Хөгжим бүжгийн коллеж, Италийн Пэрүжа хотын хөгжмийн консерваторийг дүүргэсэн төгөлдөр хуурч С.Одгэрэл энэ сарын 20-нд Улсын филармонийн концертын танхимд “Pianissimo” тоглолтоо хийх гэж буй. Завгүй, шаламгай арван хуруу, хөгжмийн өндөр мэдрэмж, хөгжилтэй яриа түүнийг тодорхойлно. Хүсэл мөрөөдлөө биелүүлж, сонгодог урлагт дурлан, ихийг бүтээхээр тэмүүлж яваа энэ бүсгүй эдүгээ Италид Төгөлдөр хуурын олон улсын академид суралцаж байгаа юм. Хэдийнэ Итали, Испани, Германд бие даан тоглож, олон улсын уралдаан тэмцээнээс шагнал хүртээд амжсан түүнтэй ярилцсанаа хүргэе.
Төгөлдөр хуурч С.Одгэрэлийг олон нийтийн сүлжээнээс “Аяар”, “Аяархан” гэдэг нэрээр нь хайж олох боломжтой. “Piano” гэдэг итали үг нь “аяархан” гэсэн утгатай аж. “Pianoforte” гэдгийг “аяархан, чанга” хэмээн орчуулж болох юм. Анх даралтат хөгжмийг тоглохдоо дууг нь чангалж, намсгах боломжгүй байсан бөгөөд үүнийг Италийн хөгжим урлаач Кристофер Бартоломео өөрчилж, төгөлдөр хуурыг “Fortepiano” хэмээн нэрлэх болжээ.
-Энэ жил нутагтаа тоглолт хийхээр эртнээс төлөвлөсөн байв уу, эсвэл гэнэт шийдэв үү?
-Монголдоо тоглолт хийнэ гэж төлөвлөж байсан л даа. Гэхдээ зун хоёр сар гаруй хөдөө байдаг болохоор хотод ирснээсээ хойш л тоглолтын зараа түгээлээ.
-Хөгжмийн академид сургалт арай ачаалал багатай байдаг уу?
-Долоо хоногт хоёр хичээл заавал орно л доо. Мэргэжлийн хичээл, хөгжмийн сургалт, удирдаач, хоёр төгөлдөр хуурт зориулсан хичээл гээд ээлжлээд орчихдог юм.
-“Pianissimo” тоглолтын хөтөлбөрийг танилцуулж болох уу?
-Тоглолт хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт ОХУ-ын хөгжмийн зохиолч С.Рахманиновын прелюдийг тоглоно. Түүний 24 прелюди байдгаас би Оп 23-32-оос түүвэрлэж долоог нь тоглох юм. Сонгодог хөгжим сонсох дуртай монголчууд С.Рахманиновт хайртай байдаг. Эхний хэсгийн төгсгөлд ДБЭТ-ын гоцлооч Б.Энхнарантай хоёр дуу дуулна. Б.Энхнаран манай ангийн охин л доо.
-Өмнө нь хөгжмийн ангид байсан юм уу?
-ХБК-ийн габойн ангид байсан юм. Дараа нь дуулаачийн анги болж салаад, Санктпетербургт сургууль төгсөж, өнгөрсөн жилээс ДБЭТ-ын гоцлооч болсон. Миний сайн найз байгаа юм. Манайхан төгөлдөр хуурчийн ганцаарчилсан тоглолтыг хараахан сонсож сураагүй байгаа учраас дуулаачтай хамтрах нь зүйтэй гэж үзсэн. Мөн тоглолтоо тайлбартай хийх юм.
-Өөрөө тайлбарлах уу?
-Надаас гадна Итали, Монголын соёл боловсролын төвийн захирал тоглолтыг маань хөтөлж, тайлбар хийнэ. Тоглолтын эхний хэсэг 45 минут үргэлжилнэ. Тэгээд 10 минут завсарлаад дараа нь С.Гончигсумлаа гуайн “Буриад бүжиг”, Б.Шарав гуайн “Сэтгэлийн эгшиг” мөн “Сэрсэн тал”-ыг тоглоно. Энэ зохиолыг найрал хөгжимд зориулан бичсэн. Өнгөрсөн өвөл би гэр бүлийнхэн болон найз нөхдөдөө сар шинийн мэндчилгээ болгон энэ зохиолыг төгөлдөр хуурт хөрвүүлэн тоглож, бичлэг хийгээд “фэйсбүүк” хуудастаа байршуулсан юм. Тэр бичлэгийг одоогийн байдлаар 28 мянган хүн үзсэнээс гадна, маш сайхан урмын үгс бичсэн. Тиймээс би тоглох ёстой юм байна гэж бодлоо. Мэдээж Б.Шарав гуайтай уулзаж албан ёсны зөвшөөрөл авч байж дараа нь “youtube” хуудсанд оруулах болно. Хоёрдугаар хэсгийн эхний гурван зохиол нь Монголын хөгжмийн зохиолчдынх байх юм. Төгсгөлд нь Норвегийн хөгжмийн зохиолч Эдварт Григийн ля минорын төгөлдөр хуурт зориулсан концертыг төгөлдөр хуурч Б.Оюутай хамт тоглоно.
-ХБК-ийн ангийнхнаас тань хэд нь мэргэлээрээ ажиллаж байна вэ?
-ХБК-д 15 төгөлдөр хуурч, 15 хийлч нэг анги болон элсэж байлаа. Биднийг сурч байхад сургууль маань коллеж, дараа нь дээд сургууль болж, сургалтын чанарыг илүү сайжруулсан. Маш олон хүүхдийг шигшиж хассан. Наймдугаар ангидаа зургаан төгөлдөр хуурчтай байгаад, нэгдүгээр курст дөрвүүлээ болсон. “С” авбал сургуулиас хасдаг байлаа. Манай ангийн Алунгоо Гнесиний акдеми төгсөөд ДБЭТ-т ажиллаж байгаа. “Нэгүн” хамтлаг дуулдаг байсан Цэрэнболд өөрийн гэсэн студи байгуулсан. Бид гурав л мэргэжлээрээ ажиллаж байна даа.
-Хөгжимчид маш олон жил сургуульд сурдаг ч Монголын нөхцөлд сонгодог урлаг сонирхдог хүрээлэл хумигдмал учраас үнэлэмж бага, ажиллах нөхцөл нь хэцүү байдаг байх. Итали, Монголын ялгааг харьцуулбал асар их зөрүүтэй. Төгсөөд Монголдоо ажиллах уу?
-Европын систем нь яалт ч үгүй өөр. Нэгд үгээрт, нийгэм нь хүнлэг. Хувь хүний хөгжилд их анхаардаг учраас урлагийг ойлгож, дэмждэг. Тэнд сурч байхдаа ч, төгсөөд ч ажиллах боломж илүү өргөн. Агентлагтай холбоо тогтоогоод энгийн зарлал тавиад тоглосон ч үзэгчид ирдэг. Нэгэнт хэрэгцээ нь бий болчихсон учраас үзэгчид бүрдүүлэхэд бэрхшээлгүй. Харин Монголд бол өөрсдөө бүгдийг хийж, гүйх ёстой. Зөвхөн хөгжмөө сайн тоглохоос гадна өөр стресс нэмэгдэж байгаа юм. Яг одоо Монголдоо эргэж ирээд ажиллая гэвэл хийх зүйл их байгаа. Сонгодог урлагаа хүмүүст ойртуулж танилцуулах хэрэгтэй байна. Үүнийг бид л хийх ёстой. Урлагаа гэсэн сэтгэлтэй хүмүүс ХБК-оос төрж байгаа ч хүрээ нь ийм хумигдмал байж болохгүй. Олон нийт мэддэг, ойлгодог болох хэрэгтэй. Энд төвлөрөөд ажиллана гэвэл эхлээд санхүүгийн асуудлаа шийдэх ёстой. Мөн олон улстай холбоо харилцаагаа хадгалж, Европ, Азид тоглох хэрэгтэй. Сүүлийн үед Сингапур, Хонконгод олон уралдаан зохиогдох боллоо. Тэнцвэрийг нь хадгалж, эх орондоо ч уран бүтээлээ туурвиж, уралдаан тэмцээнд ч алдалгүй оролцох хэрэгтэй байх аа.
-Мөн суралцахаас хэзээ ч татгалзаж болохгүй байх.
-Ямар ч мэргэжлийн хүн суралцахаа зогсоовол хоцрогдож, хатуухан хэлбэл ялзрахад бэлэн болдог. Байнга өөрийгөө шинэ мэдээлэлтэй байлгаж, соргог байх ёстой. -Италийн Засгийн газрын тэтгэлэг хүн бүрт олдоод байдаггүй байх. Цаашид Европт суралцах хүсэлтэй хүүхдүүдэд гарц, боломж хэр их байна. -Төгөлдөр хуурч Мягмарцэрэн Италийн Засгийн газрын тэтгэлэг авч суралцсан байдаг. Тэрбээр одоо ХБК-д багшилж байгаа. Италийн Засгийн тэтгэлэг хэдэн жилийн өмнөөс зогсчихсон гэж дуулсан. Одоо өгч байгаа эсэхийг нь мэдэхгүй байна. -Бэрхшээл хэр их байв? -Тухайн үед итали хэлний дамжаа байгаагүй. МУИС-ийн оюутнуудтай хамт хичээлд сууж, хувиараа итали хэл сурч эхэлсэн. Засгийн газрын тэтгэлэг байсан учраас эхний зургаан сарын дотор хэлний чадвараа сайжруулбал үргэлжүүлэн суралцуулна гэсэн болзол тавьсан. Тиймээс хичээх ёстой нь ойлгомжтой. Эхний хоёр жил Засгийн газрын тэтгэлгээр суралцаад, дараа нь мужийн тэтгэлэгт хамрагдсан. Одоо академид хувийн зардлаар сурч байгаа. Энд, тэнд тоглоод эхэлчихсэн учраас гайгүй байна аа.
-Төлбөр нь өндөр үү?
-Консерваторийн төлбөр өндөр биш ээ. Жилийн төлбөр нь 700 евро л байдаг. Манай академийн жилийн төлбөр нь 2500 орчим евро. Дэлхийн хамгийн анхны төгөлдөр хуурт зориулсан академид суралцаж байгаадаа баяртай байдаг. ОХУ болон АНУ, Италиас ирсэн, алдартай төгөлдөр хуурчид бидэнд хичээл заадаг. Маш өндөр шалгууртай. 90 минут тасралтгүй тоглох зохиолоор шалгалт өгдөг. Дээр нь төгөлдөр хуурт зориулсан концерт тоглох ёстой. Ийм хатуу шалгууртай, хэцүү даалгавартай болохоор дараа нь хаана ч очиж тоглосон баялаг урын сантай болно гэсэн үг.
-Сонгодог урлагийн мэргэжил сонгосон хүмүүсийн гэр бүлийнхэн нь маш сайн дэмжихгүй бол хэцүү байдаг гэж дуулсан. Сургалтын төлбөр, олон жилийн хичээл зүтгэл, байнгын бэлтгэл гээд анхаарах зүйлс олон байдаг болохоор тэр байх. Танай гэр бүлийнхэнд урлагийн мэргэжилтэй хүн бий юү?
-Манайхан цөм спортын хүмүүс. Ээж ХБК-д биеийн тамирын багшаар ажиллаж байсан учраас намайг авьяастай эсэхийг мэдэхээр шалгуулсан юм билээ. Хөгжимчид ялангуяа шоу бизнесээс бусад урлагийн мэргэжилтэй хүмүүс мөнгө бодож амьдардаггүй. Эрсдэлтэй гэдгийг нь ч бид мэдэж байгаа. Гэр бүлийнхэн дэмжиж, ойлгохгүй бол амжилтад хүрэх боломжгүй. Одоохондоо Европт тоглож байгаа учраас санаа зовох зүйлгүй байна даа. Манай аав хөгжмийн авьяастай хүн л дээ. Төгөлдөр хуур, труба тоглодог байсан. Сагсан бөмбөгийн “1+11” багийг дасгалжуулж, олон жил улсын аварга болгосон хүн. Манай ах “Отгонтэнгэр” дээд сургуулийн биеийн тамирын багш.
-Хөгжмийн сургуулийн сурагчид хэзээнээс мэргэжилдээ илүү татагдаж, хайртай болдог бол?
-Анх надад хийл хөгжим илүү таалагддаг байсан. Төгөлдөр хуур хэтэрхий нүсэр, хүнд харагддаг байлаа. Мэргэжилдээ дурлатлаа удсан. Зургадугаар ангид байхаасаа хөгжмийнхөө утга учрыг олж, ойлгосон. Гэр бүлд урлагийн хүн байхгүй учраас айхтар дэмжлэг байсангүй. Гэхдээ маш сайн багштай учирсан. Ч.Тунгалаг багш хүүхдийн гарын тавил, барилыг сайн эзэмшүүлж, шавь нартаа санаа тавьдаг хүн. Ийм зөв замаар явж өдий хүрсэн учраас харамсах, эргэлзэх зүйл байдаггүй ээ. Бас ХБК-д сурч, төгөлдөр хуураар хоолоо олж идэх үү, үгүй юү гэдгээ шийдэхээсээ өмнө сонгодог флейт, бүжгийн ангид давхар суралцаж үзсэн. Мөн Италид сурахаар явтлаа МУИС-ийн урлаг судлалын ангид сурсан. Хийхийг хүссэн болгоноо хийж үзсэн учраас мэргэжилдээ хайртай байдаг.
-Гэрээ санахаараа ямар хөгжим тоглодог вэ?
-Эхний дөрвөн жил нутаг, эх орноо гэж санадаггүй байлаа. Мөрөөдлийнхөө мэргэжлийг эх оронд нь эзэмшиж байгаа учраас сонирхолтой байсан байх. Сүүлийн хоёр жил илүү Монголоо санадаг болсон. Эх орноо санахаараа ардын дуу сонсож, түүнийгээ төгөлдөр хуурт зориулан хөрвүүлж тоглодог юм. Нарийн ажиллагаатай, сайн найруулга хийсэн гэж хэлэхгүй ч өөрийгөө баясгаж, таашаал авч байгаа юм. Гунигтай байхдаа Шопен, Бах их тоглодог.
-Ямар, ямар төгөлдөр хуур дээр тоглож үзсэн бэ?
-Их гоё асуулт байна. Магистрт элссэнээсээ хойш түүхэн хөгжмөөр тоглох дуртай болоод байгаа. Түүхэн төгөлдөр хуурын хичээлд сууж, мэргэших хүсэлтэй. Түүхэн төгөлдөр хуураар тоглох хэв маяг одоо Европт дөнгөж моодонд орж байгаа учраас монголчууд хараахан мэдэхгүй байх аа. А.Моцартын бүтээлийг түүний амьдарч байсан үеийнх нь төгөлдөр хуураар тоглох огт өөр байдаг. Ийм судалгааг ойлгуулах гэж сүүлийн 20 жил маргалдаж, тэмцэлдээд одоо л хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм. Заримдаа хөгжмийн зохиолчдын ноотны тэмдэглэлд ойлгомжгүй зүйл гарч ирдэг. Энэ нь тухайн үеийн хөгжимдөө зориулагдсан байдаг. Энэ бол маш сонирхолтой сэдэв. Би “Errard”, “Pleyel”, “Bossendorfer”, “Fazioli” зэрэг төгөлдөр хуураар тоглож байсан. “Errard”- аар Ф.Шопений төгөлдөр хуурын хоёрдугаар концертыг найрал хөгжимтэй тоглож байсан. Энэ дундаас “Fazioli”-ийг илүү онцолж яримаар байна. Ихэнх төгөлдөр хуурч “Stainway& Sons”- ийг дэлхийн хамгийн шилдэг төгөлдөр хуур гэж боддог. Харин би “Fazioli”-ийг хэлнэ. Энэ нь орчин үеийн төгөлдөр хуур л даа. Гэхдээ энэ хөгжмөөр тоглоод би бүр алмайрсан. Ийм бэрхшээл багатай тоглож болдог гэж үү гэж бодсон. “Stainway& Sons”-оос илүү дуугаралттай.
Зөвхөн түүний бүтээлийг сонсохоор зорин ирдэг үзэгчид Монголд байдаг гэсэн. Тэрбээр энэ тоог 30 хүрнэ гэж хэлж байгаа ч түүнээс ч олон байж мэднэ. С.Одгэрэлийн ур чадвараар амилсан олон сайхан аялгууг сонсохыг хүсвэл тоглолтыг нь зориод ирээрэй.
С.СЭРГЭЛЭН