Монгол Улсын 25 дахь аварга, шатрын олон улсын их мастер А.Энхтуул Францын нэрийн өмнөөс тэмцээнүүдэд оролцох санал хүлээн авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр ирэх сард болох Европын цомын төлөөх тэмцээнд Франц улсын нэрийн өмнөөс тоглох саналд “Легионер тоглогч болж оролцъё” гэсэн хариу өгснөө мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, иргэншил болон шатрын холбоогоо солихгүй гэсэн үг аж. Ийм шийдвэр гаргаснаар харьцангуй бага цалин авах гэнэ. Энэ тухайд их мастер “Хангамж хэдий бага байх ч эх орон минь үнэ цэнтэй зүйрлэшгүй. Би бол оюуны спортоос төрөн гарч буй шинэ үеийн төлөөлөл. Тиймээс эх орны маань ирээдүйн хөгжлийн итгэл найдвар болсон залуучууддаа амин хувиа хичээх үзлээс илүү алсын зорилготой байх үнэ цэнийг харуулахыг хүслээ. Монголоос хэд хэдэн тамирчин өөр улсын нэрийн өмнөөс тив, дэлхийд өрсөлдөж байсан. Одоо ч тоглож байгаа. Тодорхой цаг хугацааны дараа тэд үргэлж эргэн ирдэг. Би ийм сонголт хийхийг хүссэнгүй. Харин легионер тоглогч болсноор том гүрний туршлагаас судалж, бусдадаа нөлөөлөх боломж нээгдэнэ гэж найдаж байна. Бидний зүрхэнд, ялангуяа монгол хүний сэтгэлд эх орон, элгэн садан мөнхийн уяатай явдаг. Одоогийн амжилтад хүрэхэд миний эх орны агаар, салхи, мөнх хөх тэнгэр, тал нутаг гээд нандин бүхэн нь урам зориг өгсөн. Өнөөдрийн намайг энэ улс минь хурцалсан юм” хэмээжээ. Тэрбээр легионер тоглогчийн хувиар Францын үндэсний лиг болон Европын цомын аварга шалгаруулах багийн тэмцээнд оролцох нь. Ингэхдээ Европын цомд I ширээнд буюу багийн лидер тоглогчоор суух аж. Харин аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 4-ний хооронд Энэтхэгт болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох юм.
Бэлтгэсэн: Р.Жаргал