Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нийгмийн сүлжээн дэх хуудсандаа “Хүн доромжилсны төлөө төрөөс хошин шогийнхонд элдэв шагнал, “Гавьяат”-ын тэмдэг зүүж өгдгөө одоо болимоор юм. Хүн доромжлогч нараар компаниуд зар сурталчилгаа хийлгэж, улс төрийн намууд сонгуулиар нүүр царай болгож, оодруулдгаа болих хэрэгтэй” хэмээн бичсэнд хошин урлагийн төлөөлөл бухимдаж буйгаа илэрхийлэв. Зарим нь Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа мэдээлэл хийн, хошин урлагийнхнаас уучлалт гуйхыг Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос шаардсан юм.
Харин П.Сайнзориг “Хүний ярианы хэллэг, хүйсийн чиг баримжаа, харагдах байдлаар нь доромжлох үзэгдэл их болжээ. Ийм байдлыг хэвийн юм шиг үзэж, ойлгож байна. Урлагаар дээрх ойлголтыг хүүхэд, залуучуудад өгч болохгүй гэж бичсэн юм. Урлаг ёс зүйтэй байх ёстой. Хүнд сэдвүүдийг хөндөж байгаа бол хүмүүст хэлж, үзэгчтэй тайзан дээрээс үзүүлэх нь зөв. Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр архидалт зэрэг сөрөг зүйлсийг хэвийн юм шиг, хошигносон агуулгаар харуулж байна. Энэ нь зөв биш гэдгийг урлагийнхан ойлгож, хүлээж аваасай. Бүтээлийнхээ агуулгад анхаараасай гэдэг санаагаар урлагийнхантай холбож бичсэн юм. Нэр зааж, аливаа этгээдийг доромжлоогүй. Хэл, ярианы ялгаварлан гадуурхалтад хөдөө, орон нутгийн оюутнууд өртөн, сэтгэл санааны хямралд орж, сургуульдаа явахгүй байх тохиолдол ч гардаг талаар телевизээр мэдээлж байсан шүү дээ. Энэ бол хэвийн үзэгдэл биш. Нийгмийн ийм ойлголт, сэтгэл зүйг хамтдаа өөрчлөх хэрэгтэй. Өвөрмонгол бүсгүй бас цахим орчинд хэл, яриагаар нь ялгаварлан гадуурхаж буй талаар ярьсан байна лээ. Тухайн хүний онцлог, зан заншлыг нь хүндэтгэх учиртай” хэмээн тайлбарласан юм.
Бэлтгэсэн Б.Наран