"Мафижсан" эм хангамжийн салбар, түүний тогтолцоо, үнэ, чанарын асуудлаарх УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороо эмийн сонсголын ард гарлаа.
Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд монополь компаниуд маш их нөлөө үзүүлдэг. Үүнд хяналт тавих үндсэн зохицуулалт нь зүй ёсны монополь эсхүл давамгай байдалтай ААН-ээр (ДБАН) тогтоож хяналт тавих юм.
Зүй ёсны монополь гэдэг нь тухайн зах зээл дээр цор ганц компани үйл ажиллагаа явуулах бөгөөд ШӨХТГ-аас үнийг нь тогтоож, хяналт тавьдаг. Үүний бодит жишээ бол УБТЗ юм.
Харин тухайн зах зээлийнхээ 33,3 хувиас дээш нь дангаар буюу хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан үйл ажиллагаа явуулж байвал ДБАН-ээр тогтоож хэт өндөр үнэ тогтоохгүй, зохиомол хомсдол үүсгэхгүй, бусад ААН-ийг зах зээлээс шахан гаргахгүй гэх мэт хязгаарлалтууд тогтоодог. Гэтэл томоохон ААН-үүд түүнээс зугтах арга олж, давамгай байдлаа алдсан хэмээн хяналтаас гарсаар байна. Тухайлбал, “Монос групп” нь “Моносфарм” ХХК, “Моносфарм трэйд”, “Цомбо фарм” ХХК, “Монос” ХХК, “Тимус фарма” ХХК зэрэг ижил төрлийн үйл ажиллагаатай олон охин компани байгуулж, давамгай байдлаа алдсанаар тооцуулсан. Мөн “Улаанбаатар гурил”, “Ургац гурил” компаниуд төрсөн ах дүүгийн компани атлаа хоёр тусдаа компани хэмээн давамгайгаас зугтаж, тус тусдаа хөнгөлөлттэй зээлд хамрагдах зэрэг нөхцөлийг бий болгоод байгаа юм.
За тэгээд зах зээлд цөөн тооны том компаниуд байх нь өрсөлдөөнийг хязгаарлаж, олигополь зах зээлийг бий болгодог. За тэгээд монополь, олигополь, босоо, хэвтээ хамаарал гээд ярьвал маш их асуудал байдаг. Эмийн компаниуд босоо хамааралтай буюу нэг компани импорт, бөөний худалдаа, жижиглэнгийн худалдааг бүгдийг нь дангаар хийж байгаа нь ганц компани тухайн төрлийн эм, тариан дээр дангаар ноёлж байгаа гэсэн үг юм.
Түр хорооны гишүүн М.Оюунчимэгийн зүгээс "Монополь компани, төрийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшний хүмүүс, тэдний хамаарал бүхий компани 50 хувиас дээш байгаа нь ноцтой асуудал. Энэ бол зүгээр нэг салбарын тухай асуудал бус монгол хүний эрүүл мэндтэй холбоотой тул нотлох баримтуудаар хөдөлшгүй тогтоогдсон асуудлуудыг хуулийн хүрээнд ярьж, монгол хүний эрүүл мэндийг бид сахин хамгаалах ёстой" хэмээн сонсголын төгсгөлд мэдэгдсэн. Түүний ийнхүү хэлсэн нь "Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа эмийн үйлдвэрийн 50 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 28 хувь, эмийн сангийн 17 хувь нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий ААН-үүд байна" гэх шинжээчийн дүгнэлттэй шууд утгаараа холбогдоно.
Өөрөөр хэлбэл, өөрөө эрх ашгийн зөрчилтэй буюу тус салбарт хамаарал бүхий компанитай хэр нь шийдвэр гаргах түвшинд оролцож, эм хангамжийн салбарын бодлогыг зангидаж буй нь хэр зохистой асуудал вэ гэдгийг энд хөндөх шаардлага үүсэж буй юм.
Шинжээч нарын зүгээс албан тушаалтнуудын харилцаа хамаарлыг тогтоохын тулд 2018-2023 оны хооронд ажиллаж байсан болон одоо ажиллаж буй албан тушаалтнуудын эм хангамжийн салбар дахь хамаарал бүхий компаниуд болон тэдгээрийн охин болон хараат, нэгдмэл сонирхолтой компаниудын мэдээллийг улсын бүртгэлийн байгууллага болон бусад холбогдох эх сурвалжийн ирүүлсэн мэдээлэлд үндэслэн олон нийтэд хүргэсэн юм. Ингэхдээ эдгээр албан тушаалтнууд нь эм хангамжийн салбарт хамааралтай компанитай гэх агуулгаар дурдагдаж буй гэдгийг ойлгох нь чухал.
Сонсголоор албан тушаалтнуудын хамааралтай компаниудыг танилцуулах үеэр дараах нэрс дурдагдсан. Тодруулбал,
-ЭМДҮЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Дамдины Дэмбэрэл нь эмийн салбар дахь "Түмэн-Очир" компанитай,
-Эрүүл мэндийн дэд сайд асан Ш.Анхмаа нь "Тахилтын овоо" компанитай,
-Эрүүл мэндийн сайд асан Сэрээжавын Энхболд нь эмийн салбар дахь "Мөнхийн тун" компанитай,
-Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг "Өлзийдэн" гэх компанитай,
-ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр МСМ групп компанитай,
-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нь "Ламор" компанитай,
-ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал МСМ групп компанитай хамааралтай хэмээн танилцуулагдсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг шинжээчийн танилцуулгын дараагаар Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан "Лондон лүүк" гэх компанитай хамааралтай гэдгийг онцолсон билээ.