Хойд хөршид эхэлсэн цэргийн дайчилгааны улмаас орос иргэд, ялангуяа буриадууд манай улсын хилээр нэвтрэхээр урт дараалал үүсгэсэн талаарх мэдээллийг иргэд олон нийтийн сүлжээнд бичих болов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 21-нд цэргийн дайчилгаа зарласнаас хойш Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн хүний тоо эрс нэмэгдсэн гэх албан бус мэдээлэл бий. Тухайлбал, дээрх хугацаанаас өмнө хойд хөршөөс хоногт 200 гаруй иргэн манайд ирж байж. Гэтэл энэ сарын 22-ноос хойш уг үзүүлэлт 1000 орчимд хүрч, шалган нэвтрүүлэх боомтын ачаалал эрс нэмэгдсэн гэнэ.
Харин албаны эх сурвалжууд хил дээрх нөхцөл байдал тайван, дараалал үүсээгүй хэмээн мэдээлсэн. Гэхдээ бодит нөхцөл байдал огт өөр буй бөгөөд Алтанбулагийн боомтоор нэвтрэх гэсэн машины урт цуваа үүссэнийг иргэдийн нийгмийн сүлжээнд тавьсан дүрс бичлэгүүдээс харж болно. Түүнчлэн АНУ-ын Нью-Йорк хот дахь, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын гадна энэ сарын 22-ны 17.00 цагийн орчимд буриад иргэдийн төлөөлөл жагсаал зохион байгуулжээ. Тэд ОХУ-аас Украинд явуулж буй дайн болон иргэдийг, ялангуяа үндэстний цөөнхүүдийг цэрэгт хүчээр илгээхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна Монгол Улс элэг нэгт буриад, халимаг, тува иргэдийг нэвтрүүлж, тусалж дэмжихийг уриалсан лоозонг жагсагчдын төлөөлөл барьсан байв. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байгаатай холбоотойгоор буриад иргэд ийнхүү үзэл бодлоо илэрхийлсэн аж.
Мөн Буриадын Үндэсний ардчилсан хөдөлгөөнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д хандан уриалга гаргажээ. “Есдүгээр сарын 21-нд ОХУ-д цэргийн дайчилгаа зарласан. Буриадаас Монгол руу орох хилийг ОХУ хааж, дайнд явж, гэмт хэрэгт оролцох хүсэлгүй цэргийн насны залуус, эрчүүдийг хөл хорилоо. Монгол Улсын зүгээс буриад монгол залууст нэг болон түүнээс дээш жилийн хугацаатай хүмүүнлэгийн виз олгохыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэхийг хичээнгүйлэн гуйж байна” хэмээн үүнд дурджээ. ОХУ-ын иргэд манай улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй юм.
Түүнчлэн уржигдар “Монгол туургатан төв” холбооноос дайны эсрэг “No war” жагсаалыг 33 дахь удаагаа ОХУ-ын Элчин сайдын яамны гадна зохион байгуулав. “Буриад, халимаг, тува зэрэг иргэд монгол үндэстний цорын ганц бүрэн эрхт, тусгаар Монгол Улсаас тусламж хүсэж байна. Хиагт-Сэлэнгийн хүмүүнлэгийн коридор бий болгож, Оросын дайнаас дүрвэгсдийг нэвтрүүлэхийг хүсье” гэж жагсагчид уриалж байлаа. Үүний зэрэгцээ ОХУ-ын Төрийн тэргүүн 300 000 хүнийг цэргийн дайчилгаанд хамруулахаа зарласнаас хойш тус улс даяар эсэргүүцлийн жагсаал болж буй аж.
Бэлтгэсэн М.Оч