БНСУ-ын Данкүүкийн Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэн, МҮЭ-ийн Холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль 2020 оноос эхлэн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж судлаачдыг оролцуулах, багш нарын эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх зэргээр хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. 2021 оны эрдэм шинжилгээний зуны чуулганыг цар тахлын үе байсан тул онлайнаар зохион байгуулсан бол 2022 оны 6 дугаар сарын 29-нд Улаанбаатарт ирж, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль дээр эрдэм шинжилгээний хамтарсан хурал зохион байгуулж, эрдэмтэн судлаачид илтгэлээ хэлэлцүүлэв.
БНСУ-ын Данкүүкийн Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн зүгээс МҮЭ-ийн Холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийг төр, хувийн хэвшлээс ангид статустай, зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ ҮЭ-ийн байгууллага учир хөдөлмөрийн хүний эрх ашгийг хамгаалах чиглэл баримталдаг зэрэг нь тус байгууллаган зорилттой нийцэж байна хэмээн үздэг ажээ.
БНСУ-ын Данкүүкийн Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн төлөөлөгчид тус сургууль дээр зочилсон бас нэг шалтгаан нь хоёр байгууллагын удирдлага хамтран ажиллах гэрээнд албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулах явдал байв.
Цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зэрэгцээ хоёр сургуулийн хооронд оюутан солилцох зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой байгаа ажээ.
Бэлтгэсэн Э.Харцага