Улсын хэмжээнд өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж эхэлсэн. Одоогоор үүнд 272 434 иргэн хамрагджээ. Тэдний 44.6 хувь нь эрэгтэй, бусад нь эмэгтэйчүүд юм байна. Мөн 51.4 хувь нь нийслэлд оршин сууж буй иргэд аж. Улаанбаатар хотоос Баянзүрх, Сонгинохайрхан, орон нутгаас Төв, Хөвсгөл, Дархан-Уул аймгийнхан үзлэгт идэвхтэй хамрагдаж буйг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр мэдээлэв. Үзлэгт хамрагдсан иргэдийн 136 241 буюу 50 хувиас нь ямар нэгэн өвчлөл илэрч, дараагийн шатны үзлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдаж эхэлсэн гэнэ. Тухайлбал, тэдгээр иргэний 66.4 хувиас нь хоол боловсруулах тогтолцооны эмгэг илэрсэн нь хамгийн өндөрт тооцогджээ. Мөн дотоод шүүрэл, шээс, бэлгийн зам болон амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг их байгааг илрүүлсэн аж. Тэр дундаа үзлэгт хамрагдсан 844 иргэнээс хортой болон хоргүй хавдрын сэжигтэй шинж тэмдэг илрүүлсэн бөгөөд өдгөө нарийвчилсан оношилгоо хийж буйг салбарын сайд дурдлаа. Үүнээс 201 нь хорт хавдар байх магадлалтай гэнэ. Хүүхдүүдийн хувьд амны хөндийн, ялангуяа шүд цоорох эмгэг хамгийн их байсан аж. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хүмүүсийн 170 мянга гаруй нь 0-17 насныхан байжээ. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд өдгөө төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 118 эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж буй гэнэ.