Отгонтүвдэн хэмээх залуу зураач Монголын уран зургийн ертөнцөд дуу шуутай орж ирж байна. Өнгөрсөн намар "Төвөргөөн чимээ" үзэсгэлэнгээ Улаанбаатарт “976” арт галерейд нээснийг нь уран зураг сонирхогчид, урлаг соёлын зүтгэлтнүүд, зураач урчууд үзэж байсныг би мэдэх юм. Сүүлийн арав гаруй жил Орос оронд амьдарч, тэнд суралцаж ажиллаж буй зураач маань эх орондоо хүрэлцэн ирж бүтээлийнхээ тайланг тавьж, монголчуудаараа үнэлүүлж дүгнүүлэх гэж буй нь содон байсан. Үзэсгэлэнд тавигдсан зургууд нь монгол ахуй амьдрал, монгол эрчүүд, ухаажиж хэрсүүжсэн өвгөд, хөдөөгийн малч охид, хөвгүүдийн дүр төрх, дотоод ертөнцийн тод илэрхийлэл байлаа.
Энэ үзэсгэлэнд би гурван ч удаа очсон юм. Эхнийх нь мэдээж үзэх гэж. Хоёр, гурав дахь нь уран зураг цуглуулдаг сонирхдог найз нөхдийг үзүүлэх, харуулах гэж очсон хэрэг. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулсан “976” арт галерейн захирал хатагтай Б.Гантуяа "... Ленинград, Москва, Шанхайд гарсан үзэсгэлэнгийн зургууд нь ихэнхдээ тэндээ борлоод хилийн чанадад үлдчихдэг, бүр цаашаа тив алгасаад ч явчихдаг. Тийм болохоор нь Отгоо маань өөрийн сүүлийн үеийн бүтээлүүдээ Монголдоо үлдээх юмсан гэж энэ үзэсгэлэнг гаргаж байгаа юмаа" гэж ярьж байв.Үнэний хувьтай ч байх. Тэрээр Монголоосоо илүү Орос оронд, Санктпетербургт, Москвад нэртэй болчихож. Сонгодог урлаг, уран зургийн олон зууны их өв соёлтой Орос оронд тэр тусмаа дэлхийд алдартай их зураач И.Е. Репиний нэрэмжит 360 жилийн түүхтэй уран зургийн академид урилгаар багшилна гэдэг бол хэн хүнд оногдоод байх хувь тавилан биш байх.
Отгонтүвдэн Монголоос Репин төгсөгчдийн сүүлийн үеийн залуу халаа. Сургуулиа төгсөөд академидаа багшаар үлдсэн монголын зураачдын цор ганц төлөөлөл. Академид багшилж эхлэнгүүт нь ОХУ-ын зураачдын нийгэмлэгийн гишүүнээр элсүүлсэн гэдэг. Энэ нэртэй нийгэмлэгийн гишүүн болж буй анхны Монгол зураач. ОХУ-ын алдарт урлаг судлаач хатагтай Татьяна Тройцкая "Монголын залуу зураач Отгонтүвдэн бол Оросын уран зургийн уламжлалт хөрс, реализмын мандал дээр ургасан гайхамшигтай ховор цэцэг шиг өнөөгийн уран зургийн ертөнцийн маш содон үзэгдэл" хэмээн түүний тухай хэлснийг оросын хэвлэл мэдээлэл иш татсан байв.
Италийн Венец хотын ойролцоо орших Равенна хэмээх эртний хотын ЮНЕСКО-гийн соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн Византын үеийн нэгэн том сүмийн дотор хана, таазны зургийг сэргээн зуруулахаар италичууд Отгонтүвдэнг уриад тэрээр ажлаа эхлээд явж байгаа юм билээ. Дэлхийд эртнээс нэр алдраа мандуулсан олон арван зураачтай, сэргэн мандалтын үеийн баялаг өв сантай, одоо ч зураг урлагт гүн хүндэтгэлтэй ханддаг италийн урлаг соёл, уран зургийн ертөнцийнхэн Отгоог урьж залж буй нь түүний ур чадварынх нь үнэлгээ, илэрхийлэл байх.
Мэдээж тэр сүмийг сэргээж засах зураач Италид өөрт нь ч, Европ даяар ч бишгүйдээ л бий. Ёстой л оросын нэрт урлаг судлаач хатагтай нь дээр нэгэнтээ үнэлсэнчлэн "... өнөөгийн уран зургийн ертөнцийн маш содон үзэгдэл" гэх утгаар нь италичууд урьсан болов уу гэж би таамагланам.
"Төвөргөөн чимээ"-нд хоёр дахиа очиход үзэсгэлэн буугаагүй, бас ч гэж үзэгчид олонтой, долоо найман зургийн баруун буланд бяцхан дугуй улаан тэмдэг наачихсан байлаа. Эзэнтэй болчихсон зургийг ингэж тэмдэглэдэг юм байна. Үзэсгэлэнгийн бүтээлийн жагсаалт хуудсанд 50 мянган доллар хэмээн хамгийн өндөр үнэлэгдсэн "Тулам булаалдаан" гэх 2м х 4м -ийн хоёр том зургийн нэг дээр нь тийм тэмдэг байв. Ашгүй дээ нэг сайхан бүтээл Монголдоо үлдэж дээ гэж баярлав.
Зураачийнхаа ур чадвар, нэр төр бас үзэсгэлэнгийнхээ байр танхимынхаа төлбөр түрээснээс ч хамаардаг биз, үзэсгэлэнд тавигдсан зургуудын хямд нь 2000 ногооноос эхлээд тав, зургаа, арав, хорин мянга гээд явах жишээтэй. "Одын хөрөг" хэмээх малчин хүүгийн зургийн баруун буланд дугуй улаан тэмдэг наачихаж. Жагсаалтад 3000-аар үнэлэгдсэн байв. Хэн авсныг нь хэрэгт дурлаад үзэсгэлэнгийн менежерээс эвтэйхэн асуулаа. Бид хэлэх ёсгүй гэж байна. Хэд хоногийн өмнө Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимаас азаар нэлээд хямдхан худалдаж авсан "Орос бүсгүй" хэмээх зургийнхаа гэрэл зургийн хувилбарыг утаснаасаа түүнд үзүүлэн байж итгэлийг нь олж яриа хөөрөө өрнүүлэв. Миний авсан зургийн доод өнцөг дээрх гарын үсгийг нь томруулж хараад Отгонтүвдэнгийнх мөн байна, оюутан үеийнх нь зураг байх гэж байв. Иймэрхүү яриа өдөж байгаад "Улаан" тэмдэгтэй зургууд хэн хэнд очиж буйг нь заримыг мэдэж авлаа. "Тулам булаалдаан" хэмээх өндөр үнэтэй том зургийн эзнийг асуугаад, асуугаад хэлүүлж чадсангүй ээ. УИХ-ын эрхэм гишүүн Ж.Энхбаяр миний сонирхоод байсан "Одын хөрөг"-ийг (80х90) авсан аж. Надтай хамт энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхсон, бас ч гэж уран зураг, барималын боломжийн цуглуулгатай "Заг" ХХК-ийн захирал Б.Нэмэхбаатар анд маань "Доржийн хөрөг" гэх (100х90) зургийг хоёр мянган ногооноор авахаар болж урьдчилгаа төлбөрөө бэлэн өгөөд бяцхан улаан дугуйг тэрхүү зургийн доод өнцөгт наалгачихав. Ийнхүү зураачийн хүссэнчилэн нэлээд хэдэн зураг монголд үлдэхнээ. Үзэсгэлэн зохион байгуулагч хатагтай Б.Гантуяа бидэнд талархал илэрхийлээд Отгоогийн олон сайхан зураг энэ танхимд ирээдүйн эзнээ хүлээж байна. Та нар монголын зураг, урлаг соёл дэмждэг, зураг сонирхдог цуглуулдаг найз нөхөддөө хэл өгч энэ үзэсгэлэнг үзүүлээч гэж хүсэв. Тэр доор нь Нэмэхээ бид хоёр анд Ажнай Бат-Эрдэнэтэй холбогдох гэж оролдов. Бас ч монголын урлаг соёлын өв уламжлалыг дээдэлж дэмждэг тэрээр уран зураг хөргийн баялаг цуглуулга, сайхан галерейтэйг нь хүмүүс мэдэх байхаа. Батлан хамгаалахын сайдынхаа хувиар БНХАУ-д айлчлал хийж яваа хэл чимээ сонсов. Хоёрхон хоногийн дараа "Төвөргөөн чимээ" үзэсгэлэн буух юм байна. Ажнай-н Бат-Эрдэнийн сураг сонссон захирал хатагтай "Хичээж байгаад тэр хүнийг та хоёр залаад ирээрэй" гэж хүсэж байв. Айлчлалаас дөнгөж буцаж ирсэн өдөр нь эрхэм "Ажнай" Д.Бат-Эрдэнийг гэргий Г.Ганчимэгтэй нь, бас тэдний анд Монгол-999 компанийн босс Ариунболдтой нь ихэд идэвхийлэн залав. Хатагтай Б.Гантуяа тэднийг баяртайяа угтаж үзэсгэлэнгээ үзүүлэв. Уран зураг, урлаг соёлын өндөр мэдрэмжтэй тэд үзэсгэлэнг шимтэн үзэж байна лээ. Отгоогийн бүтээлүүд тэдэнд таалагдсан байхаа. Хэдэн улаан тамга тэнд тавигдсаныг хожим Ажнайн галерейд харах боломж надад тохиох биз...
"Төвөргөөн чимээ" хэмээх энэ үзэсгэлэнгээс хойш өвөл, хавар өнгөрч зуны дунд сарын эхний нэг сайхан өдөр Макс цамхаг дахь 976- Арт галерейд нээгдэх Б.Отгонтүвдэнгийн "Ленинградын цагаан шөнө" үзэсгэлэнгийн нээлтийн зар ирэв.
Зураач нь өөрөө хүрэлцэн ирж үзэсгэлэнгээ нээх аж.
... Танил танхим, Ленинградын танил дүр төрх, түүх дурсгал. Алдарт цагаан шөнөөр нь амьсгалж амьдралынхаа сайхан цаг үеийг Ленинградтай холбосон олон арван ахмадууд, залуус хайртай хотынхоо байшин, гудамж, гүүр талбай бүрийн өмнө удаан саатаж дурсамж хүүрнэл болцгоож байв. 1960-аад оны Уул уурхайн дээд сургуулийн төгсөгч, Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай энэхүү үзэсгэлэнг шимтэн үзээд явж байна. Гэргий Ш.Цэвэлмаа гуай нь бас Ленинградын Хэвлэлийн дээд сургуулийн төгсөгч, тэд хайр дурлалынхаа түүхийг тэнд эхэлж, тэнд хуримаа хийж байсан оюутан хосууд гэдгийг нь би мэдэх юм. "Ерөнхийлөгчийн гэргий байх хэцүү юу?" гэдэг ярилцлагадаа (АЭ 1990-10-13) энэ тухай дурсамжийг нь Тэргүүн хатагтайгаар яриулж байж билээ. П.Очирбат Ерөнхийлөгч ч оюутан цагийн хайртай хотынхоо тухай сайхан дурсамжаа үзэсгэлэнг нээх үеэрээ ярьж, Отгонтүвдэн хэмээх энэ авъяаслаг залуу зураачтай хоёр жилийн өмнө Ленинградад танилцаж, Москвад нээгдсэн үзэсгэлэнг нь үзэж авьяас, чадварыг нь хүндэтгэснээ дурсаж, Ленинградын цагаан шөнийг, бас гэрэл гэгээтэй сайхан өдрүүд, барилга байшин, гудамж талбайг нь тэр чигээр нь энд авчирсан байна гэж хэлсэн юм. Ленинградын дээд сургуульд 1950 -иад оны эхээр суралцаж төгссөн хожим нь хэд хэдэн оронд Элчин сайдаар ажиллаж бас Ленинградад Ерөнхий Консулаар ажиллаж байсан Энэбиш гуай үзэсгэлэнгийн нээлтийн хүндэт зочноор уригдаж үг хэлсэн юм. Түүний хүү Монгол Улсын Гавъяат жүжигчин балетчин Э.Оюунболд Ленинградын балетийн сургуульд 10 настайдаа очиж арав шахам жил тэнд суралцаж төгссөн болохоор энэ гэр бүл, аав хүү хоёрын хувьд энэ түүхт хот, энэхүү үзэсгэлэн үнэтэй түүхэн дурсамж болж байлаа.
Нэрт шог зураач С.Цогтбаяр, Гэрэл зургийн Гамма агентлагийн захирал С.Цацралт, соёлын гавъяат зүтгэлтэн, нэрт зураач Г.Хүрэлбаатар гээд олны танил алдартнууд тэнд хүрэлцэн ирсэн байв. Залуу алдартан, залуусын дуртай дуучин, Буриадын ардын жүжигчин Б.Амархүү зураач найзаа дэмжиж, түүнд баяр хүргэж Ленинградын цагаан шөнийг орос дуугаараа мялаасан юм. Мөн Амархүүгээс дутахгүй алдартай төгөлдөр хуурч залуу, хийлч бүсгүй хоёр тэнд цагаан шөнийг санагдуулам уянгалаг сонгодог аялгуу эгшиглүүлж байв. Төгөлдөр хуурч Б.Анар нь Санктпетербург хотын Консерваторын симфони найрал хөгжмийн удирдаачийн ангийн оюутан, 2012 оны Олон улсын залуу хөгжимчдийн улсын уралдааны шагналтай юм байна. Хийлч М.Хулан нь мөн Консерваторийн төгсөгч, бас Чехийн Косяны нэрэмжит уралдааны тусгай шагнал хүртэж байжээ. Шинэхэн соёлын гавъяат зүтгэлтэн, "Харанга"-ын Х.Лхагвасүрэн гэргийтэйгээ, бас тэрэгтэй нялх хүүхэдтэйгээ ирчихсэн, үзэсгэлэнгийн захад тухалцгааж харагдана лээ. Отгонтүвдэн зураач тэдэн дээр очиж тэврэлдэж харагдсан. Бодвол гэр бүлийн дотно харилцаатай хүмүүс байх. С.Цогтбаяр, С.Цацралт хоёрын зураг хөрөг саатан үзэж байсан тэрүүхэн буланд Б.Отгонтүвдэн, Японоос ирсэн зураач С.Заяасайхан, Германд амьдардаг зураач Э.Отгонбаяр нар оччихсон яриа хөөрөө болж байна. Орос, Япон, Германд зураг бүтээлээ туурвиж тэнд алдаршиж буй гурван залуу уран бүтээлчийг урландаа урьж хамтарсан яриа хөөрөө өрнүүлэх юмсан гэж С.Цогтбаяр ярьж байв. Тэнд байсан хүмүүс бүгд л яасан сайхан санаачлага вэ? хэмээн дэмжиж байлаа. Би ч уухайн тас тэр уулзалтанд чинь очно шүү гэж захиалгаа өгч утас шөрмөсийг нь авав. Японд амьдардаг зураач С.Заяасайхан бид хоёр хэдэн сарын өмнө Токиод Монголынхоо Элчин сайдын яамны сар шинийн золголтын үеэр таарч танилцсан. Түүний Америк, Австрали, Японд гаргаж байсан үзэсгэлэнгийнх нь зураг хөрөгийг өөрийнх нь цахимаас үзэж, аяласан даяанчилсан түүхийг нь өөрөөр нь яриулж байсан болохоор "Ленинградын цагаан шөнө"-д тааралдсандаа баяртай байв.Элчин сайд С.Хүрэлбаатар Заяагийн зураг бүтээлийг магтаж, Японд монголынхоо нэрийг өргөж, яваа зураач шүү, энэ намар хоёр орны дипломат харилцааны ойн ёслолын үеэр манай элчин сайдын яам, Заяасайханы үзэсгэлэнг Токиод зохион байгуулахаар ярилцаж тохироод байгаа гэж байсан юм. С.Заяасайхан миний "Цагаан сар ба Ногоон Япон" нийтлэлийн маань (Үндэсний Шуудан 2014-3-17) гол баатар болж зураг хөрөгтэйгээ нийтлэгдсэн болохоор Заяа бид хоёр энд хуучин танилын ёсоор баяртай уулзсан юм. Германы зураач Эршүү Отгонбаяр миний хувьд шинэ танил. Олон нийтэд бол аль хэдийнээ алдаршсан тийм уран бүтээлч юм билээ. Берлинд уран зургийн сургууль төгсч тэндээ "Зураг" хэмээх уран зургийн галерей ажилуулдаг. Өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнг Монголд ч, Германд ч хэдэнтээ гаргасан нэрт зураач юм билээ. Ийм авъяаслаг гурван зураач гурван өөр улс орноос монголдоо ирж уулзалдав. Тэр гурвын уулзах цэг нь Репиний академийн багш, зураач Б.Отгонтүвдэнгийн "Ленинградын цагаан шөнө" үзэсгэлэн байлаа. Бид хоёрын энэ удаагийн ярилцлага ч энэхүү цэгээс эхэлсэн юм.
Герман Отгоо, Японы Заяа та хэд найзууд уу? Таны энэ үзэсгэлэнд тэд хүрэлцэж ирсэн нь тохиолдол уу, эртнээс төлөвлөсөн уулзалт учрал уу?
Нэг нэгнийгээ бүтээлээр нь, сургаар нь мэдэцгээнэ. Миний үзэсгэлэн зохион байгуулсан 976-Арт галерейн Гантуяа эгч эднийг урьж биднийг уулзууллаа. Би ч бас тэдний цахим хаягаар нь урилга заллагаа илгээж байсан юм. Ази тив, Арлын Японы зураачдын төлөөлөл болж Заяа маань ирлээ. Урлаг соёл, уран зураг хөргөөрөө алдартай Европ тив , Германы төлөөлөл болж Эршүү Отгонбаяр анд маань ирлээ. Өөр өөрийнхөөрөө миний бүтээл үзэсгэлэнг үнэлж дүгнэж байгаа байх. Аль аль нь надаас өөр стиль, арга барилтай зураачид . Заяа монгол зургийн арга барилаар зургаа зурдаг. Отгонбаяр бичил зураг, комик цуврал зурагтаа илүү мэргэшсэн, дагнасан ч гэх юмуу. Отгоогийн танил Германы уран зураг цуглуулагч Рольф-Лаутер хэмээх эрхэм Берлинээс ирж миний "Цагаан шөнө"-ийг үзлээ.
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай Германы тэр эрхэмтэй уулзаж Та гурав хэсэг яриа өрнүүлж байсан. Тэгэхэд П.Очирбат гуай "Манай монголд зураач нарын бүтээлийн үнэ цэн, үнэлгээ тааруухан талдаа гэдэг тухай Герман эрхэмд хэлж санаа бодол солилцож байхыг би зэрвэсхэн сонссон. Таны өнгөрсөн жилийн "Төвөргөөн чимээ" үзэсгэлэнд тавигдсан зургийн үнэ цэнийг харж байхад бас ч тиймгүй юм шиг.
Орос, Европтой харьцуулбал монголд үнэ, үнэлгээ доогуур байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ сүүлийн үед манайд уран зураг үнэлэгч, цуглуулагчид бий болж сайн зураг бүтээлийг боломжийн үнэ цэнээр авдаг болж байна. Хувь цуглуулагчдын хэд хэдэн галерей амжилттай ажиллаж байна. Тэнд олон үзэсгэлэн гардаг болсон байна. Сайн сайн зураач урчууд ч олон болж. Тэр хэрээрээ бидний бүтээл зураг хөргийн үнэ цэн нэмэгдэж байгаа гэж хэлмээр байна.
-Таны хамгийн их үнэ хүрсэн зураг ямар зураг байдаг вэ? Ямар үнээр зарагдсан бол?
"Төвөргөөн чимээ" үзэсгэлэнд тавигдсан "Тулам булаалдаан" (2х4м) боломжийн үнэ хүрсэн.
Үзэсгэлэнгийн танилцуулга жагсаалтад 50 мянган доллар гэж зарлагдсан байсан.
Тиймээ. Үзэсгэлэн гаргах гэдэг маань байр байшингийн түрээс, зар сурталчилгаа, менежментийн зардал энэ тэр гээд гарлага ихтэй шүү дээ. 40 мянгаар тэр зураг зарагдсан.
Хэн авсан бэ? Элбэг Арт галерей, Цагаандариум, Бадамханд галерей гээд манайхны том улс төрч, бизнесийнхэний аль нэгийнхэн цуглуулгад тэр зураг очсон уу?
Үгүй дээ. Нэг залуухан эмэгтэй худалдаж авсан. Түүний хүссэн ёсоор бол хэнд энэ зураг очсоныг би хэлэх ёсгүй юмаа.
Манайхны дээрх галерейд Таны зургууд аль хэр олон байгаа вэ?
Ерөнхийлөгчийн Элбэг Арт галерей миний нэлээд хэдэн зургийг авч байсан. Тэнд л арай олон зураг байгаа байх. Бусад галерейд ямар байгааг би сайн мэдэхгүй. Ц.Энхтүвшин ахын Цагаандариум Арт галерейд би "Эмээгийн хөрөг" үзэсгэлэнгээ гаргаж байсан.
Энэ "Цагаан шөнө" таны хэд дэх үзэсгэлэн бэ?
Миний бие даасан долоо дахь үзэсгэлэн.
Орост аль хэр олон үзэсгэлэн гаргав?
Воронеж, Санктпетербург, Москвад үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Хятадын Шанхай хотод нэг үзэсгэлэн гаргасан.
Тэнд тавигдсан зургийн сэдвүүд ямархуу байв?
Ер нь монголын сэдэвтэй зургууд голлодог юм. Монголын байгаль, морь мал, хүмүүс гээд л. Мэдээж орост сурч амьдарч, ажиллаж байгаа болохоор оросын хүн ард, хот тосгон, байгаль орчин ахуй нь бас миний зургуудад байр сууриа олно оо.
Таны зургууд орост гүйлгээ сайтай байдаг уу? Таны "Төвөргөөн чимээ" -г зохион байгуулж байсан 976-Арт галерейн захирал хатагтай Б.Гантуяа "Отгонтүвдэнгийн монголынхоо сэдвээр зурсан сайхан сайхан зургууд нь Орос, Европт худалдагдаад монголдоо үлдэхгүй болчихоод байдаг юм. Тэгээд монголдоо аль болох үлдээх гэж зураач нь үзэсгэлэнгээ гаргаж байгаа" гэж ярьж байсан. Таны зургуудыг орост хэн хэн голлон авдаг вэ? Үнэ цэн нь монголтойгоо харьцуулахад ямар байдаг вэ?
Москва, Санктпетербургт гарсан үзэсгэлэнгийн зургуудаас бараг үлдээгүй дээ. Авч байгаа хүмүүсийн хувьд уран зураг сонирхогч, цуглуулагч гээд янз бүрийн л хүмүүс байгаа байх. Монголыг сонирхогч бас монголд ажиллаж амьдарч байсан гээд сайхан орос хүмүүс миний үзэсгэлэнг үзэж байсан. Тэд монголын дурсамжаа хадгалах гэж миний зургийг авдаг байх. Москвад уран зураг, түүх дурсгалын үнэт зүйлийн үзэсгэлэн худалдааны "Коньесер" гэдэг галерей байдаг. Тэр галерейд миний үзэсгэлэн гарч байсан. Миний олон зургийг тэднийх авсан. Тэр галерейн эзэн Кирилл улс төр, урлаг соёлынхон дунд нэлээд нэр нөлөөтэй хүн. Түүний найз Леньфильм студийн захирал нэг эрхэм Ерөнхийлөгч В.Путины найз гэсэн. Тэр миний хэд хэдэн бүтээлийг авсан юм билээ. Оросын Думын хэд хэдэн гишүүд Москва, Санктпетербургийн үзэсгэлэнгээс миний зургуудыг авч байв. Газпромын томчуудын зарим хүнд миний зураг очсон гэж сонсож байсан. Бээжингийн зам тээврийн нэртэй том компани энэ жил миний хорь шахам зургийг бөөнөөр нь худалдаж авлаа. Таны асуусан үнэ цэнийн тухайд харьцангуй ойлголт гэж хэлмээр байна. Монголчууд маань зураг авахдаа үнийг нь буулга буулга гээд л байдаг. Гадныхан, оросууд нэрлэсэн зарсан үнээр нь авчихдаг. Харин ч буулга гэх нь байтугай, зарим орос хүн таны энэ зураг ийм хямд байх ёсгүй гээд үнэ мөнгө нэмж өгөх тохиолдол ч гарч байсан. Бас хэнд зургаа үлдээх вэ гэдэг дээр надад бодол ч байдаг. Монголын сэдэвтэй зургийг оросууд их сонирхдог, хятадууд ч бас түүнээс дутуугүй. Жишээ нь миний Төвөргөөн чимээ үзэсгэлэнд тавьсан "Тулам булаалдаан" зургийг маань Шанхайн үзэсгэлэнгийнхэн их өндөр үнээр авъя гэж санал хэлсэн. Монголд зарагдсан үнээс бараг дөрөв дахин өндөр үнэ өгч байв. Миний Репин төгссөн дипломын ажил шүү дээ. Би өгөөгүй л дээ. Тэгээд л монголдоо үлдэж байна.
Энэ бүтээлийг л огт зарахгүй юм шүү гээд өөртөө хадгалаад үлдсэн тийм зураг танд байдаг уу?
Байхгүй.
Зарагдаж борлохгүй үлдсэн зураг бүтээл гэр оронд чинь аль хэр олон байдаг вэ?
Сүүлийн үеийн зургууд гэвэл ер нь байхгүй талдаа шүү. Үйлдвэрлэл урлалын дээд , Воронежийн оюутан үеийн ганц хоёрхон зураг байдаг юм.
Бүх зураг чинь зарагдаж мөнгө болдог уу?
Би ер нь зарж борлуулна гэж бодож зургаа зурдаггүй. Энэ "Цагаан шөнийн" зургуудыг Санктпетербург хотын зургийн галерей бүхлээр нь худалдаж авъя гэсэн. Би монголдоо гаргана гээд аваад ирлээ. Эндээс зураг үлдвэл тэнд сонирхогч байна гэсэн үг.
Найз нөхөд, хамаатан садан ойр дотныхондоо бэлэглэсэн зураг хөрөг хэр олон байдаг вэ?
Бараг байхгүй байх аа.
Таныг хүлээгээд сууж буй анхны ханьдаа зураг бэлэглэж байсан уу? Охин доо ч юм уу?
Бэлэглэж байгаагүй.
(Бидний ярилцлага хийж байхад анхны хань, охин хоёр нь зэргэлдээ ширээнд ус ундаа, цай цүү болоод Отгоог хүлээгээд сууж байсан юм. Арван настай охин нь ойр ойрхон ирж аавдаа эрхлээд мөхөөлдөс, ундаа авахуулаад явж байлаа.)
Ээжтэйгээ Шведэд амьдардаг О.Хулан охин аавдаа ийнхүү эрхлэв
Ханийнхаа, охиныхоо зураг хөргийг зурж байсан уу?
Зурж байсан.
Тэр зургуудаас чинь тэгээд үлдээгүй юм уу?
Үлдээгүй, үзэсгэлэнгээр дамжаад л явчихсан.
Воронежд очоод орос гэргийтэй болчихсон уу?
Үгүй дээ. Репин-д сурч байхдаа Еленатайгаа танилцсан юм.
-Тэр бас тэнд сурч байсан юм уу?
-Үгүй, Елена маань эдийн засагч, надтай хамт сурч байсан найзуудын маань хүрээлэлд ойр дотно явж байгаад бид танилцаад суучихсан юм. Амьдралд таашгүй тохиолдол, учрал тохиолдох л юм байна шүү дээ.
(Елена болон хүүгийнх нь зургийг асууж сонирхож байгаад утаснаас нь гаргуулаад үзчихэв. Эхнэр нь Отгоогоос нэлээд хэдэн насаар дүү юм. Хүү нь ой дөрвөн сартай гэнэ.)
-Елена болон хүүгийнхээ зургийг зурав уу? Зурсан. Бас л үлдээгүй юу?
-Тиймээ, загасчны морь усгүй гэдэг шүү дээ, тэр л болж байна даа.
-Эхнэр чинь монголд ирсэн үү?
Энэ удаа ирээгүй. Нутагтаа байгаа. Өдөр бүр шахам утсаар л харьцаж байна.
-Монголд ирж байсан уу?
-Хоёр гурван удаа ирсэн. Хөдөөгүүр явсан, Хөвсгөлд аялсан. Хүү тэр хоёр удахгүй ирж магадгүй.
-Орост төдийгүй дэлхийд нэртэй зартай Репиний академид суралцаж төгсөх, тэгээд бүр тэндээ урилгаар багшилж үлдэх гэдэг нь тэр бүрийн хүнд олдоод байх хувь тавилан биш байх даа?
Их аз, сайхан хувь тавилан. Би багаасаа л зураг сонирхсон. Харандаа цаастай харьцах үеэсээ л дүр дүрс, зураг зурж эхэлсэн. Бага сургуульд байхдаа Пионерийн ордны дэргэдэх зургийн дугуйланд явж тэнд суралцсан. Хожим нь зургийн дунд, дээд гээд л шат шатаар ахисан. Тасралтгүй зураг зурж байлаа. Ихэвчлэн уран зураг. Үйлдвэрлэл-Урлалын дээдийн хоёрдугаар курст сурч байх үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины тэтгэлэгээр урлаг, соёлын сургуульд шалгалт өгч тэнцээд ОХУ-ын Воронежийн уран зургийн академийн оюутан болов. Тэнд зургаан жил суралцаж төгсдөг юм. Дөрөвдүгээр курст сурч байтал нэг сайхан өдөр манай академийн багш ... "Отгоо чи эндээс сурах юмаа авчихлаа. Одоо чи Репиний академид оч, тэнд чи суралцах ёстой" гэж хэлсэн. Хэд хоногийн дараа миний шилжин суралцах бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Би хэдий баяртай байсан ч дотроо бас айдастай байлаа. Миний үеийнхэн нэрийг нь сонсоод сүрддэг тийм сургууль шүү дээ. Тэнцэх болов уу яадаг бол гэж санаа зовж байлаа. Суриков (Уран зургийн академи) төгссөн зураач элсэлтийн шалгалт өгч байж ордог гээд л та боддоо. Репиний академийн босго тийм л өндөр. Шалгалт, шалгуур ч маш хатуу. Энэ даваануудыг давсан оюутнууд эхний нэг жил нь бэлтгэл ангид сурч байж үндсэн ангируу шилждэг юм байна л даа. Воронежоос очсон би зурсан зураг, хийсэн бүтээлээ үзүүллээ. Аз тохиосон ч юмуу, тийм сайхан хувь тавилан байсан юм уу намайг шууд гуравдугаар курст оруулах шийдвэрийг намайг элсүүлэх комисс гаргалаа. Айж сандарч байсан надад зүүд зэрэглээ шиг л санагдаад бараг л өөрийгөө чимхэж үзэж байв. Нэг насны минь дээд хүсэл мөрөөдөл ингэж л биелсэн.
-Та хэдүүлээ төгссөн бэ? Оросууд голдуу байх уу?
-Арван хэдүүлээ, тал хувь нь орос. Бусад нь Хятад, Солонгос, Герман, Америк, Эстони залуус.
Тэд нэрд гарч алдаршиж байна уу?
Бүгд ид ажиллаж байгаа байх. Анатолий Шумкин оростоо нэртэй болоод байгаа. Тэр бид хоёр курстээ өрсөлдөгчид байлаа. Тэр чөлөөт уран бүтээлч. Бид хоёр одоо ч уран бүтээлийн өрсөлдөгчид. Манай академийн багш нар ч тэгж үнэлж дүгнэж байдаг юм.
-Танай курсээс багшаар үлдсэн өөр зураач байхгүй юу? Ер нь Репинд танаас өөр гадаад уран зургийн багш бий юу?
Сүүлийн хэдэн жилд шинээр орсон надаас өөр багш байхгүй байхаа. Гадаад багш гэвэл нэг Солонгос багш бий. Хар зураг заадаг юм. До.Болд ахын эхнэр Я.Оюунчимэгтэй нэг курст сурч байсан Ким гэдэг Солонгос.
-Репинд суралцах хэцүү юу? Шалгалт шүүлэг нь сандаргах уу? Зураг зуруулаад байх уу? Ямар системтэй байдаг юм бэ?
-Элсэх нь хүртэл хэцүүг би дээр хэлсэн. Дуртай зураач би элсэнэ гээд очихгүй дээ. Ихэнхдээ сургууль нь судалж шалгаж байж жилдээ 20 орчим оюутан элсүүлнэ. Маш олон жил шалгалт шүүлэг өгч байж, олон зураг зурж уйгагүй явж байж элссэн оюутан байдаг юм. Бас олон жил сураад төгсч чадаагүй яваад байгаа оюутан ч байна. 14 жил гэдэг байхаа бэлтгэл ангид сураад арайхийж үндсэн ангидаа орсон нэг орос эмэгтэй бий.
-Репинд та төлбөртэй суралцсан уу?
-Тиймээ, төлбөртэй суралцсан. Намайг сурч байхад жилийн төлбөр 5000 евро байсан. Эхнийхээ жилийн төлбөрийг л гэр орныхноосоо авсан. Бусдыг нь өөрөө болгосон доо. Зураг хөрөгөө зарж борлуулаад л гэсэн үг.
-Репинд элсчихээр ээж, аав, ах дүү нь бөөн баяр болж байсан байх даа.
-Тэгэлгүй яахав. Аав маань тэр баярыг хуваалцаж чадаагүй. Хуучнаар Мебель картоны үйлдвэр гэж байсан даа, түүний даргаар олон жил ажилласан Бадам гэж хүн байсан. Намайг монголдоо сурч байхад бурхан болсон. Ээж минь урт цагаанд насаараа оёдолчин хийсэн Далайжаргал гэдэг хүн байна. Миний энэ үзэсгэлэнгийн нээлтэд ирчихсэн баяр хөөртэй л явна.
-Таны нэрнээс үзэхэд Та айлын отгон хүү байх даа. Түвдэн нь ямар учир жанцантай юм бол?
-Дөрвөн ахтай, хоёр эгчтэй айлын отгон хүү нь. Ойрын хамаатан номтой лам манайханд ойр дотно явсан. Миний нэр түүнтэй холбоотой.
Суралцах хугацаандаа та аль хэр бүтээл туурвиж байв?
Мэдээж зургаа тасралтгүй зурж байсан. Гурван том бүтээл туурвиж "Шилдэг Диплом"-той оюутан болсон. Москва, Санктпетербургт үзэсгэлэнгээ гаргасан.
-Гурван том бүтээл гэдэг чинь ямар сэдэвтэй, ямар зураг вэ?
-Монголын маань ахуй амьдралын сэдэвтэй зургууд. "Тулам булаалдаан" хэмээх гурван том зураг. Нэг сэдэвтэй атлаа гурван өөр хувилбар гэх юмуу даа. Судалгаа нэлээд хийсэн. Удаанч зурсан. Жил гаруй ажилласан. Тэр зургуудаараа би дипломоо онц хамгаалсан. Нэг зураг нь Репиний академи төгсөх миний дипломын ажил болж академийн фондод үлддэг юм. Хэмжээ дамжаагаараа ижил нөгөө хоёр зургийг нь би "Төвөргөөн чимээ" үзэсгэлэндээ тавьсан. Нэг нь боломжийн үнэ хүрсэн тухай та бид хоёр дээр ярилцсан даа. Ямарч гэсэн Репиний академи төгсөх гэж зурсан гурван бүтээлийн минь хоёр нь монголдоо үлдлээ.
-Репиний академи төгссөн зураач бүр сургуульдаа зургаа үлдээх үү? Манай монголоос танаас өмнө аль хэр олон зураач тэнд суралцаж төгссөн бэ? Тэдний зургуудтай та тэнд суралцаж байх даа танилцаж үзэж харж байв уу?
-Хамгийн анхных нь Л.Гаваа гуай юм. Дөч тавиад оны төгсөгч байх. Манай монголоос жар гаруй зураач Репинийг төгссөн байх шүү. Тэдний дипломын зураг бүгд фондод байгаа байх. Одоогоор үзэж амжаагүй байна. Хөөцөлдөж үзэх бодол бий.
-Оросын зураачдын арга барил, бүтээлээс хэн нь танд илүү ойр санагддаг вэ? Алдарт Илья Репинд та аль хэр хүндэтгэлтэй ханддаг вэ?
-Байгалийн зураг талдаа Исаак Левитан надад ойр дотно санагддаг. Үйл явдал, агшинтай зураг зурахад Валентин Серов, Филипп Малявины зургуудаас би суралцах дуртай. Мэдээж алдарт Илья Репиний зургууд бол гүн хүндэтгэлтэй хандахаас аргагүй том бүтээлүүд шүү дээ. Шашны сэдэвтэй алдартай зургууд нь том том галерейд хүндтэй байр эзэлж байна. "Бурлаки на Волге" -г нь мэдэхгүй боловсрол, соёлтой хүн дэлхийд ховор шүү дээ. Их зохиолч Лев Толстойн хөрөг бол давтагдашгүй, гайхалтай бүтээл.
-Таныг яаж байгаад Репинийнхэн багшаар сонгочихов оо? Таны зурах арга барил, ур чадварт оросуудаас илүү нэг юм байсан юм болов уу? Монголчууд бид чинь Орос багштай л байснаас биш Оросууд монголчуудаар заалгаж багшлуулж байсан үүх түүх ховор байх шүү. Тэгэх тусмаа жирийн нэг дээд сургууль биш бүр дэлхийд зартай алдарт Репиний академи шүү?
-Миний урлангийн багш Николай Блохин гэж нэртэй зураач байдаг юм. Хоёр жилийн өмнө дэлхийн хөрөг зургийн мастеруудын уралдаанд ороод Гран-При авч байсан орост төдийгүй дэлхийд алдаршчихсан хүн. Тэр хүн л надад уран зургийн авьяас, эрдэм чадал байна гэж харсан юм байлгүй дээ. Репиндээ багшаар үлдээх саналыг дээдүүлдээ тавьсан юм байх. Бас монголын ч гэх юмуу азийн ч гэх юмуу онцлог миний зурагт байдаг байлгүй дээ. Ийм өв уламжлал надад шингээж өгсөн үйлдвэрлэл урлалын сургууль хүүхдийн урлан бүтээх төвийнхөө багш нартаа монгол зураач хүүгийн хувьд баярлахаас өөр аргагүй. Тэгээд манай сургуулийн захирал эцсийн шийдийг гаргасан. Манай академийн мэргэжлийн талын багш нар чинь Ардын зураач төрийн соёрхолтон гээд л бөөн нэр алдар цол хэргэм болсон 70, 80 гарсан буурлууд ихэнхдээ байдаг юм.
-Гуч дөнгөж гарч байгаа та хамгийн залуу багш нь байх даа? Мэргэжлийн талынхан дотроо тийм байхаа. Та хэдэн орос шавьтай вэ? Өөр улс үндэстэнээс Репинд аль хэр олон оюутан сурдаг вэ?
-Николай Блохин багш бид хоёр нэг урланд хичээл заадаг юм. Ээлжээр заана. Бид хоёрын энэ урланд хорь гаруй оюутан сурдаг. Гадаадаас гэвэл хэд хэдэн Хятад, Герман оюутнууд бий. Тэд Блохин багшийн хөрөг зурдаг эрдэм чадлаас суралцангаа, зургуудыг нь судлана. Миний зургуудыг ч бас харж судлаж, суралцана шүү дээ. Асуух лавлах, зураг хөрөг бүтэх үйл явцыг сонирхоно. Ер нь хичээл ном бол хамтарч зурах, бүтээх маягаар их явна.
-Зургийн үзэсгэлэн, сайн зураг бүтээлийг би нэг ёсны зургийн багш, сайн сурах бичиг байх гэж ойлгож байна л даа. Энэ утгаар авч үзвэл та ямар зураачдын үзэсгэлэн, ямар зураачийн бүтээлийг сайн багш, сайн сурах бичиг гэж үнэлэх вэ?
-Нэг үзэсгэлэн, нэг зургаас бүхнийг сураад авчихна гэж мэдээж байхгүй л дээ. Монгол зураачдынхаа үзэсгэлэнг нутагтаа ирсэн үедээ аль болохоор амжиж үздэг. Орсод ч олон үзэсгэлэн үздэг. Содон зураг бүтээл бүр өгөөжөө өгнө. Николай Блохин багшийнхаа зургуудаас би байнга суралцдаг. Монголын үе үеийн алдартнуудын бүтээлүүд ч бас миний багш.
-Орчин үеийн монголынхоо зураачдын бүтээлээс та суралцах уу? -Танд хэний бүтээл илүү сэтгэгдэл төрүүлдэг вэ?
-Үзэсгэлэн, зураг хөрөг үзэх бүр суралцаж байна гэсэн үг шүү дээ. Сэтгэгдэл төрүүлэх зураг бүтээл олон олон.
Би тодорхой зураач нэрлүүлэх гээд байна л даа?
Надад таалагддаг зураачийн бүтээл бусад хүнд сэтгэгдэл төрүүлэхгүй ч байж болно шүү дээ.
-Та оросын зураач Левитан, Серов, Малявин гээд нэрлэлээ. Бас хөрөг зураачдаас Николай Блохин багш гээд хэлчихлээ, тэгэхээр таны нүдээр монголоос хэн бэ гэх гээд байна л даа?
-Мэдээж хүлээн зөвшөөрөгдсөн Ардын зураач О.Цэвэгжав, Г.Одон, Л.Гаваа, Н.Цүлтэм гээд олон алдартныг хэн хүнгүй мэднэ. Ардын зураач Ү.Ядамсүрэн гуай байна. Түүний "Өвгөн хуурч" бол монгол зургийн аргаар зурсан гайхамшигтай хөрөг бүтээл. Орчин үеийн олон сайн зураачид байна. Тэднээс тэр нь гээд нэрлэхэд хэцүү. Том Дэрэмээгийн зургуудыг би нэлээд сонирхож үздэг. Дорждэрэм гэдэг зураач барималч бий дээ, зураг нь ч бусад баримал, инсталяцууд нь нэг л өвөрмөц.
-Танай Репинийнхнээс гэвэл ... ?
-Гаваа гуайгаас эхлээд бүгд л мундагчууд. Орос Баяраа, Санчир ах гээд л олон олон. Орчин үеийн урсгал - абстрактизмыг монголд эхэлсэн гэдэг талаас нь До.Болд гуайг онцлон нэрлэж болох юм. Түүний эхнэр Я.Оюунчимэг эгч гэхэд л сайн график зураач.
Манай нэрт зураач Орхоныг таны Блохин багшийн түвшинтэй харьцуулбал?
-Хөрөг талдаа Орхон ах мундаг. Блохин багш ч, Орхон гуай ч өөр өөрийн стилтэй, тод мэдрэмжтэй тод нэртэй зураачид.
Өөрийн чинь хөрөг зургийн баатрууд бодит хүмүүс байдаг уу?
"Төвөргөөн чимээ" үзэсгэлэнгийн "Анчин" байна, бас энэ үзэсгэлэнгийн "Санктпетербургийн балетчид" гэх мэт. Балетчид бол манай академийн натур юм. Тэр хос бол балетийн бүжигчид л дээ. Манай сургуульд гэрээгээр натурт суудаг хүмүүс. Монголд натураа суулгаад зурах боломж муу. Би ер нь үйл явдал, агшин зурах нь таатай байдаг.
-Таны цагийн хуваарь ямар байх вэ? Бүтээл дээрээ хэдийд ажиллах нь илүү таатай байдаг вэ?
-Өглөө эрт босно. Сургуулийн болон бусад ажлаа үдээс урагш амжуулна. Өдөр нар, гэрэл дүүрэн болсон үед зурах дуртай.
-Гэртээ урлантай юу? Санктпетербургт аль хэр том байр сууцанд амьдардаг вэ?
-Түрээсийн хоёр өрөө орон сууцанд амьдарч байна. Урлан гэхээр өрөө тасалгаа гэртээ тусгайлан гаргах боломжгүй . Гэхдээ боломжоороо ойр зуурын зураг хөрөг дээр ажиллана. Том зураг хөргөө сургуулийнхаа урланд сууж хийдэг юмаа.
-Таны ажиллаж амьдардаг Санктпетербург амжиргааны өртөг аль хэр өндөртэй хот юм бэ? Репиний академийн багш, бас зураг бүтээл байнга туурвиж нэрд гарч яваа зураачийн цалин хөлс тэнд ажиллаж амьдрахад аль хэр хүрэлцээтэй байна. Хувийн байр байшин урлан худалдаж авахад хүрэлцэх үү?
-Хэцүү асуулт байна. Ер нь орос орон, Москва, Санктпетербург өртөг өндөртэйг хэн хүнгүй мэднэ шүү дээ. Академийн багшийн цалин өндөр биш ээ. Харин нэр хүнд нь их өндөр. Зураг бүтээлийн орлого, цалингаараа өөрийгөө, гэр орноо л дөнгөж авч явна.
-Италийн Равенногийг эртний сүмийг сэргээж зурах ажил тань гайгүй орлого оруулж амьдралыг тань сэхээх юм биш үү? Аль хэр үнэтэй төсөл вэ? Италичууд Танд хэдий хэр хэмжээний юм амлаж байна?
-Таван жилийн туршид арав хорь хоног дээд тал нь нэг хоёр сараар зурж бүтээх ажил учраас гэнэт нэг их орлого бөөнөөрөө ороод ирэх тийм ажил биш ээ. Энэ үзэсгэлэнгийнхээ өмнөхөн би очоод ажилтайгаа танилцаад бага сага ажил эхэлчихээд ирсэн. Нэлээд том талбартай тааз, хананы чимэглэлийг хуучныхаар нь, бас өөрийн санаагаар шинээр зурах уран зураг ч их бий. Ингэж хэсэг хэсгээр нь би очиж зураад л, дараа дараагийнх нь бэлтгэлийг тэд хангаад л би очиж зурах тийм ээлж дарааллаар таван жил болох том төсөл. Тэнд байр, хоол унд бүх юмаар л намайг сайн хангаж байгаа. Өндөр зэрэглэлийн хаус, тогооч, үйлчлэгч, хэлмэрч, машин тэрэг гаргаж өгч байна лээ. Монгол зураачийн бүтээл Италийн алдартай түүхт сүмд үлдэж байгаа гэдэг нь надад мөнгөнөөсөө дутуугүй үнэ цэнэтэй.
-Таныг италчууд яаж сонгочихсон юм бэ?
-Коньесер галерейн шугамаар энэ төсөлтэй холбогдсон. Энэ галерейн эзэн Кирилл гуай надаар Равеннагийн сүмийн зургийн эскизийг хийлгэсэн юмаа. Би тэр дагуу нь хэд хоног ажиллаад эскизээ Кирилл гуайд үзүүлж, тэр Италируу явуулсан байх. Тэгээд л минийхийг сонголоо гэсэн хариу ирүүлсэн гэсэн. Кирилл гуай энэ эскизийн зураач чинь христиан биш буддын шашинтай монгол хүн шүү дээ гэж утсаар ярьж л дээ. Равеннагийнхан эскиз харснаас биш намайг мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор Кирилл гуай хаширлаж тайлбарласан юм байх. Тэгтэл сүмийн хамба лам нь тэр хамаагүй гэсэн юм байна лээ. Тэгээд л би очсон хэрэг. Намайг очиход харин хамба лам нь загалмайлах ёслол үйлдсэн. Ёс заншил нь тийм юм биз дээ гэж бодоод би нэг их ач холбогдол өгөөгүй.
-Та гадаад орнуудаар аль хэр аяладаг вэ? Мэдээж Москвагийн , Санктпетербургийн Эрмитаж, Парисын Лувр гээд л үздэг байлгүй?
-Олон улс орноор явж амжаагүй байна. Италийн Равенна, Венецид очиж сүм хийдүүдийг үзсэн. Финляндад очиж "Эмээгийн хөрөг" үзэсгэлэнгээ гаргасан. Тэндээс Финийн этюд гээд цуврал зурагтай ирсэн. Лувр одоохондоо үзэж амжаагүй байна. Яваандаа болох биз. Москва, Санктынхаа галерейнуудыг мэдээж хэд хэд үзчихсэн. Надад Москвагийн Русский музей л илүү их сэтгэгдэл төрүүлдэг юм. Тэнд Оросын бүх алдарт зураачдын олон зуун эх зургууд байдаг.
-Монголдоо Та энэ удаа аль хэр удаан саатах вэ?
-Сар гаруй болох байх. Хөдөө гадаа явж зураг зурах уу? Нэг том төслийн ажил хөөцөлдөөд байна. Хэрвээ тэр бүтвэл их ажил өрнөх юм. Нэг жилээс ч илүү ажил болох байх.
-Том уран бүтээл зургийн ажил уу?
-Одоохондоо тодорхой хэлэхэд эрт байна.
-Амжилт хүсье тэр том төсөлд тань.
Зохиогчоор нь зургийнхаа ард хэд гурван үг бичүүлж авав
Ярилцсан Д.Цэдэн-Иш
“Open door” сонины 2014 оны №15 дугаарт