АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА) болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан тус улсын Засгийн газраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд мэдээллийн технологийн болон эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Улаанбаатар хотын есөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тасгуудад эдгээр тоног төхөөрөмжийг хуваарилах аж. “Ковид-19”-тэй холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэнд доройтох нь түгээмэл болжээ. Энэ нь зөвхөн Монголд бус, дэлхий нийтэд тулгараад буй томоохон сорилтуудын нэг. Тиймээс Монгол Улсад эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, зөвлөгөө өгөх чадавхыг бэхжүүлэхэд туслах зорилгоор дээрх байгууллагууд тусламж үзүүлж буй юм байна. ОУХА-ийн захирал Томас Крэхан “Тэргүүн эгнээний ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэнд нь нийт хүн амыг хамгаалах, “Ковид-19” өвчний эдгэрэх боломжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улсын тогтвортой түнш, гуравдагч хөршийн хувьд АНУ нь ОУХА-аараа дамжуулан дэлхий нийтэд тулгараад буй эрүүл мэндийн энэхүү хямралыг даван туулахад нь дэмжлэг үзүүлж буйдаа баяртай байна” гэлээ. Цар тахалтай тэмцэхэд туслах зорилгоор АНУ-ын Засгийн газраас манайд 24.8 тэрбум гаруй төгрөг буюу найман сая ам.долларын туслалцаа үзүүлжээ.