Монголын уран зургийн “амьд түүх” болсон ардын зураач Б.Чогсом гуайг “Хоймор” буландаа урилаа. Бүтээлүүдийг нь сурах бичиг, галерейгаас л харж байсан алдарт зураачтай уулзана гэдэг зүүд мэт... 85 нас хүрсэн гэхэд хөнгөн шингэн тэрбээр Шадавлин дахь зусландаа зургаа зурсаар угтав. “За хө, та нар шууд л диктофоноо зүүчихээд, яараад байна гэдэг шүү. Яарвал даарна, асуултаас өмнө өөрийгөө танилцуулъя” хэмээн хашир хандсан түүнтэй таван цаг ярилцчихаж. Гэсэн ч залуус дүү нартаа захих, хэлж ярих үг нь дуусаагүй. 1944 онд анхныхаа үзэсгэлэнд оролцсон, Монгол, Францын ардын зураач тэрбээр амьдралынхаа турш 4000 гаруй зураг зуржээ. Ийм урт насалж, тийм том түүх бүтээлцсэн гавьяатанд тавхан цаг багадах нь аргагүй юм.
-Намрын тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Өвлийн улирал цайвар, саарал нэг л зэвхий байдаг бол хавар их уйтгартай. Зун хэдийгээр байгаль дэлхийн үзэсгэлэн бүрдэж, сэтгэл хөдөлгөх юм ихтэй ч бидэнд зураад байх юм олддоггүй, цэлийсэн ногоон болчихдог. Харин намар ногоон, шар, хөх гээд л байгалийн олон өнгө хосолдог. МУИС, МУБИС, СУИС, Дүрслэх урлагийн дунд сургууль, “Монголжингоо” зэрэг олон сургуульд багшилсан болохоор намар оюутнуудтайгаа хөд өө дадлагаар явдаг байсан нь санаанд орж байна. Зургийн ангийн оюутнуудыг зураг зурахад сургаж байсны хувьд дадлагаар явахад оюутан бүрийн талаар ямар нэг сэтгэгдэлтэй болоод буцдаг байлаа. МУИС-д ажиллаж байхдаа 1970- аад оны дундуур захирлын даалгавраар нэг багштай хамт архитектур, хууль, хэлбичгийн ангийн оюутнуудыг аваад төмс хураалтад явсан. Бид нэг ширхэг ч төмс хаяхгүй гэсэн зорилготой ажиллаж, түүндээ ч хүрч байлаа. Тэр гурван ангийг хариуцах нэг оюутан сонгож байсан нь сүүлд Улсын Их Хурлын дарга болсон Лүндээжанцан. Манай оюутан тийм мундаг болчихсоныг хараад бахархдаг юм. Тэр намрын ургац хураалтын тухай 1982 онд “Оюутан залуус их ургац дээр” бүтээлээ хийсэн нь одоо Германд байгаа. Дотор нь Лүндээ дүрслэгдсэн. Дахин хуулбарласан зургаа харахаар тэр үеийн оюутнуудын амьдрал харагдах шиг болдог. Бас нэгэн сонирхолтой түүх дурсахад, тэр төмс хураалтаас арай эрт үед идэшний ногоо тариалах ажил улс орон даяар зохион байгуулсан. Улаанбаатар хотын ойр орчимд тарьсан ногоог хураан авчирсан ч хийх газаргүй учир нэг, хоёрдугаар 40 мянгатын орон сууцны хонгилд хүн орох зайгүй болтол бүгдийг чихсэн. Монголын баялаг нутаг тийм сайхан ургац өгөхөд бид туршлагагүйтэж бүгдийг нь ялзруулж байлаа.
-Хүүхэд бүрийн талаар сэтгэгдэл төрдөг гэснээс оюутнаа ирээдүйд ямар хүн болохыг багш нар хэр мэддэг бол?
-Мэргэжилдээ ямар байх нь мэдэгдэхгүй ч хүн нь хэр болох нь танигддаг. Зарим нь даалгавраа биелүүлж, аливааг нямбай хийж байхад нөгөө хэсэг нь тасална, хоцорно, мартчихаж гээд толгойгоо маажна. Хэдийгээр хичээлдээ сайн биш ч, тэдний дундаас сайн хүн төрөх нь бий. Ерөнхийдөө ийм тийм гэх сэтгэгдэл багш бүрт байдаг. Хичээлдээ сайн хүүхдүүдэд баярладаг ч таарууханд нь гомдох зэргээр олон янзын сэтгэгдэл төрдөг. Гэхдээ багш гэдэг хүүхдийг энэрэх л ёстой. -Шавь нараасаа энэ овоо зураач гээд тоодог хүн хэн бэ? -Олонх шавиа мартчихаж. Энд, тэнд хааяахан тааралдвал ангийн даргынх нь нэрээр баримжаа авахгүй бол танихгүй. Хүний л амьдрал хойно олон хүн мэргэжлээ сольдог, өөд болчихдог, ерөөсөө тааралддаггүй. Байнга уулздаг шавь гарын таван хуруунд багтахаар цөөх өн. Магтмаар хүн олон учир алийг нь гэж хэлэх вэ.
-Социализмын үед ийм тийм сайхан байж гээд л эмээ өвөө нар хуучилдаг. Та тэр үе болоод өнөөгийн нийгмийн талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?
-1939-1990 он хүртэл улс орон даяар өглөөний сонин уншлага болж, оройн лекц хийн, эвлэл, намын дугуйлан хичээллүүлж олон үйл ажиллагаа явуулдаг байсан нь сургууль цөөнтэй, боловсролын байгууллага хомс манайх шиг улсад их зөв үйл байсан. 1990 оноос хойш бүх төрлийн дугуйлан алга боллоо. Бид хуучин нийгмээс шинэ рүү шилжихдээ өмнөх үеийн сайн зүйлсийг хаячихсандаа их том алдсан. Уран зурагтай холбож ярихад социализмын үед И.Е.Репин, В.И.Суриковын нэрэмжит академи зэрэг гаднын олон их, дээд сургуульд оюутнуудаа сургадаг байлаа. Монголын урчуудын эвлэлийн хорооныхон төгсөөд ирсэн боловсон хүчнүүдээ Зураг урлалын газар, Монументал чимэглэлийн үйлдвэр, Гар урлалын үйлдвэр, аймаг бүрийн урчуудын эвлэлийн салбарт хуваарилдаг байсан. Тэр үед дээрх үйлдвэрүүдийн ачаар хөрөнгөжиж, урлагаа хөгжүүлэх бололцоотой байсан. Гадаадад төгсөж ирсэн тухайн үеийн оюутнууд соёл, урлаг, улс төр, эдийн засаг гээд олон салбарын мэдлэгийг ард түмэнд сурталчлах том үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ нэг юман дээр алдсан. Их мөнгө зарлагадаж оюутнуудыг сургасан ч тэднээс авах ёстойгоо аваагүй. Өөр өөр хэлбэл, гаднын сургуульд тэр сайхан мэргэжил эзэмшсэн зураачид мэргэжлээрээ ажиллааг үй 40, 50 жил үйлдвэрийн төлөвлөгөө биел үүлэн талхилагдчихаар сүүлдээ бүтээлээ хаяад цалингийн төлөө амьдарсан. Зав чөлөөг өөрөө уран бүтээлээ хийдэг байсан ч яаруу сандруу л урлана, би ч тэгж явлаа. Тэгвэл орчин үед юугаараа сайхан болчихсон бэ гэж асууж магадг үй. Өнөөдөр түүнээс ч хэцүү байна. Хэчнээн сайхан сургууль төгсөж ирээд хийе, бүтээе гэхээр зургийн материал үнэтэй, урлан хэрэгтэй, зураачийн орлогоор өнөөгийн нийгэмд гэр бүлээ тэжээх хэцүү, хүндрэл ихтэй. Тэгэхээр аль ч нийгэмд уран бүтээл хийнэ гэдэг зовлонтой гэдгийг хэлэх гээд байна.
-Урлагийн гавьяат зүтгэлтэн, ардын зураач гээд л цол, гавьяа шагналаас нь хамаарч алдартай, мундаг гэж зураачдыг хүмүүс дүгнээд байдаг. Таны бодлоор ямар зураачийг сайн уран бүтээлч гэх вэ?
-Хэн нэгний бүтээлийг нэг хүн биш, нийгэм л үнэлж цэгнэдэг юм. Тунгаагаад байх нь ээ, зураг зурна, уран бүтээлч болно гэдэг салаа замтай. Оюун ухаантай, эрүүл саруул хүн бүр уран зурагт дуртай. Хүүхдүүд ухаан суунгуут л үзэг цаас аваад бодсоноо зурдаг. Заримыг нь аятайхан зурдаг юм байна гээд ээж, аав нь зургийн сургуульд оруулдаг. Багш нар яаж зурах арга техникийг заадаг. Тэд хүнийг хараад яг адилхан зурчихна, байгалийг гоё сайхнаар дүрсэлчихнэ. Гэхдээ төгсөөд жинхэнэ уран бүтээлч болох, үгүй нь шийдэгдэнэ. Зураачид анх бүгд л зурна гэсэн хүсэлтэйгээр эхэлдэг ч дор бүртээ заяагдсан тавилантай. Уран зураг гэдэг уран гэдэг үгэндээ их учиртай. Уран зураачид бүтээлийнхээ нийгэмд үзүүлэх нөлөө, гүн ухаан, түүхэн талын ач холбогдлыг сэдэв, зохиомжиндоо чухалчилдаг. Орчин үед зураачид бүтээлээ хийхдээ зүгээр л нэг жаазан дээр даавуу хадчих юм. Ном ёсны материал дээр зурсан сэргэн мандалтын үеийн бүтээлүүд олон зуун жил болсон ч байж л байна. Манайхан дор хаяж 500 жилийн настай бүтээл хийж байж хүн төрөлхтөнд жинхэнэ бүтээл үлдээнэ. Үгүй бол зүгээр л үйлдвэрийн бүтээгдэхүүн болно. Би жаазнуудаа мужаанд захиалж, монгол модоор хийлгэсэн. Даавуунуудаа Оросоос авч, жинхэнэ номынх нь дагуу олон удаа цардсан. Гурван жил хадгалж байна. Ингэж байж олон жилийн настай уран бүтээл хийх материалтай болно. Энэ тухай хүмүүс тэр бүр мэдэхгүй учир сайн зураг болж гээд л материалыг нь анзааралгүй авдаг.
-Хэнээр хичээл заалгаж, ямар сургуульд сурсан нь зураачийн хувь заяа, уран бүтээлд нөлөөлдөг болов уу?
-Олонх зураач чиний ярьсан замаар явсан. Харин би өөр зам дагасан хүн. 1942 онд Монголын анхны зураг урлалын газар нээгдэж, оройн сургууль байгуулсан. Тэр сургуулийн анхны сурагчдын нэг болж 12 настайдаа бийр, харандаатай шадарласан юм. 1945 онд Дүрслэх урлагийн дунд сургууль байгуулагдахад анхны сурагч болж орох гэтэл Чойдог багш “Долдугаар ангиа төгсөхөөр нь авъя. Гэхдээ шууд хоёрдугаар дамжаанд оруулна. Яагаад гэвэл чи миний анхаарлыг их татдаг” гэсэн. Тэгээд гуравдугаар дамжаагаа төгсөөд Монголын зургийн сургуулийн анхны багшаар ажиллах болсон. Надтай хамт төгссөн Сумхүү найруулагч захирлаар нь үлдсэн. Дахиж зургийн сургуульд суралцаагүй ч ингэж байхаар өөр мэргэжил эзэмшье гээд зунжин тоогоо давтсаар МУИС-ийн тооны ангид шалгалт өгтөл онц авсан. Даанч орос хэлнийхээ шалгалтад тэнцээгүй. Шалгалтын комиссынхон “Уг нь овоо хүүхэд юм, сургуульд оруулахсан” гээд хүн эмнэлгийн ангид хуваарилсан. Нэгдүгээр эмнэлгийн моргт орос багштайгаа нэг жил задлан хийж, анатоми судлаад байтал дипломатч бэлтгэх зорилгоор таван хүүхэд Орост сургахаар болж, МУИСиас хоёр оюутан сонгосны нэг нь би. Тэнд долоон жил суралцахдаа бие даан зургаа зурж, музей, галерейнуудаас салдаггүй байлаа. 1957 онд сургууль төгсөх жилдээ Репиний зурсан Оросын нэрт мэс засалч Н.И.Пирогова, драмын жүжигчин П.А.Стрепетовой нарын хөргийг хуулбарлах зөвшөөрөл арайхийж авсан. Жаазаа өөрөө хийгээд, гурван сар зурлаа. Тэр том хүний зургийг дуртай нь хуулбарлаж болдогг үй, дээр нь би гадаадын оюутан учир Тръятковын галерейгаас комисс гарч, миний хуулбарыг шалгасан. Тэд “За яах вэ, сайн хуулбар болжээ. Одоо энэ зургуудыг худалдаж авах хүн олж өгье” гэсэн. Би зарахгүй ээ, нутагтаа аваачна гэхэд комиссын дарга “Молодец!” гээд мөрөн дээр алгадаж билээ. Хөргийн хуулбарууд нийлээд 13 мянган рублиэр зарагдах байсан. Тэр үед том сайдын цоо шинэ хар машин гурван мянган рублийн үнэтэй байлаа. Репиний тэр зургуудыг дэлхийд анх удаа хуулсан нь одоо миний урланд бий. Хуулбаруудынхаа ачаар би зургийн дээд сургуулийн дипломтой юм шиг байдаг учир Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаад Монголын урчуудын эвлэлийн хороонд ороход бэрхшээл нэг их тулгараагүй.
-Таныг есөн нас хүртэл эмээ, өвөө тань өсгөсөн гэсэн. Анх юу зурж байснаа санадаг уу?
-Аав багш учир хааяа ирэхдээ дэвтэр харандаа өгдөг байсан. Хотонд ургадаг лууль, навч, монгол хөзөр дуурайлгаж зурдаг байлаа. Цагаан сараар бурхны оронд тахидаг, өвөөгийн тумбаашийг хараад ямар хачин амьтад вэ, зурахсан гэж боддог байлаа. Би хоёр настайгаас хойших үйл явдлуудаа тодхон санадаг.
-Зургийн сургуулийн анхны сурагч, Монголоос тодорсон Францын анхны ардын зураач, Монголын архитектурын ангийн анхны багш гээд анхны гэсэн тодотгол ихтэй бололтой. Өөр юу, юуны анхдагч вэ?
-Намайг бага залууд хөгжлийн эхэн үе байсан учир анхны гэсэн олон зүйлд санамсарг үйгээр холбогдох тавилантай байж. Миний үеийнхний олонх нь үрэгдчихэж. Гэрэл зургуудаа хараад сэтгэл их гонсойдог юм. Анги, төгсөлтийнхний гэрэл зургийг харахад би л өнчрөөд үлдчихэж. Тэгэхээр анхных гэгдээд байгаа нь би гавьяатайдаа ч биш, ахмад нь болоод л үлдчихсэнд учир байгаа хэрэг. Өөрийгөө өтөлсөн гэж анзаарах ч үгүй, зургаа л зураад байлаа. Монголдоо төгсөөд багшилсан нь анхных, Репиний хөрөг хуулсан нь анхных, Ангийн нийгэмлэгийн анхны гишүүдийн нэг. Би залуудаа тэшүүр, дугуй, бокс, самбо, сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис гээд оролдоогүй спорт ховорхон. Тэгтэл саяхан Самбо бөхийн холбооны ойгоор надад 40 жилийн ойн медаль өгсөн. Холбоо нь байгуулагдахад анхны тэмцээнд орж явснаа өөрөө ч мартчихаж. Тэр үеийн тамирчид нь үгүй болоод, дансанд явдаг намайг сураглаж л дээ.
-Монголын уран зургийн галерейн захирлаар сургуулиа төгсөөд удаагүй Н.Батбаатар гэж залуу өнгөрсөн жил томилогдсон. Таны бодлоор ийм том байгууллагыг толгойлох хүн олон жилийн туршлагатай байх ёстой юу, эсвэл залуучуудыг дэмжих нь зөв үү?
-Монголын дүрслэх урлагийн сан хөмрөгийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстойгоо ухаарч, Монголын ард түмэнд, эх орондоо хэрэгтэй гэдгийг мэдэж, мэдэрч л байвал тэр албыг хаших эрхтэй. Мэдлэг нь хүрэхгүй бол аяндаа цаг хугацааны эрхээр шалгарна. Ид хөдөлмөрлөх насны залуусын улсаа хөгжүүлэх үе. Бид та нарын насанд хийдгээ хийсэн. Одоо шижигнэсэн залуус ажиллахгүй бол өөр хэн хийх вэ. Өнгөрсөн жил Н.Батбаатар захирал болсныхоо дараа 10 гаруй ахмад зураачийг урьж, ирээдүйд яах талаар зөвлөгөө өгөөч гэсэн. Хамгийн ахмадаараа Чогсом гуай үг хэл гэж нөгөө хэд нь тулгахад “Би олон орны музей, галерейг үзсэн. Бусад улсын галерей үзмэр үүдээ ингэж, тэгж хадгалдаг, зөвлөгөөний ийм тийм ном байдаг” гэж л хэлж өгсөн. Тосон будгийн зургийг үргэлж нарны гэрэлд байлгах ёстой бол усан будгаар зурсныг хөшигний ард хадгалдаг номтой. Гэтэл олон зуун жил наслах ёстой монгол бүтээлүүдийг манайд хадгалах горим гэж байхгүй. Зориулалтын галерейтэй болохсон. Бас ирээдүйд бие даасан уран зургийн том академи байгуулаасай гэж хүсэх юм. -Зурагт дурсэлж болохооргүй юм гэж байх уу? -Байхгүй. Зурах шаардлагатай бол зурах л ёстой. Гэхдээ чадах, үгүй нь зураачаасаа хамаарна.
-Та олон орны галерей, музей үзсэн гэлээ. Гаднын алдартай бүтээлүүдээс эх хувийг нь үзэхийг хүсдэг зураг бий юү?
-Эх хувийг нь үзээгүй зураг олон бий. Хуулбаруудыг нь л харсан. Арга техник, үүх түүхүүдийг нь сайн судалсан болохоор нэг тиймэрхүү байх болов уу гэсэн баримжаа байдаг. Үзсэн ч яалаа, байсан ч яалаа.
-Таны бодлоор Монголын нийгэмд нэн яаралтай өөрчлөх, шинэчлэх ёстой зүйл юу вэ?
-Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш 25 орчим жилийн хугацаанд сайны төлөө их тэмцлээ. Яах вэ, болж байна, амжилт олж байна. Аль ч улсын түүхийг үзэхэд том нийгмийг буй болгох амаргүй даваа байдаг. Хэцүү гэдгийг дэлхийн олон гүрэн мэддэг учир Монголыг ойлгож байгаа. Манай ухамсартай хүмүүс ойлгож байгаа ч, болохгүй бүтэхгүй байна гэх хүн олон. Хүний эрүүл мэнд бол нэн тэргүүний асуудал. Хүнд өвчнийг эмнэх эрдэмтэй сайхан эмч нартай боллоо ч багаж байхгүй юм. Өнөөх нь өчнөөн үнэтэй гээд цөөхнийг худалдаж авдаг. Ирээд эвдэрдэг, элэгдэж хорогддог, ажиллуулж чаддаггүй. Хэдэн зуун кг-аар нь хуурамч эм оруулж ирж байна. Манай улс эмийн үйлдвэртэй байлаа. Тухайн үеийн мэргэжилтнүүд одоо хөгширч, үгүй болжээ. Орыг нь залгах хүмүүс байгаа, эсэхийг мэдэхгүй юм. Ардын эмнэлгээ хөгжүүлэх ёстой. Гэтэл уурхай ухаж байна гээд үнэтэй, ховор эмийн ургамлуудыг устгаад хаячихлаа. Манай баруун аймгуудын ургамал 6000 жилийн түүхтэй бол зүүн аймгуудынх 19 мянган жилийн өмнөөс ургасан гэдэг. Төрөх, хүүхдийн эмнэлгүүдэд анхаарал тавимаар байна. Гуравхан сая хүн эрүүл байхад Монгол Улсад их юм хийнэ дээ. Аливаа нэг гүрэн гаднаас юм горьдохг үй, өөрсдөө бүгдийг үйлдвэрлэж байж жинхэнэ улс болдог. Хамгийн эхлээд төмөр, гангийн үйлдвэртэй болох хэрэгтэй. Мал аж ахуй, газар тариалан эрхлэхээс өөр том ажилгүй, зав гарвал бөх барилдаж, морь уралдуулан гурван долоо хоногоор амардаг манайх шиг улс ховор. Хөрш хоёр улс өч төчнөөн сая хүн амтай байж барьц алдахгүй хөгжөөд л байна. Би Орост долоон жил суралцахдаа их сонин юм үзсэн. Оюутан л хойно мөнгөгүй болоод, хятад оюутнуудын даргаас зээлэх болсон. Нөгөөх чинь чемоданыхоо ёроолыг сөхтөл кинонд гардаг шиг 50, 100 рублийн дэвсгэрт тэвхийтэл өрөөстэй байна. “Пөөх, чи ямар баян юм бэ” гээд уулга алдтал “Энэ миний мөнгө биш ээ. Манай оюутнуудынх. Бид мөнгөө хэмнэж, нутагтаа нисэх онгоц худалдаж авах гэсэн юм” гэж билээ. 1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойш дөрвөн жилийн дараа оюутнууд нь ингэж ярьж байж. Тэгээд удалгүй Хятад улс машины үйлдвэртэй болсон. Гэтэл манайх одоо л автобус угсарч эхэлж байна. Та бүхэн гэрийнхээ эд хогшил, юм бүхнийг тойруулаад хараад үзээрэй. Монголд үйлдвэрлэсэн юм бараг байхгүй л болов уу. Энэ муу товч, шилбэнээс авахуулаад бүгд л гаднын бараа. Тэгтэл дээр үед хувин сав, авдар шүүгээнээс эхлээд ахуйн хэрэглээнй юм бүхнээ ард түмэн урладаг байлаа. Төмөрлөгийн үйлдвэр байхгүй цагт улс орон хөл дээрээ зогсохгүй. Монголын өнөөгийн хөгжлийн байдал ийм байгаад хэнд ч буруу өгөх эрхгүй. Аливаа нэг улсын, нийгмийн хөгжих тавилан нь өөр өөр байх. Урьд нь монголчуудын мэдлэгийн суурь муу байсан бол 1990 оноос эдийн засаг барьц алдсанаас манайх бүр хэцүү байдалд орчихсон.
-Тэгвэл Та Монголын ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Миний саяын ярьдаг зүйлийг хэрэгжүүлэхгүй бол манай улс алга болчихгүй ч баян нь улам баяжаад, ядуу нь голоо зогоогоод нэг тиймэрхүү л аж төрнө. Зарим нь гадаад руу яваад эргэж ч ирэхгүй. Малчид хүүхдүүддээ эрдэм сургана гээд бөөн өр тавьдаг. Гэтэл мал хариулах уламжлалаа хадгалах хүн ховордоод байна. Монголын малыг фермд оруулна гэж яриад байгаа нь инээдэм. Экологийн ч тэр, зан үйл талаасаа ч тохиромжгүй. Манайх хэлбэрийн талын юманд анхаарахаас зан үйлээ хадгалж мэдэхгүй, хэчнээн сайхан түүх дурсгалын олдвор, эд өлгийн зүйлтэй байлаа гээд хамгаалж чадахгүй, борлуулахаа боддог болж. Хэн нэгний булхайг мэдсэн ч мэдээгүй царайлна. Нэг ангийнхан том болоод дандаа дарга болдог. Цөөхөн хүн амтай учир монголчууд бие биедээ тал засдаг.
-Та архитектурын ангид багшилдаг байсан. Өөрөө ямар нэгэн барилгын зураг төсөл хийж байв уу?
-Би архитектурын ангийн оюутнуудыг зургийн дөртэй болгох хичээл ордог байсан. Гэхдээ энэ барилга байгууламжуудын талаар нэлээд судалсан. Дундад Азийн Каспийн тэнгисээс Камчаткын хойг хүртэл газар хөдлөлтийн төв шугам байдаг нь Улаанбаатар хотыг дайрч өнгөрдөг. Одоо ч газар хөдлөлтийн бичлэгт Улаанбаатар мөнхийн чичиргээтэй байдаг. 1940-өөд онд нэгдүгээр сургуулийг барихад Улаанбаатарт дөрвөн давхраас дээш өндөртэй барилга барьж болохгүй гэж оросууд тооцоо гаргасан. Долоонбуудлаас Урчуудын эвлэлийн хорооны урлан хүртэл Хойд туйлын цэвдгийн хормой дайрдаг. Архитектурын ангийн оюутнууд диплом бичихдээ тэр бүсэд байшин барих тухай сэдвээр хийх гэхэд багш нар цэвдэгтэй гээд хориглодог байлаа. Өнөөдөр ч хамаа намаагаа алдаж дээ. Бас нэг юм хэлэхэд, хэдийгээр хуучирч, хоцрогдсон ч түүх өгүүлэх байшин, гудамжуудаас үлдээх учиртай. Харамсалтай нь нураагаад дууслаа.
-Өнгөрсөн түүхээс суралцах юм их бий гэдэг. Түүх хэр давтагдаж байгаа бол?
-Түүх үеийн үед давтагддаг. Хүй нэгдлээс өнөөг хүртэл яг л адилхан. Баян, ядуугийн ялгаа хэзээ ч арилахгүй, дайн дажин хэзээ ч салахгүй. Хүн төрөлхтөнд аймшигтай өвчин байдаг нь шунал. Тэр өвчин байгаа цагт бид зовлонгоос ангижрахгүй.
-Өдгөө хүртэл уран бүтээлээ туурвиж байгаа тань шунал мөн үү?
-Миний хувьд биш. Шунал гэдэг хоёр талтай. Би оюун ухаанд байгаагаа буулгаж, түүнээсээ таашаал авч байна.
Б.ДӨЛГӨӨН