“Хүн домог-2024” бүжгийн үндэсний их наадмын нэгдүгээр шат өнгөрсөн сарын 28-наас эхлэв. Өнөөдрийг дуустал үргэлжлэх эл наадам хоёр хэсгээс бүрдэх бөгөөд хоёрдугаар шат нь ирэх наймдугаар сарын эхний долоо хоногт болох юм байна.
Наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болон бүжгийн урлагт сонирхолтой хүүхэд, залуусаас гадна мэргэжлийн тамирчид ч оролцож буйгаараа онцлогтой. Ардын, хип хоп буюу чөлөөт, орчин цагийн болон нийтийн цэнгээнт, шугаман бүжиг зэрэг төрөлд оролцогчид өрсөлдөж байна. Мөн “Ирвэсхэн” сэдэвчилсэн бүжгийн төрөл ч бий аж. Нэн ховордсон амьтдыг хайрлан хамгаалах, нийгэмд урлагаар дамжуулан тэднийг танин мэдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахын тулд уг төрлийг нэмжээ.
Тус наадмыг “Сарны танго” клуб, Бүжгийн спортын нэгдсэн холбоо, Соёлын яам зэрэг байгууллагынхан хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй юм. Бүх насныханд бүжгийн урлагаар дамжуулан гоо зүйн мэдлэг олгох, бүжгийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, идэвхтэй хөдөлгөөнд уриалах нь эл наадмын гол зорилго бөгөөд таваас дээш насныхан оролцож байна.
Бэлтгэсэн У.Цэцэнсүрэн