“Та түүхээ мэдэхгүй бол танд зохиож өгөх хүн элбэг олдоно” хэмээн гүн ухаантан Цицерон хэлсэн удаатай. Түүхийн хичээл уйтгартай, зураггүй зузаан ботиудад үйл явдал, баримтыг багтаадаг болоод ч тэр үү, орчин үед манайд эх түүхээ сайн мэддэг, сонирхдог хүүхэд цөөрсөн гэхэд хэлсдэхгүй. Үүнээс улбаалж Монголын түүхийг гуйвуулж, эх орноо дөвийлгэсэн гаднын бүтээл, хүүхэлдэйн кинонуудыг ч манай залуучууд амтархан үзэж, тархиа угаалгадаг. Харин гаднын улсууд түүхээ дээдлэн, иргэддээ мэдлэг олгохоор төрөл бүрээр хичээж, урлагийнхан нь ч үнэтэй хувь нэмрээ оруулдаг аж. Үүний нэгэн жишээ бол Чехийн алдарт зураач, график дизайнер Рэната Фүчиковагийн “Зурган дунд аялсан нь” нэртэй, Европын түүхийг өгүүлсэн уран зургийн ном. Монгол улс Европын холбоотой дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Рэната Фүчиковагийн “Зурган дунд аялсан нь” номны 20 зургийн хэвлэмэлийг “Улаан гэр” галерейд дэлгэжээ.