Их Британийн угсаа залгамжлах ханхүү, Кэмбрижийн гүн Уильям болон түүний эхнэр, Кэмбрижийн гүнгийн ахайтан Кэтрин Миддлтон нар хоёр дахь хүүхдээ хүлээж буйгаа албан ёсоор зарлалаа. Тэдний ууган хүү, Британийн хаант төрийн сэнтийд залрах гурав дахь сурвалжтан болох ханхүү Жорж одоо ой, нэг сартай юм. Дээдсийн гэр бүлийн хувийн эмчийн мэдээлснээр гүнгийн ахайтан жирэмсний 12 дахь долоо хоногтоо хараахан хүрээгүй бөгөөд жирэмсний гүн хордлогоос болж өглөөгүүр бие нь эвгүйрхэн, сүүлийн хэдэн өдрийг тун тавгүй өнгөрөөсөн гэнэ. Кэйт Миддлтон 1000 жирэмслэлт тутмын 3.5 хувьд тохиодог жирэмсний гүн хордлого тусдаг болох нь Жорж ханхүүг тээж байхад нь эмч нар мэдээлж байв.
Дээдсийн гэр бүлд шинэ хүн нэмэгдэх гэж байгаад II Элизабет хатнаас эхлээд Британийн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд гээд бүх британичууд баяртай байна. Сонирхуулахад, өнгөрсөн оны долдугаар сард ханхүү Жоржийг мэндлэхэд тус улсын эдийн засаг 0.8 хувиар өсөж байжээ. Ирэх хавар шинэ ханхүү юм уу, гүнжийг мэндлэх үед ийм таатай өөрчлөлт дахин ажиглагдана гэж шинжээчид найдаж байна.