Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд уржигдар орой тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Цээл сумын нутгаас хавхаар тарвага агнаж, идсэн иргэн Төгрөгөөр дамжин Есөнбулагт ирсний дараа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнд уг өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илэрчээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос шинжилгээний хариу гарах хүртэл хөл хорио тогтоож, Есөнбулаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлан, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа, нэгдсэн үйлчилгээнүүдийг зогсоосон юм. Мөн шинжилгээний сорьцыг ЗӨСҮТ рүү цаг алдалгүй илгээсэн, 23-ны 19.00 цагт хариу гарна гэж мэдээлж байв.
Шинжилгээний хариу товлосон хугацаандаа гарах, эсэхийг өчигдөр 17.30 цагийн үед ЗӨСҮТ-ийнхнөөс тодруулахад “Манай газарт өнөөдөр 10.00 цагт сорьц ирсэн. Хариу гартал удна. Биднээс урьтаад орон нутгийн ЗӨСТ-ийн хариу гарах байх” хэмээн мэдээлсэн юм. Харин тус аймгийн ЗӨСТ болон Шуурхай штабынхантай сонины дугаар шилжих мөчид буюу 19.00 цагт холбогдоход “Шинжилгээний хариу 22.00 цагаас хойш гарна. Одоогоор тодорхой болсон зүйл алга” гэв.
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар бол тарваган тахал өвчнийг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээний хариу богино хугацаанд, нян судлал, молекул биологийн зэрэг нарийвчилсан шинжилгээнийх багадаа 48-72 цагийн дараа гардаг аж.
Бэлтгэсэн И.Мишээл