МУЭ-ийн шагналт зураач, Олон улсын уран бүтээлчдийн Монголын Холбооны /ОУУБМХ/ тэргүүн А.Чадраабалын “Саруул талын өглөө” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт хэдхэн хормын дараа "Хөх саран" галерейд болно. Зураа орчин үеийн уран зургийн шинэ арга барилаар бүтээсэн 30 гаруй зургаа дэлгэх юм.
Зураач А.Чадраабал нь 2014 оны гуравдугаар сард бэхэн зургийн бие даасан үзэсгэлэнгээ Улаанбаатар хотод гаргасан бөгөөд энэ оны нэгдүгээр сард БНХАУ-ийн ӨМӨЗО-ы Хөх хотод "Хийморь” олон улсын үзэсгэлэн, дөрөвдүгээр сард Ордос аймгийн “Чингисийн Онгон”-д “Бидний сэтгэл дэхь Чингис хаан” үзэсгэлэнг тус тус зохион байгуулж, гуравдугаар сард Тайваньд болсон ”Азийн орчин үеийн урлагийн 28 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн”-д “Хавар” бүтээлээрээ, долдугаар сард Улаанбаатар хотодд болсон олон улсын “Саммит” үзэсгэлэн, наймдугаар сард Монголын Урчуудын Эвлэл, Хөх хотын “ИХ ЗУУ” орчин үеийн урлагийн төв хамтран зохион байгуулсан “Монгол морь” үзэсгэлэнд “Нартай өдөр”, “Морьны зохиомж” бүтээлүүдээрээ оролцсон байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд ихэвчлэн морины зураг багтсан байгаа боловч өвөрмөц хэлбэр донж төрхтэй, шинэлэг зохиомж арга ажиллагаа техник ашигласнаараа ялгарна. Үзэсгэлэн энэ сарын 18 хүртэл үргэлжилнэ.