Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёог Монголын утга зохиолыг гадаадад сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэж, үзэг нэгт нөхдөдөө жим, гарц нээж өгдөг эрхэм хүмүүн хэмээн салбарынхан нь хүндэтгэдэг. Саяхан Македон улсад болсон олон улсын яруу найргийн арга хэмжээнд яруу найрагч А.Эрдэнэ-Очиртой хамт оролцоод ирсэн тэрбээр өчигдөр мөн л чихэнд чимэгтэй нэгэн мэдээ дуулгалаа. Тодруулбал, “Mongol rally”-д оролцохоор ирсэн Эрик Миссенжир хэмээх америк залуу хоёр найзынхаа хамт тэднийд ирж уулзсан байна. “Paris Review”, “The Wall Street”, “The New York Times” зэрэг сонин, сэтгүүлд нийтлэгдсэн Г.Мэнд-Ооёогийн тухай нийтлэл болон шүлгүүдийг нь уншсан тэд зохиолчтой эчнээ танил болсноо хэлжээ. Эрик Миссенжир өөрөө утга зохиолд тун их элэгтэй хүн учраас Монголд ирсэн дээрээ түүнтэй заавал уулзана гэсэн зорилгодоо ийн хүрсэн гэнэ. Дашрамд дурдахад, тэд “Mongol rally” аяллынхаа хүрээнд Монгол орны үзэсгэлэнт байгаль, тал нутаг, хөд өөгийнхний аж амьдралыг харуулсан олон сайхан дүрс бичлэг хийснээ дуулгаад, удахгүй энэ тухайгаа нэвтрүүлэг хийж, зурагт, цахим хуудсаар түгээнэ гэжээ.
Л.АРГАМЖИН