны олон улсын наадамд манайхаас гадна Франц, Унгар, Чех, Болгар, Беларусь, Литва, АНУ зэрэг бусад орны тусгай зочид ч мөн уригдан оролцжээ.