Монгол туургатанд туслах үндэсний хөдөлгөөн өрнүүлж буй талаар “NoDoubleStandard” хөдөлгөөн, “Монгол туургатан төв” холбоо зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл өчигдөр мэдээлэв. Дайны нөхцөл байдлаас шалтгаалан хойд хөршөөс манайд ирэх хүний тоо нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор дээрх байгууллагууд ОХУ-аас ирсэн иргэдэд мэдээлэл өгөх, манай улсын хууль, журмыг танилцуулах лавлах утас ажиллуулж буй аж. Гэсэн ч энэ нь төрийн бус байгууллагууд дангаараа хийх ажил биш, бодлогын зохицуулалт ч шаардлагатайг тэд онцоллоо. Тиймээс Засгийн газарт хэд хэдэн заалт бүхий шаардлага хүргүүлэхээр болжээ. НҮБ болон олон улсын бусад байгууллагатай хамтран иргэдийг аюулгүй нөхцөлөөр хангах, хүний эрхийг дээдлэх, цаашлаад Монгол Улсад зорчсон гадаад хүмүүст олгодог визтэй холбоотой хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулахыг уг шаардлагад дурдсан байна. Мөн дайнаас дайжин ирсэн иргэдийг албадан гаргахгүй байхыг шаарджээ.
Ташрамд дурдахад, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга гаргажээ. Тус улсад оршин сууж буй иргэд, оюутнууд хувийн аюулгүй байдлаа хангаж, зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд оролцохгүй, олон нийтийн газраас явахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулгад онцолжээ. Монгол иргэд шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны +74956906792, Консулын хэлтсийн +74992411548 дугаарын утсаар холбогдож болох нь. Харин нутаг буцах хүсэлтэй иргэд ЭСЯ-ны Консулын хэлтэс, Эрхүү болон Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын газрынхантай утас, и-мэйл хаягаар холбогдох боломжтой аж.