Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшингийн “МОНГОЛЫН БОЛОВСРОЛ, ИРГЭНШИЛ СУДЛАЛ” номын нээлт өнөөдөр Интерном их дэлгүүрт болно.
Номын нээлтэд монголын шинжлэх ухааны салбарын үе үеийн нэрт эрдэмтэд, судлаачид оролцох бөгөөд бүтээлийн талаарх санал бодлоо солилцох юм.
“Монголын боловсрол, иргэншил судлал” ном нь гурван хэсэг, арван нэгэн бүлгээс бүрдэх бөгөөд монголын боловсролын судалгаа, нүүдэл иргэншил судлалын асуудлыг “боловсрол судлалын зарим асуудал”, “боловсролын түүх, шинэчлэл”, “нүүдэлчдийн төр ёс, мэдлэг, уламжлал”, “нүүдэлчид ба харьцуулсан судлал”, “иргэншил судлал, хөгжил”, “шинжлэх ухаан, технологи” зэрэг сэдвийн хүрээнд өгүүлсэн аж
Академич Б.Энхтүвшин сүүлийн жилүүдэд нүүдлийн нийгэм иргэншил судлалын талаар бичиж туурвисан бүтээлүүдээ тус номонд багцлан оруулсан байна. Тэдгээрийг соёл иргэншлийн хөгжилд нүүдэлчдийн оруулсан хувь нэмрийг төр ёсны уламжлал, нүүдэлчдийн уламжлалт мэдлэг, технологийн судалгаа, төв азийн соёл иргэншлийн хөгжил, нүүдлийн нийгэм зэрэг өгүүлэл, илтгэлээрээ тодотгон харуулсан байна.
Мөн нүүдэлчид, бэлчээрийн ашиглалт, тал нутгийн соёлын хөгжилд тэдгээрийн гүйцэтгэсэн үүрэг зэрэг моэгол ахуйн судалгаа хийж дүгнэсэн ба соёл иргэншлийн харьцуулсан судалгаа, хил залгаа бүс нутгийн нүүдэлчдийн судалгаа, монголын нүүдэл соёлын аюулгүй байдал, чиг хандлагын талаар зохиогчийн удирдлаган дор зохион байгуулагдсан олон улсын экспедицийн судалгааны үр дүн, баримтад дүгнэлт зөвлөмжийг боловсруулсанаараа онцлог юм.
М.Болорцэцэг