Нартай бороо газар чийглэн, сэтгэлд сэрүү татуулан газарт бууна. Үгүйлэгдээд байсан чийг, цэнгэг агаар мэдрэгдэхэд хэн хүнгүй хөөрөн баясдаг болохоор ховорхон тохиох нартай бороонд дуртай хүн олон. Нартай бороонд дуртай тэр олон хүний нэг нь зураач С.Жаргалмаа. 2012 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн уран зургийн ангийг Д.Батмөнх багшийн удирдлаганд төгссөн тэрбээр гурав хоногийн өмнө анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан юм. “Хөх саран” галерейд дэлгэсэн С.Жаргалмааг илэрхийлэх 30 бүтээл тэр чигтээ өнгөлөг хийгээд цоглог хэмнэл мэдрүүлнэ.
Залуу уран бүтээлчийн эрч хүчийг гайхуулсан энэ үзэсгэлэнгийн нэгэн онцлог нь шилэн 3D зураг. Тэрбээр монголд энэ чиглэлээр бүтээл туурвиж байгаа анхны зураач. СУИС төгсөж, үргэлжлүүлэн магистрын зэрэг хамгаалахын зэрэгцээ, бага охиноо төрүүлж, үзэсгэлэн гаргаж байгаа түүнийг найз нөхөд, гэр бүлийнхэн нь дайчин бүсгүй хэмээн магтаж байсан.