Дарьганга нутгийн уран дархчуудын удмын тасархай Ч.Энхболд хэмээх бурхан ухаантай эрхэм хүмүүний анхны үзэсгэлэн өнөөдөр “Найман шарга” төвийн нэгдүгээр давхарт нээгдэж буй. Гурван жил гаруйн өмнө Дарьгангын урчуудын үзэсгэлэнгийн үеэр түүний зэс, мөнгөөр чимэглэсэн гоёмсог шилэн хундаганууд олон хүний анхаарлыг татаж байсан юм. Нэрт уран дархан М.Балдан-Осор гуайн гайхамшигт бүтээлтэй зэрэгцэн гар урлалууд нь заларсан түүнээс “Үзэсгэлэнгээ хэзээ гаргах вэ” гэхэд “Дархчууд ихэвчлэн хүний захиалгаар юмаа хийдэг учраас үзэсгэлэн гаргах хэмжээний бүтээлүүд цааш нь хадгалах боломжгүй” хэмээж байв. Харин өдгөө Ч.Энхболд дархан ямар ч гэсэн үзэсгэлэн гаргахаар хэмжээний “юм” цааш нь хийж чадсан бололтой.
-Хийсэн бүтээлүүдээсээ бага сагаар цуглуулж байгаад нэгэн цагт үзэсгэлэн гаргана гэсэн амлалтдаа та хүрчээ. Маргаашийн (өнөөдөр) үзэсгэлэнд ямар ямар бүтээлүүдээ дэлгэх вэ?
-Нийтийн ахуйн үйлчилгээний ТМС-ийн дархны ангийг 1980 онд төгссөнөөсөө хойш өдийг хүртэл мэргэжлээрээ ажиллаж байгаа ч анх удаа л үзэсгэлэн гаргах гэж байна. Дархчууд ихэвчлэн хүний захиалгаар л алт, мөнгө гэх мэт үнэт металлаар бүтээлээ хийдэг болохоор өөрт үлдэх нь тун цөөхөн. Өөрөөр хэлбэл, бүтээл болгон маань цор ганц хувь л байдаг. Бас өөртөө үлдээхээр хийсэн ганц нэг зүйлээ онгирохоороо хүмүүст бэлэглэчихдэг юм. Тэгээд ч үзэсгэлэн гаргах хэмжээний олон зүйлийг алт, мөнгөөр хийгээд, тэдгээрээ цааш нь хадгалаад байвал яаж амьдралаа залгуулах билээ дээ. Нэг талаар энэ чинь урлагийн бүтээл боловч нөгөө талаар бидний амьдралаа авч явах гол эх үүсвэр. Хэдийгээр манай хүн бүтээлүүдийг минь заруулах дургүй байдаг ч хэдэн төгрөг нь бидэнд хэрэгтэй учраас хурдхан шиг л борлуулахыг хүсдэг. Харин хоёр, гурван жил хийсэн бүтээлээсээ ганц нэгээр нь цуглуулж байгаад үзэсгэлэнд тавих цөөн юмтай болоод байна. Их биш л дээ. Зэсийг алт, мөнгөөр бүрж чимэглэсэн хундага, кофены аяга тавиуртайгаа, лааны суурь, үнсний сав гэх мэт арав гаруй дархны бүтээл байна. Бас миний зурсан ханын жижиг зургууд, зэс хөөмөл бүтээлүүд үзэсгэлэнд тавигдах юм.
-Энэ хананд байгаа зургуудыг та зурсан юм уу?
-Тийм. Би багаасаа зураг зурах дуртай байсан. Одоо ч зургаа орхиогүй. Гэхдээ том хэмжээтэй биш, жижиг зураг л зурдаг.
-Бусад уран бүтээлч үзэсгэлэн гаргахдаа аль болохоор гайгүй нэр хүндтэй галерей сонгож, олон хүнд хүргэхийг чухалчилдаг. Гэтэл та яагаад “Найман шарга” төвийг сонгосон юм бэ?
-Би нэг их айхтар олон бүтээлтэй, түүнийгээ хүнд хүргэхийн мөрөөсөл болсон уран бүтээлч биш. Үзэсгэлэнгээ гурав хоног л гаргана. Тэгээд ч энэ маань үзэсгэлэн-худалдаа учраас олны хөлийн газар зориуд сонгосон хэрэг л дээ. Үзэсгэлэнг ирж сонирхсон хүмүүс бүтээлүүдтэй минь танилцаад, монгол дархны ур ухаан гэж ямар юм байдгийг мэдэрвэл дараа нь бидний байнгын үйлчлүүлэгч, захиалагч болоосой гэж л хүсэх байна.
-Зүгээр л нэг кофены шилэн аягыг хүртэл ингээд чимэглэчихээр их донжтой харагдаж байна. Бас энэ хундага, лааны сууриуд тань үнэхээр гоёмсог юм аа. Их нарийн чимхлүүр ажилтай байх даа?
-Тийм ээ. Энэ бол манай монгол үндэсний хэв шинжийг хадгалсан өвөрмөц бүтээл гэдгээрээ онцлог. Орчин үед хүмүүс гэр орноо ямар ч байдлаар тохижуулах сонголт өргөн болж. Эдгээр сонголтын нэг нь үндэсний хэв маягийг илэрхийлсэн эдгээр бүтээлүүд байж болно гэдгийг харуулахыг хүсдэг. Залуу хосуудад зориулсан хос аяга, хундага, тавиур, лааны суурь хүртэл хийж байна. Анх 2009 онд шилэн хундгыг үнэт металлаар чимэглэх санаагаа олж билээ. Зоос, гоёл чимэглэлийн үйлдвэрт ажиллаж байхдаа бид чулуун аягыг иймэрхүү аргаар чимэглэж байсан. Харин шилэн хундага, аягыг бол Монголд өмнө нь хэн ч ингэж чимэглэж байгаагүй. Бүгдийг гараар хийдэг болохоор ажиллагаа ихтэй, чимхлүүр ажил л даа. Ер нь дархны ажилд амархан зүйл байхгүй. Өчүүхэн жаахан ажил ч хүнээс ихээхэн ур чадвар, мэдрэмж шаарддаг. Тэр дундаа утсан сүлжмэл хамгийн хэцүү. Металлыг утас шиг нарийхан болгоод, түүнийгээ жижиг жижгээр тасдаж, харьцааг нь алдуулахгүйгээр мушгихад их чадвар хэрэгтэй. Дээрээс нь дархан хүн бусдад хийж өгч байгаа юмандаа бүхий л сэтгэл, ур чадвараа шингээж, “миний бүтээл шүү” гэж хандах ёстой гэж боддог. Би дэлхийд биш юм гэхэд ядаж Монголдоо хүний хийгээгүйг хийх юмсан гэж хүсдэг. Тиймээс нэг хийсэн зүйлээ олон дахин давтах дургүй. Сонирхолгүй байдаг юм.
-Монгол дархны уламжлалт гар аргаар ингэж чимэглэсэн бүтээлүүдийн үнэ өртөг ер нь ямархуу байдаг вэ?
-Хятадын хэвэнд шахаад өдөрт хэдэн арван ээмэг, бөгж хийгээд суувал бидний олох ашиг орлого мэдээж их л дээ. Гэхдээ тэгэлгүй, хийж буй зүйлийнхээ эс ширхэг бүрийг гараараа, оюун ухаанаараа бүтээх нь жаргал гэдгийг ухаардаг дархан цаашид улам л цөөрнө гэхээр харамсалтай санагддаг. Энэ урланд надтай хамт ажилладаг хэд маань гэхэд л нэг хээ гаргах гэж бөөн юм болно шүү дээ. Биднийг тэгж зовж байж хийдэг гэдгийг ойлгодог хүмүүс байгаа учраас манай жижигхэн дархны газар үйлчлүүлэгчээр тасардаггүй байх.
Үнэ өртгийн хувьд янз бүр дээ. Хүмүүс өөрсдөө материалаа авчраад захиалгаа өгвөл шилэн хундгыг алтаар ч чимэглэж болно. Миний хувьд бүх зүйлүүдээ цул алт, мөнгөөр чимэглэнэ гэхээр өртөг нь арай л өндөр тусдаг юм. Жишээ нь, цул мөнгөөр чимэглэсэн дөрвөн ширхэг хундгыг тавиур, лааны суурьтай нь хосоор нь 400 гаруй мянган төгрөгөөр авах боломжтой хүн өнөөдөр манайд хэд билээ. Алтаар хийвэл түүнээс ч үнэтэй болно. Тийм учраас бүтээлүүдээ илүү олон хүмүүст хүргэх үүднээс ихэвчлэг зэсээр чимэглээд мөнгөөр бүрдэг. Энэ нь дундаж үнэтэй учраас хүмүүсийн ам ч гайгүй сайн байгаа. Дан зэсээр хийсэн дөрвөн хос хундага, лааны суурь, тавиуртайгаа дунджаар 100 орчим мянган төгрөгөөр гарна. Гэхдээ хийцээсээ бас шалтгаална Хамгийн гол нь шилэн хундага, аяганууд маань бүгд Германых учраас өнгө үзэмж сайтайн дээр чанартай гэдгээрээ ялгардаг.
-Ингэхэд алт, мөнгөн эдлэлийг хэв шахаж хийх, гараар урлах хоёрт чанарын ялгаа хэр их байдаг бол?
-Хэвээр шахаж цутгасан эдлэл ерөнхийдөө хэврэг байдаг. Харин мөнгийг хайлуулж давтаад гараар хийсэн нь илүү бат бөх болдог. Үүнээс гадна гараар хийсэн бүтээл дахин давтагдахгүй цорын ганц байдгаараа үнэ цэнэтэй. Хүний гараар л бүтэж байгаа учраас яг адилхан хийе гээд хичээсэн ч тийм болохгүй, аль нэг зүйл нь өөр болчихдог юм. Хэвээр бол хэдэн зуун адилхан зүйл хийж болно л доо.
-Нэг бүтээл гараас гаргахад хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Ямар хэв загвартай гэдгээс шалтгаална. Ер нь бол дунджаар долоо хоног зарцуулна шүү. Цаашид хүмүүсийн хийлгэх дуртай, хэрэгцээтэй зүйлийг нь арай хялбар аргаар олшруулах бодол бий. Гар ажлаа жаахан хөнгөвчилж, хийсэн юмаа үйлдвэрийн аргаар олшруулах, хурдан хугацаанд олон бүтээл гаргах талаар манай дархны газрынхан яриад л байгаа.
-Та нутгийн дархчуудаараа анх дарх заалгасан уу. Эсвэл танай удамд уран дархан хүмүүс байв уу?
-Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын хүн. Аавын минь өвөө ноёдын сүйх тэрэг хийдэг цөөн хүний нэг байсан гэдэг юм. Ээжийн талд уран Гомбо гэдэг алдартай дархан байсан гэнэ билээ. Тиймээс багаасаа зураг сонирхдог, гарын дүйтэй байсан намайг наймдугаар ангиа төгсөхөд гэрийнхэн маань Нийтийн ахуйн үйлчилгээний ТМС-ийн дархны ангид оруулсан. Манай сургуульд Зоос, гоёл чимэглэлийн үйлдвэрийн боловсон хүчнийг бэлддэг байлаа. Тэндээс их зүйл сурсан даа.
“Би лааны суурь хийх дуртай. Өөрийн гэсэн онцлогтой, дахин давтагдахгүй загвартай, уран нарийн хийцтэй хэдэн зуун ширхэг лааны суурь хийхсэн гэж боддог” хэмээсэн түүнд энэхүү мөрөөдлөө биелүүлэх зав, боломж гарахгүй байгаа ч нэгэн цагт хүссэндээ хүрнэ гэдэгтээ жигтэйхэн итгэлтэй байлаа. Ханандаа “Битлз”-ийн зураг өлгөсөн, сонгодог хөгжим сонсдог, гитар тоглодог дархны газрын ах гарын шавьтай болох гээд барахгүй байгаа аж. “Ганц хоёр сайн шавьтай л болмоор байна. Одоогийн хүүхдүүд дарх сурна гээд ирэхээрээ цалин асуучихаад, сэтгэлд нь хүрэхгүй бол яваад өгөх юм. Хичээл ном гэж цалгардаад байхгүй, монгол уран дархны эрдмийг суръя гэсэн чин сэтгэлтэй хүүхэд байвал ахдаа зааж өгөөрэй” хэмээн захив.