Японы Тоттори хотын иргэн Масахито Ёшида Африкийн хойд захаас өмнөд цэг хүртэл буюу Египетийн Александрия хотоос Өмнөд Африкийн Сайн Итгэлтийн хошуу хүртэлх 11 мянган км замыг чиргүүл чирэн, явган туулж байна. Тэрбээр цэвэр ус, хоол хүнс, хоол хийх сав суулга, майхан гээд 100 орчим кг жин татах ойр зуурын хэрэгцээт зүйлсээ хоёр дугуйтай, жижиг чиргүүлдээ ачжээ.
Өнгөрсөн жил дэлхийг тойрч, 44 мянган км зам явган туулсан Ёшида туршлагатай аялагч. Тэрбээр Европ, Ази, Хойд Америк, Австралиар хөндлөн гулд алхаад байгаа бөгөөд гол зорилго нь бүх тивийг явган туулах гэнэ.