Өнөө жил өнгөтэй байгаа бөхчүүд Сүүж уулын хоёр суганд бэлтгэлд гарчээ. Манай сонины баг өнгөрсөн бямба гарагт тийш зорьж, хүчит бөхчүүд наадмын бэлтгэлээ хэрхэн хангаж буйг сурвалжиллаа. Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Сүүж уул” амралтад бэлтгэлд гарсан бөхчүүд улсын баяр наадмаар цолоо ахиулаад зогсохгүй олон түрүүг нь булаасан түүхтэй. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 11 удаа түрүүлэхдээ энд л бэлтгэлээ базаажээ. Мөн дархан аварга Г.Өсөхбаяр улсын наадамд дөрөв түрүүлэхдээ “Сүүж уул” амралтад хүч бяраа жигдэлсэн гэх. “Энд бэлтгэлээ базаагаад өндөр амжилт гаргасан өдий төдий олон бөхийг ярьж болно. Их урт яриа болох байх” гэж Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний дасгалжуулагч бөх, улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү ярив. Үнэхээр ч урт яриа, хууч түүх хүүрнэх байх. Үндэсний их баяр наадмын түрүү бөх олон удаа тодорсон учраас уул ус, ой хөвч, ургамал ногоо тэгширсэн энэ сайхан хангайг бөхчүүд ихээхэн шүншиглэдэг билээ.
“Хонгор нутаг” дэвжээний 40 орчим бөх өнгөрсөн сарын дундаас наадмын бэлтгэлдээ гарчээ. Түүнээс өмнө Баянхонгор аймагтаа бэлтгэл сургуулилалт хийж байгаад “Сүүж уул” амралтад ирсэн байна. Хонгор нутаг дэвжээнд улсын харцага Б.Бат-Орших, эрмэг зоримог барилдаантай улсын начин Д.Цэрэнтогтох нар бэлтгэл хийж байв. Баянхонгор нутгаас улсын цолонд ойрхон яваа цэргийн арслан Г.Жамбалдорж, аймгийн арслан Т.Дүүрэнсаран, М.Батцэнгэл нарын бэлтгэл сургуулилалт сайн байгаа гэнэ. “Хонгор нутаг” дэвжээг 2006 онд анх байгуулсан бол хэсэг завсарлаад 2018 оноос сэргээж, Баянхонгор аймгийн зарим бөх харьяалагджээ.
“Сүүж уул” амралтад “Хонгор нутаг”-ийнхнаас гадна улсын гарди Б.Гончигдамба тэргүүлсэн, Завхан аймгийн “Даян”, улсын заан Ц.Мягмарсүрэнгээр ахлуулсан, Ховд аймгийн “Ховд”, улсын заан Д.Анараар манлайлуулсан, Дорнод аймгийн “Дорнын хүчтэн” бөхийн дэвжээ, “Аварга” дээд сургуулийн багш, улсын начин Б.Адьяахүү шавь нартайгаа, “Хүч” спорт хорооны бөхчүүд нэгэн гал болж наадмын бэлтгэлээ хийж, эр бяраа тохируулж байв. Тэнд нийт 200 орчим хүчтэн наадмын бэлтгэлд гарчээ. Улсын начин Б.Адьяахүү “Бөхчүүдийн наадмын бэлтгэл сайхан тохирч байна. Хэдэн хоног эрчимтэй бэлтгэл сургуулилалт хийлээ. Одоо бөхчүүд хөнгөн бэлтгэл хийж, наадам болтол биеэ амраана. Аймаг, сумын наадамд барилдах залуу бөхчүүд нутаг, нутгийн зүг хөлгийн жолоо залж эхэллээ” гэж ярив. Мөн допинг хэрэглэсэн нь батлагдаж, аварга цолоо хураалган, улмаар барилдах эрхийг нь сэргээгээд буй улсын арслан Э.Оюунболд “Сүүж уул” амралтад бэлтгэлээ базааж байлаа. Тэрбээр “Хүч” спорт хороонд харьяалагдан барилддаг бөх.
Завхан аймгийн “Даян” бөхийн дэвжээнд одоо ид барилдаж буй улсын харцага Ш.Пүрэвгарьд, Т.Бэгзсүрэн, улсын начин Т.Дүгэрдорж, Б.Чимэдвандан нарын бөхчүүд бэлтгэж хангаж буй. Тэднийг улсын наадамд сайн барилдаж цолоо ахиулах бөхчүүдийн тоонд зүй ёсоор нэрлэх ёстой. Уран хурц барилдаанаараа бөхийн хорхойтнуудын анхаарлыг татаж, итгэл найдвар төрүүлэх болсон, цэргийн арслан М.Лхагвагэрэл “Даян” дэвжээнийх. Түүнийг бөх сонирхогчид аль хэдийн улсын цолтны тааварт багтаасан.
“Ховд” бөхийн дэвжээнд ид барилдаж буй улсын бяртай заан Б.Пүрэвсайхан, улсын наадмын түрүү бөхөөр нэрлэгдээд буй улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий нар багтдаг. Ховд аймгийн Мянгад сумын харьяат, улсын харцага Г.Алтангэрэл манай багийнхантай уулзах үеэрээ “Манай гурвыг “Ховдын их гурвал” гэж нэрлэдэг болоод байгаа. NBA-ийн сагсан бөмбөгийн лигийн тамирчдыг нь ингэж нэрлээд байдаг биз дээ” хэмээсэн. Ховдын нутгийнхан гурван бөхдөө, ялангуяа хоёр харцагатаа ихээхэн найдвар тавьж буй нь ойлгомжтой. Ховдын хоёр харцагаас олны хар, цагаан хэл ам хазай тусах болтугай.
“Дорнын хүчтэн”-ий Д.Анар зааныг бөхийн сонирхогчид андахгүй. Барилдааны арга техник сууж, бяр нь жигдэрсэн хүчтэн тэрбээр шөвгөрч барилдах, цаашлаад заан цолоо ахиулахын төлөө зүтгэх нь дамжиггүй. Тэр хэнийг ч хаях хэмжээнд хүрсэн бөх билээ. Дорнод нутгийнхан олон жил тогтмол сайн барилдаж буй аймгийн арслан Б.Батхуягаа улсын цолонд хүрчихээсэй гэж залбирч байгаа болов уу. Түүнээс гадна Дорнод нутгаас аймгийн арслан Г.Төрмөнх, М.Бэлгүтэй нарын бөх улсын цолны төлөө барилдана. Мэдээжийн хэрэг Д.Адьяахүү багшийн шавь нар, “Хүч” спорт хорооны залуу бөхчүүд аймгийн баяр наадмын түрүү, үзүүр булааж, бөхийн замналынхаа шатыг ахиулах нь дамжиггүй. “Сүүж уул” амралтад уулзсан нэгэн “Арслан Э.Оюунболдын бэлтгэл сургуулилалт сайн байгаа. Өндөр даваанд хүрч барилдах байх” хэмээсэн.
Манай сурвалжлах багийнхан “Сүүж уул” амралтаас хөдөлж, зүүнтэй нь байх Согоотын амыг зорилоо. Тэнд Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээнийхэн наадмын сорилго барилдаанаа хийж буй. “Бөх билэгт” дэвжээнийхэн нутгийн олны хандив тусламжаар Согоотод бэлтгэлийн бааз байгуулсан. Улмаар сүүлийн жилүүдэд тэнд наадмын бэлтгэлээ базааж буй билээ. “Бөх билэгт” дэвжээний тэргүүн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, сайд асан Д.Тэрбишдагва, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарди Д.Рагчаа, улсын заан Ч.Гочоосүрэн, улсын харцага Б.Жавхлантөгс, улсын начин Г.Жалаа нарыг хоймортоо суулган 64 бөх оролцсон сорилго барилдаан болов. Барилдаанд улсын начин О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, шинэхэн цэргийн начин С.Сүхбат үзүүрлэв. Шөвгийн дөрөвт улсын начин Н.Адьяабат, аймгийн заан Э.Мөнжаргал нар шалгарлаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бөхийн өргөөнд болсон улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд байнга их шөвөгт хүрч, түрүүлж, үзүүрлэн барилдсан улсын гарди М.Бадарч, аймгийн заан Э.Мөнхжаргал тахимаа өгсөн. Сэргээш хэрэглэсэн асуудлаас шалтгаалж, барилдахаа хэсэг завсарласан Н.Адьяабат начин цэргийн арслан Л.Отгонбаатарыг уран сайхан хөмөрч орхин цугласан олныг дуу алдуулав. Сорилго барилдааны түрүү булаалдсан цэргийн начин С.Сүхбатыг бөх сонирхогчид төдийлөн мэдэхгүй байж магадгүй. С.Сүхбат нь сумын заан цолтнуудын барилдаанд олон удаа 10 давж түрүүлсэн. Бөхийн галбир хийц сайтай, арал чацтай түүнийг ирээдүйд сайн бөх болно гэж Архангайнхан хүлээж буй.
“Бөх билэгт” дэвжээний сорилго барилдааны үеэр бэлтгэлийн талбайн нээлт болов. Тус дэвжээний дэмжигч гишүүдийн хандиваар бэлтгэлийн баазын налуу энгэрийг тэгшилж, хиймэл зүлэг дэвсэн, тэгш сайхан талбай байгуулжээ. Сорилго барилдааны үеэр “Бөх билэгт” дэвжээний бөхчүүд хандив өргөсөн хүмүүст батламж, дурсгалын зүйл гардуулж хүндэтгэл үзүүлсэн. Тэд бэлтгэлийн баазаа зөвхөн дулаан цагт биш, дөрвөн улирлын турш ашигладаг болгох зорилт тавьсан гэнэ лээ.
“Бөх билэгт” дэвжээнээс Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар улсын гарди М.Бадарч, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин О.Мөнх-Эрдэнэ нарын улсын цолтнуудаа өндөр даваанд хүрч барилдах болов уу. Түүнээс гадна цэргийн арслан Л.Отгонбаатар, аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ, Б.Мөнх-Эрдэнэ, аймгийн заан М.Мөнхжаргал нарыг улсын цолонд хүрнэ гэж итгэж буй аж. Аймгийн заан М.Мөнхжаргал энэ оны Цагаан сарын барилдаанд түрүүлж, үндэсний бөхийн түүхэнд шинэ амжилт тогтоосон. Түүнийг сайн барилдаасай хэмээн архангайчууд төдийгүй, монголчууд цөм хүсэж буй биз.
“Мөнхийн үсэг” группийн 30 жилийн ойд зориулсан, наадмын сорилго барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэсэн. Их шөвөгт улсын заан Д.Анар, улсын начин О.Мөнх-Эрдэнэ нар үлдсэн билээ. Сорилго барилдааны их шөвгийн бөхчүүд Сүүж уулыг тойрон бэлтгэлээ базааж таарчээ. Бэлтгэл сургуулилалт сайн болоод тэд өндөр даваанд хүрч барилдсан нь тодорхой. Дээрээс нь тэнд улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага О.Хангай, Ш.Пүрэвгарьд, цэргийн арслан М.Лхагвагэрэл, аймгийн заан Э.Мөнхжаргал нарын өнгө нь тодорхой бөхчүүд бэлтгэл хангаж буйг дурдаж болно. Сүүж уулын бэлээс наадмын түрүү тодорч мэдэх л юм.
Бэлтгэсэн Т.Энхбат