АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд өчигдөр Монголд ирлээ. Тус корпусынхан хоёр жилийн дараа манай улсад ирсэн нь энэ юм. Энэ удаа ажиллах сайн дурын бүлэг нь шинэ 25, эргэн ирсэн хоёр ажилтнаас бүрдсэнийг тус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас мэдээлэв. Тэд хүүхэд, залууст англи хэлний мэдлэгээ сайжруулахад нь туслахын зэрэгцээ хоёр орны соёлын солилцоог өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах төлөвлөгөөтэй аж. Манай улсад өмнө нь ажиллаж байсан сайн дурын ажилтнууд “Ковид-19” цар тахлын улмаас нутаг буцсан юм. Ташрамд дурдахад, АНУ-ын Энх тайвны корпус Монголд үйл ажиллагаа явуулаад 31 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд тус корпусын 1400 гаруй сайн дурын ажилтан Монгол Улсын 21 аймаг, 150 гаруй сумд ажиллаж, монголчуудын нийгмийн хөгжил, англи хэлний боловсролд хувь нэмэр оруулсан байна.