Монголын сагсанбөмбөгийн үндэсний шигшээ багийнхан БНСУ-ын Инчон хотод болох Азийн наадамд оролцохоор бэлтгэлээ хийж байгаа. Тэд энэ сарын 20-нд Хонконгийн багтай эхний тоглолтоо хийх бөгөөд Кувейт, Мальдив зэрэг орны тамирчдыг хожоод хэсгээсээ нэгээр гарвал Иордан, Японы шигшээтэй өрсөлдөх юм байна. Монголын шигшээгийн тамирчин Тунгалагийн Санчир дээрх оноолтыг “дажгүй, боломжийн” гэж тодорхойлсон учраас өмнөх амжилтаа ахиулах боломж байгаа гэж найдаж болохоор. “Амжилт нь ахисан тоглогч”-оос эхлээд Бүх оддын тоглолтын “Үнэ цэнэтэй тоглогч”, “Үндэсний супер лиг”-ийн онооны лидер тэргүүтэй олон цол өргөмжлөлийг чадвараараа хүртсэн түүнтэй ярилцлаа.
Өнгөрсөн жил “Li Ning” брэндийн нүүр царайгаар тодорсон Т.Санчир NBA-гийн супер од Двэйн Уэйдийн дараа тэднийхтэй бүтэн жилийн гэрээ хийсэн хоёр дахь тоглогч болсон билээ.
-Багийнхантайгаа хамт Америк руу яагаад яваагүй юм бэ?
-Би өнгөрсөн улиралд “SBL Хасын хүлгүүд” багт тоглож байсан. Гэрээний маань хугацаа дууссан болохоор энэ улирлаас эхлээд “Баянгол Гурвантамир” багт тоглохоор болсон. Багийнхантайгаа хамт Америк руу бэлтгэлд яваагүй шалтгаан нь ОХУ-ын Чита хотод болсон Оюутан, залуучуудын урлаг спортын наадамтай минь давхацсан учраас тэр. Би тэнд сагсанбөмбөгийн төрөлд оролцсон юм.
-Та нар гэрээгээ ер нь хэдий хэр хугацаагаар хийдэг вэ. Та одоогоор хэдэн баг солиод байна вэ?
-Гэрээний доод хугацаа нэг жил байдаг. Тамирчид клубүүдтэй тохиролцож чадвал түүнээс дээш хэдэн ч жилээр хийж болно. Би анх 2007-2009 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн “Ёлууд” багт тоглодог байсан. 2010 оноос “Баянзүрх Буллз”-д, дараа жил нь “SBL Хасын хүлгүүд”-д, тэгээд буцаад “Баянзүрх Буллз”, “SBL Хасын хүлгүүд” гэсэн дарааллаар гэрээ хийсэн юм байна. Үндсэндээ дөрвөн баг сольжээ.
-Өмнө нь тоглож байсан багуудтайгаа жил өнжөөд гэрээ хийхээр нөхцөл нь илүү дээрдэнэ биз?
-Гар нийлээд тоглочихож болохоор тамирчидтай багт орохыг юуны түрүүнд хүсдэг. Тэгээд мэдээж гэрээний нөхцөлийг сонирхоно. Сая “Баянгол Гурвантамир” багтай хоёр жилийн хугацаатай, боломжийн гэрээ хийсэн.
-Үндэсний шигшээ багт хэзээнээс тоглож эхэлсэн бэ. Манай шигшээгийнхэн ямар нэг тэмцээн дөхөхөөр л богино хугацаанд хамтарсан бэлтгэл хийдэг юм шиг байсан. Энэ нь ч манайхны амжилтад нөлөөлдөг гэдэг. Тамирчид нэг нэгнийхээ тоглолтыг ойлгож, мэдрэхийн тулд байнгын бэлтгэлтэй байж болдоггүй юм байх даа?
-Би Үндэсний шигшээ багт тоглоод таван жил гаруй хугацаа өнгөрч байна. Анх 2009 онд Японы Нагояад болсон Зүүн Азийн наадамд багийнхантайгаа оролцож байлаа. Сагсанбөмбөгийн хувьд жүдогийнхон шиг ч юм уу, жилийн дөрвөн улирлын турш бэлтгэлтэй байх боломж байдаггүй. Яагаад гэвэл манай сагсчдын дийлэнх нь давхар өөр ажил хийдэг учраас тийм цаг зав байхгүй. Лигийн тэмцээн эхэлсэн үед бол тамирчид үндсэндээ хувь хувьдаа бэлтгэлээ базаачихдаг. Цаашид улсаас Үндэсний шигшээгээ дэмжээд, байнгын бэлтгэл сургуулилалттай байх боломж нөхцөлийг нь хангаад өгвөл болохгүй гэх газаргүй л дээ.
-Үндэсний шигшээ багийн тамирчин болсноор танд болон таны амьдралд ямар нэгэн өөрчлөлт гарав уу?
-Амьдралд өөрчлөлт гарах нь ч юу юм. Сагсанбөмбөгт үнэхээр сонирхолтой залуус л эх орныхоо нэрийг олон улсад бахархалтайгаар дуудуулахын тулд бэлтгэл сургуулилалт хийдэг. Гэхдээ яваандаа цалин хангамжийн тухайд ч, ер нь бүх талаараа сайхан болно гэдэгт итгэдэг.
-Өнөөдөр Монголд энэ спорт харьцангуй хурдацтай хөгжиж байгаа. Гэтэл үүний хажуугаар хоёр холбоо бий болчихоод тамирчдаа булаалдаж, хоорондоо талцах болсон. Энэ нь та бүхэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Миний бодлоор хоёр холбоо нэгдээд ажиллавал хэн хэндээ хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй бол холбоодоо дагаад тамирчид ч хоёр хуваагдах болдог. Энэ бол манайхны амжилтад сөргөөр нөлөөлөх том хүчин зүйл. Гэхдээ бидний хувьд аль нэг холбоо дагаж гүйхээсээ илүү тэмцээн уралдаанд оролцох нь л чухал учраас гаднынхантай хэн түрүүлж холбоо барин зам гаргаж өгсөнтэй нь хамтарч ажилладаг.
-Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулиас үе үеийн чадварлаг сагсчид төрөн гарсан байдаг. Дунд сургуулиа төгсөөд огт өөр сургуульд элссэн та хүртэл яагаад тийшээ орчихсон юм бэ?
-Манай сургууль үнэхээр л сагсанбөмбөгийн спортын арвин түүхтэй шүү. Энэ бол гавьяат дасгалжуулагч Цэвэрбал багшийн маань хөдөлмөрийн үр шим гэж боддог. “Отгонтэнгэр” их сургуульд урилгаар ороод удаагүй байхдаа Оюутны лигт тоглосон юм. Тэгэхэд манай сургуулийнхан Худалдаа үйлдвэрлэлийн багтай тоглосны дараа Цэвэрбал багш надад санал тавьснаар энд орж билээ.
-Таныг гэнэт л сургууль, мэргэжлээ солиход хүргэсэн гол шалтгаан сагсанбөмбөг байх нь. Тулгамдаж байв уу. Эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг уу?
-Нэг, хоёрдугаар курст ерөнхий эрдмийн хичээл ордог учраас нэг их зөрүү гараагүй. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг олон улсын худалдааны менежмент мэргэжлээр төгсөөд, Төрийн банкинд хэсэг ажилласан. Гэхдээ сагс тоглохын хажуугаар мэргэжлээрээ ажиллах гэхээр амжихгүй юм. Одоо “Соёмбо” даатгалд менежерээр ажиллаж байгаа.
-Есдүгээр ангидаа 188 см өндөр байсан гэл үү. Сагс тоглоод тийм өндөр болов уу, эсвэл төрөлхийн урт чацтай юм уу?
-Есдүгээр ангидаа арай ч бас тийм байгаагүй ээ. 185 см орчим л өндөр байсан болов уу. Одоо л 190 см өндөр шүү дээ. Ер нь багаасаа өндөр байсан. Багын зургуудаа харахаар ангийнхнаасаа лав толгой илүү байдаг (инээв).
-Коби Брайнтыг шүтдэг гэсэн. Нэгэн цагт танд NBA-д тоглох боломж гараад, их хэмжээний мөнгөний гэрээ хийвэл хамгийн түрүүнд юу хийх вэ?
-Тамирчин хүний хувьд мэргэжлийн спортынхоо дээд оргилд хүрсэн газарт хөл тавина гэдэг мэдээж маш сайхан боломж. Хэрэв тэгвэл эх орондоо нэн түрүүнд шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихад хандив өргөнө. Бас хүүхэд залууст зориулсан спорт танхимуудыг олноор нь байгуулж өгмөөр байна. Өнөөдөр манайд биеийн тамирын заалгүй сургууль маш олон байгаа нь харамсалтай.
-Тамирчид, тэр дундаа сагсчин хүний хамгийн гол гангараа бол чанартай, сайн пүүз байх, тийм үү. Та ямар брэндийн пүүз өмсдөг вэ?
-Пүүзийг гангараа маягаар өмсдөг хүмүүс байдаг л даа. Гэхдээ тамирчдын хувьд пүүз бол гангараа гэхээсээ өмсөхөд л эвтэйхэн байх ёстой. Би ч мөн энэ жишгийг дагадаг. Миний хувьд “Nike” брэндийн “Коби” загварууд таалагддаг учраас тэндээс сонголтоо хийдэг.
-Ээж тань сэтгүүлч мэргэжилтэй гэсэн байх аа?
-Тийм ээ. Үндэсний телевизэд 25 жил ажиллаж байгаа. “Хос багана” нэвтрүүлгийг хийж байснаар нь хүмүүс сайн мэддэг юм билээ.
-Сэтгүүлчийн хувиар хүүдээ зөвлөгөө өгдөг үү. Олны танил хүмүүсийг байнга дагадаг хэл амнаас зайлсхийхийн тулд сэтгүүлчидтэй ингэж харилцах ёстой гэдэг ч юм уу?
-Сэтгүүлчийн үүднээс нэг их зөвлөгөө өгөөд байдаггүй юм аа. Ээжийн минь захидаг ганц зүйл нь “Хүнийг яриагаар нь дүгнэдэг юм шүү. Энд тэнд олны дунд явахаараа үгээ сайн цэнээрэй” л гэдэг.
-Айлын ганц хүү бил үү?
-Тийм ээ.
-Ээж тань хэр хатуу гараар хүүгээ өсгөсөн бэ. Өндөр шаардлага тавьдаг байв уу?
-Гайгүй ээ. Ээж, эмээтэйгээ өссөн болохоор уян зөөлөн талдаа. Намайг зөв, зөөлөн хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн ээждээ баярладаг шүү.
-Нууц биш бол хэдэн нас хүртлээ ээжийнхээ өвөрт унтсан бэ?
-Хоёрдугаар анги хүртлээ унтсан байх аа. Ээж, эмээ хоёртойгоо ээлжлээд л унтдаг байсан (инээв).
-Фэйсбүүк хуудсаас тань харахад гэр бүл зохиож, хөөрхөн хүүгийн аав болсон юм шиг байсан.
-Тийм ээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүүтэй болсон. Хүү минь удахгүй ой хүрнэ.
-Анх хүүгээ харахад ямар мэдрэмж төрсөн бэ. Хэнтэй адилхан харагдаж байв?
-Манай хүн хүүгийнхээ зургийг анх фэйсбүүкээр над руу явуулсан юм. Тэгэхэд яагаад ч юм нэг л итгэмээргүй санагдаад байсан. Дараа нь тэднийгээ амаржих газраас гаргахаар очиход хүүг минь сувилагч гар дээр тавихад л зүүд биш гэдэгт итгэсэн дээ.
-Танай ээжид ч гэсэн энэ мөч хамгийн сайхан баярт үйл явдал байсан байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Ганц хүүгийнх нь хүүхэд төрж байгаа учраас үгээр илэрхийлэхийн аргагүй баярласан. Ямар сайндаа хүүтэй болсон гэж дуулаад ээж бид хоёр амаржих газрын үүдэнд хоёулаа уйлж билээ.
-25 настай залуугийн цээжинд одоо ямар хүсэл тэмүүлэл оргилж байгааг сонирхмоор байна?
-Нэгдүгээрт гэр бүлээ л тавина даа. Гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө томоохон хариуцлага хүлээх ёстой. Хоёрдугаарт, миний амьдралд олон сайхан зүйл авчирсан сагсанбөмбөгт би өртэй хүн. Тиймээс энэ спортыг хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийнэ. Хэд хүртлээ сагс тоглохоо хэлж мэдэхгүй байна. Сагс тоглохоо больсон байлаа ч хөрөнгө оруулалт хийх замаар тамирчдаа дэмжиж туслах хэмжээний чадал чинээтэй хүн болохын тулд зорьж явна.
-Таны ар талыг ямагт үнэнчээр манаж сахиж явдаг хүмүүсийг нэрлэнэ үү?
-Гэр бүл, ээж минь, бас ажлын хамт олон байна. Энэ бүх хүмүүсийн дэмжлэгээр би өдий зэрэгтэй яваа.
-Тэнд аавынх гэсэн орон зай байсан болов уу. Ер нь аавынхаа тухай хэр мэдэх вэ?
-Ээжтэйгээ л байхад их түшигтэй санагддаг. Одоо ч тийм л байдаг. Миний ээж намайг эх хүний ч, эцгийн ч хайр халамжийг аль алийг нь дутаагаагүй өсгөсөн. Аавынхаа тухай мэднэ ээ. Багадаа уулздаг байсан. Манай аавыг Баяраа гарьд гэдгээр нь хүмүүс мэддэг. Өвөө минь Монгол Улсын дархан аварга, хүндийг өргөлтийн спортын мастер, гавьяат жүжигчин Дарийн Дамдин аварга. Өвөө, аав хоёроороо би бахархдаг. “Би ийм мундаг хүмүүсийн удам шүү” гээд тэднийгээ дотроо дурсаад явахад л болно гэж боддог.
-Аав тань ачийгаа харсан уу?
-Харж амжаагүй ээ. 2008 онд нас барсан л даа.
-Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Зургадугаар ангидаа уулзсан юм байна.
-Өөд болсных нь дараа эрийн цээнд хүрчихээд “Аавтайгаа ганц уулзах минь яав даа” гэж бодогдох юм уу. Магадгүй аав тань хүүгээ ийм мундаг эр болсныг холоос хараад бахархаж л байсан байх даа?
-Миний дээр Баяраагийн Төрмагнай гээд барилддаг нэг ах байдаг юм. Тэр ахтайгаа байнга холбоотой явдаг учраас аав бид хоёр хэн хэнийхээ тухай ерөнхийдөө мэдээлэлтэй байдаг байсан л даа.
-За баярлалаа. Азийн наадамд амжилттай оролцоод, өмнөх амжилтаа ахиулаарай гэж ерөөе.
-Баярлалаа. Хичээнэ ээ.