С.Эрдэнийн тэргүүлсэн АН-ынхан өнгөрсөн бямба гарагт Соёлын төв өргөөнд XIV их хурлаа хийсэн. Энэ үеэр Х.Баттулгын тэргүүлсэн АН-ын гишүүн Д.Алтанхуяг тайзан дээр гарч зохисгүй үйлдэл гаргасан нь олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд халдаж, цохиж унаган тайзан дээгүүр чирсэн юм. Энэ үйлдэлд нь холбогдуулж түүнийг албадан саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байна. Энэ талаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч П.Дэлгэрмаа “Тус дүүргийн VIII хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Соёлын төв өргөөнд энэ сарын 2-ны 13.00 цагийн үед АН-ын XIV их хурал зохион байгуулж байх явцад тус намын гишүүн А нь хурлын заалны тайз руу гарч, үг хэлж байсан Э-г түлхэн унагаж, бие, эрх чөлөөнд нь халдсан талаарх дуудлага, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулж байна” гэсэн мэдээлэл өгөв. Өөр нэгэн эх сурвалж “Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг үү, зөрчлийнх гэж шалгах уу гэдгийг одоогоор хараахан хэлэх боломжгүй. С.Эрдэнийн биед гэмтэл учирсан, Д.Алтанхуяг ч бас цохиулсан байсан. Тиймээс хэн хэнийх нь биед учирсан гэмтлийн зэргийг ШШҮХ-гийн шинжээч эмч нараар тогтоолгож, тодорхойлуулахаар болсон” гэлээ.
Д.Алтанхуяг өмнө нь “Зэс эрдэнийн хувь” компани байгуулж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолго шороог ашиглан, ажлын байртай болгоно хэмээн иргэдийг залилсан хэрэгт холбогдсон. Түүний эл үйлдэл хэрхсэн нь тодорхойгүй байсаар өдий хүрч буй билээ.
Бэлтгэсэн Г.Орчлон