БНХАУ дахь хөл хориотой холбоотойгоор газрын тосны эрэлт багасаж магадгүй гэх хүлээлт үүсжээ. Мөн урд хөршид өнгөрсөн сард үйлдвэрлэл нь буурсан үзүүлэлт гарсан байна. Улмаар уг таваарын ханш гурав гаруй хувиар хямдарсан тухай “Reuters” дамжуулав. Ингэснээр WTI маркийн нефтийн ханш өнгөрсөн долоо хоногт 6.6 хувиар буурч, баррель нь 86.7 ам.доллартой тэнцжээ. Мөн “Brent” төрлийн нефтийн үнэ 7.8 хувиар багасан 93.02 “ногоон”-той дүйлээ. “Дэлхийн баруун хэсгийн орнуудын газрын тосны эрэлт багасаж буй бол нийлүүлэлт нь нэмэгдэх хандлагатай байна” хэмээн “Julius baer” компанийн шинжээч Норберт Рукер өгүүлжээ.
Сонирхуулахад, ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага) өмнөх саруудад өдөрт дунджаар 29.6 сая баррель бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Тэгвэл АНУ-ынх өнгөрсөн зургадугаар сард өдөрт дунджаар 11.82 сая баррель болж өссөнийг дээрх агентлаг дурдав. Энэ нь аль алиных нь хувьд 2020 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшин гэдгийг мөн тодотгосон байна.