Илбэчин С.Билэгт 21 настай. Гурван жилийн өмнөөс илбэ үзүүлэх болсон түүний мөрөөдөл нь дэлхийн тавцанд Монголын илбийг алдаршуулах. Залуу хүн мөрөөдөлтэй байх хэрэгтэй гэдэг дээ. Тэр энэ жишгээр урагшилж яваа бүтээлч нэгэн. Бизнесийн удирдлага, маркетинг, менежментийн чиглэлээр сурдаг болоод ч тэр үү, өөрийгөө илэрхийлэхдээ их сайн. Брейк дэнс бүжиглэж, тулааны спортоор хичээллэн, шатар, даам тоглож өссөн түүний ертөнцөд та ч бас нэг удаа “зочлоод” үзээрэй.
-Гурван жилийн өмнөөс илбэ үзүүлдэг болсон гэсэн. Нууцад нь нэвтрэхийн тулд эртнээс судалсан уу?
-Сургуульд байхдаа эхлээд бүжиглэж, дараа нь илбэ үзүүлж сурсан. Багаасаа л илбэчин Дэвид Копперфильдийн үзүүлбэрийг сонирхон үздэг байлаа. Хүн аливаа нэг зүйлд шимтэн, дурлах сайхан шүү дээ. Түүний хүчинд л илбэ үзүүлж сурсан.
-Хэнээр ч заалгалгүй бие даан сурсан юм уу?
-Багш байхгүй. Бие дааж сурсан. Илбэчдийн бичлэгийг дахин дахин үзэж, оролдоод сурсан.
-Интернэтэд байсан бүх бичлэгээ устгачихсан байна лээ. Ярилцахаасаа өмнө илбэнүүдийг нь үзье гэж бодсон юм.
-Би одоо нэг нэвтрүүлэг хийх гэж байгаа юм. Интернэтэд байгаа бичлэгүүдээ бүгдийг нь устгачихсан. Орчин үеийн Монголын илбийг дэлхийн тавцанд гаргах нэвтрүүлэг хийнэ гэж зориод бэлтгэж байна.
-Илбэчид нууцаа бусдад дэлгэх дургүй. Гэхдээ алдартай илбэчид хэн нэгнээс залгамжлан суралцсан байдаг. Та тэдний тухай судалдаг уу?
-Дэвид Копперфильдийн өвөө нь илбэчин байсан учраас багаасаа сурч эхэлсэн юм билээ. Харин Монголын илбэчид циркт ажиллаж, багшаараа заалгаж сурдаг. Циркийн илбэчдээс миний арга барил ондоо. Би ойрын зайны, орчин үеийн илбэ үзүүлдэг. Шаардлагатай үед тайзны илбэ сонирхуулдаг.
-Илбэ сонирхсон болгон нууцыг нь тайлж чадахгүй. Тэгэхээр амаргүй байх.
-Хэцүү. Яаж сурснаа хэлж чадахгүй. Энэ чинь илбэ шүү дээ.
-Нууцыг нь зөвхөн Билэгт мэдэж байх ёстой юу?
-Тийм ээ. Илбэчид нууцаа сайн хадгалдаг байх ёстой. Жижигхэн илбэнд ч том илбэний нууц бий. Мөн гараа сайн ажиллуулах ёстой. Илбэтэй химийн томъёо, физикийн ухаан, уран зохиол, эртний оньс, хээ угалз гээд бүх зүйл холбогддог. Хүний сэтгэл санаа, оюун бодолд хамгийн хурдтай, хүчтэй нөлөөлж чаддаг урлаг бол илбэ гэж би хэлэх дуртай.
-Илбийг үзэж байгаа хүмүүс гайхан биширдэг ч нууцыг нь тайлчихсан хүний хувьд энэ зүгээр л мэх үү?
-Илбэ бол мэх, арга заль. Шид бол оюун бодлынх, илбэ гэдэг бол биеийнх. Гэхдээ арга заль гэхээс илүүтэй урлаг болгон хөгжүүлж, ойлгуулахыг хүсдэг. Илбэ бол залины урлаг.
-Ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ?
-Хөзрийн илбэ гэхэд л 50 төрөл байна. Галын дөл дээр хөзрийн дүрс гаргах, эсвэл шил рүү хөзөр шидэхэд оролцогчийн сонгосон хөзөр наалдаж үлдэх гээд нэрлэж болно. Тоног төхөөрөмжид хязгаар байхг үй. Юуг ч ашиглаж болно. Компьютер, гар утсыг ч ашигладаг.
-Илбэчин болгонд өөрийн гэсэн арга барил байдаг байх. Ямар хэв маягаар өөрийгөө таниулахыг хүсдэг вэ?
-Дэлхийн хэмжээнд Хятад, Солонгос, Английн илбэчид алдаршиж байна. Тэд нэг ижил илбийг гурван өөр байдлаар үзүүлдэг. Тэгвэл би дөрөв дэх нь болохыг хүсэж байна. Монголын хээ угалз, оньсыг илбэндээ багтааж үзүүлэх болно.
-Аль сургуульд сурдаг вэ?
-Монголын “Роял” академийн бизнесийн удирдлага, маркетинг менежментийн дөрөвд үгээр курсийн оюутан. Бас “Парайдайз” энтертайнментийг нэг ахтайгаа хамт байгуулаад ажиллаж байна. Манайх 21 дуучин, бүжигчин, циркчинтэй. Монголын анхны кабаре шоуг “Тамир” центрт энэ сарын 19-нд хийх гээд бэлдэж байна. -Яагаад анхных гэж. Өмнө нь олон кабаре шоу Монголд тоглож байсан шүү дээ? -Зохиомж, үзүүлбэрийн хувьд ялгаатай. Мюзикл хэлбэртэй, илүү сонирхолтой өрнөлтэй, бүрэн хэмжээний анхны кабаре шоу юм.
-Дунд сургуульд байхдаа ямар хичээлдээ илүү сонирхолтой байсан бэ?
-Би Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийг төгссөн. Тэргүүний сурагч байлаа. Манай сургуулийнхан ч намайг их дэмждэг байсан. Математикийн хичээлдээ илүү сайн байсан. Бас Баянз үрх дүүргийн шатар, даамны аварга болж, сургуулийнхаа хүндэт самбарт зургаа тавиулж байлаа. Мөн таэквондотой төстэй тонгилмүдо тулааны урлагаар хичээллэж, хар бүстэй болсон. Багшлах эрхтэй. Улсын болон цомын аварга болж байсан. Тулааны урлаг хүнийг тэвчээртэй, хүлээцтэй болгож хүмүүж үүлдэг. Энэ спортоор хичээллэснээр би бүжиглэж, бас илбэ сурах хүсэл тэмүүлэлтэй болсон гэж боддог юм.
-Ямар түвшний чадвартай хүнийг жинхэнэ илбэчин гэх вэ. Өөртөө оноо өгөх хэрэгтэй бол хэдэн оноо тавих вэ?
-Дэвид Копперфильдийг л хэлнэ. Дараа нь Дэвид Блэм бичигдэх болов уу. Дээр хэлсэн Хятад, Солонгосын илбэчид шилдэг. Монголдоо алдаршиж амжаагүй ч би тэдний түвшинд хүрэхийн тулд бэлдэж байгаа. Тэд 10 оноотой бол би 7-8 оноо авах болов уу. Хүндэлж, шүтэж, үлгэр дуурайллаа болгодог хүмүүсийнхээ хэмжээнд хүрч, уулзаж танилцахыг юу юунаас илүү хүсдэг.
-Танай аав, ээж хоёр ямар мэргэжилтэй хүмүүс вэ. Хүүгээ хөгжүүлж, хүссэнээ хийх чадвартай болгохын тулд их хичээсэн байх даа.
-Тийм ээ. Намайг өдий зэрэгтэй болгож, намайг үргэлж дэмждэг хүмүүс бол миний гэр бүлийнхэн. Аав, ээж хоёр минь намайг шөнө унтахгүй, илбэ сурна гээд суухад хориглоогүй. Харин ч дэмжиж, багаж хэрэгсэл худалдаж авахаар гадагшаа явахад минь мөнгө өгч байлаа. Манайх тийм ч элбэг хангалуун амьдралтай айл биш л дээ. Гэхдээ намайг аав, ээж минь үргэлж дэмжиж, тусалдаг. Аав маань их ном уншдаг. Бага байхаас л дүү бид хоёр ном уншиж, бас уншуулж, сайхан түүхүүд ярьж өгдөг байсан юм. Одоо дүү маань арваннэгдүгээр ангид сурдаг. Ахынхаа хийдэг бүх зүйлсийг сураад л явж байна. Миний аавыг Ц.Саруул гэдэг. Одоо хувиараа бизнес эрхэлдэг. Ээжийг минь П.Энхтайван гэдэг. Тогооч мэргэжилтэй. Одоохондоо гэртээ байгаа. Бас намайг хариуцлагатай, тэвчээртэй болоход сургуульд байхаасаа суралцсан тэр олон дугуйлан, секцийн багш нар нөлөөлсөн. Бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Гэхдээ би алдар хүндийн оргилд хүрчихээд өөрөөрөө бахархаад яриад байгаа юм биш шүү. Хүрэхийн төлөө тэмүүлж яваа энгийн нэгэн залуу. Ихийг хүсэж, тэмүүлж байж амжилтад хүрнэ гэж үргэлж боддог юм. Хэдэн жилийн дараа юу хийж чаддагаа харуулах болно оо.
Тэр бидэнд илбэ үзүүлж, “хуураад” амжсан. Сайхан хайрын түүх ярингаа нэг ширхэг зүрхийг хоёр, дараа нь гурав болгон харуулсан тэр илбэний нууцыг одоо ч бодоод олохгүй нь. Гараа ширээн дээр ил тавиад, нүдний минь өмнө хэд эргүүлээд л зүрхийг “үржүүлчихсэн”. С.Билэгт телевизийн шоу нэвтрүүлэгт бэлтгэхийн тулд хэд хэдэн том илбэ хийнэ гэсэн. Тэдгээр илбээ Чингисийн талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнд олны өмнө үзүүлэх учраас хэзээ нэг өдөр илбийн гайхамшгийг үзүүлэхээр уншигч таныг ч урих нь дамжиггүй ээ.
Ж.СОЛОНГО