Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хэмжээнд сүүлийн хагас жилд гарсан ноцтой осол, гэмтэл, гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүний амь нас үрэгдсэн, эрүүл мэнд нь хохирсон тохиолдол бүрт уг асуудалд нэр холбогдсон алба хаагчдадаа ЗХЖШ-ын удирдлага сахилгын арга хэмжээ авсан билээ. Хариуцлага тооцох нь нэг хэрэг. Гэхдээ дурдсан хэрэг, зөрчилд алба хаагчид яаж оролцсон, үнэхээр түүнд холбоотой, эсэхийг хууль, хяналтын байгууллага эцэслэн шийдэж гэм буруутай, үгүйг нь тогтоосны дараа шийтгэдэг баймаар сан.
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн нэгэн алба хаагч офицертоо зодуулан амиа алдсантай холбогдуулан ЗХЖШ-ын даргын тушаалаар тус ангийн тухайн өдрийн томилгоот жижүүр, манаанд гарч байсан бүх хүнийг болон ангийн захирагчийг нь цэргийн албанаас халсан гэх мэдээлэл бий. Зэвсэгт хүчинд алба хааж, тангараг өргөн, цаашлаад даян дэлхийн энхийн үйлсэд зүтгэх санаа, зорилго өвөртлөн ирсэн залуусыг гэм буруутай, эсэхийг нь эцэслэн тогтоолгүйгээр өшиглөөд явуулж байгаад олон алба хаагч, тэдний ар гэрийнхэн гомдолтой байгаа юм. Тийм ч учраас өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэдэгчлэн зэвсэгт хүчний ирээдүй болсон, армид алба хааж буй залуусыг хэлмэгдүүлэх вий гэсэндээ хууль, хяналтын байгууллага эцэслэн шийдэж гэм буруутай, үгүйг нь тогтоосны дараа шийтгэдэг баймаар сан хэмээн бичихэд хүрэв.
Зэвсэгт хүчний алба хаагч эрсийн дунд алдаж, эндэх нь байдаг. Тэр болгонд алдаа гаргасан залуутай хамт байсан гэмгүй нөхдийг нь шийтгэж, армиас хөөгөөд байвал цаашид хэн батлан хамгаалах салбарт үүрэг гүйцэтгэх вэ. Үүнийг бодолцон ЗХЖШ-ын удирдлага долоо хэмжиж нэг огтолбол зүгээр сэн. Хэрэв үнэхээр архи ууж, агсам тавьж, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүмүүсээ халах ёстой юм бол генерал, офицерууддаа ч адилхан арга хэмжээ авах ёстой бус уу. Аяганы алгаас адууны алаг нь дээр гэдэг дээ. Ахлагч, бага тушаалын офицеруудыг ажлаас нь халдаг атлаа дээд офицер, генералууддаа хариуцлага тооцолгүй, харин ч шагнаж, урамшуулдаг жишиг зэвсэгт хүчинд тогтоод байгаа нь эмгэнэлтэй.
Хэд хэдэн жишээг энд эш татъя. Дорнод аймаг дахь зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хэдэн ахлагч ажлын бус цагаар, цэргийн байрлалаас гадуур архи ууж нэгнийхээ машинд сууж явж осолдож, нэг нь амиа алдсан хэрэг өнгөрсөн оны сүүлчээр гарсан. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Баянхонгор аймаг дахь 339 дүгээр ангийн ахлагч нар нэгнийхээ гэрт согтууруулах ундаа хэрэглэж, нэг нь нас барсан.
Хүний амь үрэгдсэн эдгээр хэрэгт шууд болон шууд бус байдлаар холбогдсон цэргийн алба хаагчдыг халж байгаа нь нэг талаасаа сахилга, дэг журмыг бэхжүүлж байгаа мэт боловч нөгөө талаасаа хэт хатуурхаж, ахлагч нарыг илэрхий дорд үзэн ялгаварлан, хүний амьдралыг золиосонд гаргасан хүнлэг бус үйлдэл гэхэд хилсдэхгүй. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиараа олгосон эрхэд халдаж байна гэхэд буруудахгүй л болов уу. Үндсэн хуулийн 16.14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн байдаг. Гэтэл ажлын бус цагаар, цэргийн ангидаа бус, өөр газарт архи ууснаас үүдэлтэй хэрэг, зөрчилд ахлагч бүрэлдэхүүнийх нь төлөөлөл нэр холбогдсон төдийд, шүүхээр гэм буруутайг нь баталж, нотлоогүй байхад халж буй нь олон залуугийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Тэд ардаа амьдралтай. Гэм буруутай, эсэхийг нь тогтоогоогүй байж ажлаас нь халчихаар юугаараа, яаж амьдрах вэ. Зэвсэгт хүчний ахлагч бүрэлдэхүүний дотроос өнөөдөр ипотекийн болон цалингийн зээлгүй хүн бараг үгүй. Тэгэхээр хууль, шүүхийн байгууллагаас тухайн ахлагчийг гэм буруутай, эсэхийг тогтоогоогүй байхад ЗХЖШ-ын удирдлага нь хариуцлага тооцсон дүр эсгэхдээ армийнхаа дийлэнх хэсгийг бүрдүүлж байдаг бага тушаалын алба хаагчдынхаа амьдралд юу болохыг төсөөлж үзсэн болов уу. Магадгүй ажилгүй, орлогогүй болсон тэд гэр бүлдээ ад үзэгдэж, цаашлаад ийм байдалд оруулсан дарга, захирагч нартаа баярлахгүй нь ойлгомжтой.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14.1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” хэмээн хүний эрх, эрх чөлөөний баталгааг тунхагласан. Тэгвэл энэ эрх зэвсэгт хүчинд зөрчигдөөд байгаа юм биш биз. Ийн дүгнэх болсны учир нь ахлагч бүрэлдэхүүн ажлын бус цагаар, гэртээ, найз нөхдийндөө архи уусны төлөө, хамт байсан нэг нь цаг бусаар тэнгэрт хальснаас шалтгаалан гэм буруутай, эсэхийг нь тогтоогоогүй байхад ажлаасаа халагдаж байна. Гэтэл генерал, хурандаа нар ажлын байрандаа архидаж, зодоон цохион хийсэн, эсвэл авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгуулсан атлаа хариуцлага хүлээхгүй өнгөрч, тэр ч бүү хэл зарим нэг нь дэвшиж буй нь ийн дүгнэхэд хүргэв.
БХЯ, ЗХЖШ-ын эрх бүхий дарга нар орон сууцын асуудлаар ч, эрх мэдлээ урвуулж, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, энхийг сахиулах ажиллагаанд явуулна гээд залилсан, хахууль авсан хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэнд шалгуулж байсныг уншигч санаж буй нь лавтай. Тэдэнтэй хариуцлага тооцсон нь ч, шүүхээр шийдвэрлэсэн нь цөөн. Генерал, хурандаа нар нь шалгуулаад ажилдаа орчихоод явж байдаг атал, ахлагч нар гудамжинд лааз өшиглөж, армиас хасагдаж байгаа нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж байгааг илтгэх бус уу. Өөрөөр хэлбэл, гэм буруутайг нь шүүхээр эцэслэн тогтоогоогүй ахлагч нарыг илэрхий дорд үзэн гадуурхаж ажлаас нь халсан атлаа генерал, хурандаа нараа өөгшүүлж суугааг ХЭҮК-ынхон мэдсэн ч мэдээгүй царайлж байна. Уг нь тус комиссынхон БХЯ, ЗХЖШ-ынхантай хүний эрхийг хангах чиглэлээр хамтран ажиллаж, судалгаа хийж байгаа юм билээ. Уг ажилтайгаа хамтатгаад Үндсэн хуулийн 16.14-ийн “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтын хэрэгжилтийг хянаж, шалгавал гэртээ, амралтын цагаар архи уусныхаа төлөө ажлаасаа халагдсан олон ахлагчийн эрх зөрчигдсөн нь илэрхий болох биз ээ.
Түүнчлэн Төрийн албаны тухай болон Цэргийн албаны хуульд “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, эсвэл “цэргийн нийтлэг дүрэм, цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн” тохиолдолд л ажил, албанаас нь халахаар заасан байдаг. Гэтэл орцондоо зодолдоод, цагдаагийн байгууллагад шалгуулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлагаа хүлээсэн нэгэн ахлагчид давхар шийтгэл ногдуулж, ажлаас халж байгаа нь хууль, хүний эрх аль алиныг нь зөрчиж буй хэрэг шүү дээ. Хууль хэрэглээний зарчимд “Тухайн гаргасан гэмт хэрэг, зөрчилд зөвхөн нэг удаа л хариуцлага хүлээлгэх” зохицуулалттай. Гэтэл цагдаа, шүүхээс Зөрчлийн хуулийн дагуу торгох, баривчлах, албадан хөдөлмөрлүүлэх гэх мэт хариуцлага ногдуулчихаад байхад ЗХЖШ-ынхан ахлагч бүрэлдэхүүнээ ажлаас халж байгаа нь уг зарчмыг зөрчсөн явдал. Бодвол архи уусныг нь үндэслэж, халах гол шалтаг болгосон байх. Хэдэн жилийн өмнө ЗТХЯ-нд төрийн албан хаагчид архидан согтуурсны улмаас хүний амь үрэгдсэн гэмт хэрэг гарсантай холбогдуулан ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг шууд халахаар заасан Засгийн газрын тогтоол, түүний утга агуулгыг тоть лугаа адил давтаж гаргасан Батлан хамгаалахын сайдын тушаалаа үндэслэж, цэргийн дүрэмт хувцастай архи уусан ахлагч нарыг халсан бололтой. Төрийн албаны болон Цэргийн албаны хуулиа бус, тэдгээр хуулиас илүү дээгүүр заалт бүхий Засгийн газрын тогтоол, салбарын сайдын тушаалаар хүний амьдралаар тоглож болохгүй байлтай.
Ж.Орвелийн “Амьтдын ферм” зохиолд “Амьтан бүхэн тэгш эрхтэй, тэр дундаа гахай бүр илүү эрхтэй” гэж бичсэн байдаг шиг генерал, хурандаа нар хууль зөрчөөд хариуцлага хүлээхгүй байж таарахгүй. Засгийн газрынхаа тогтоол, сайдынхаа тушаалыг уландаа гишгэж ажлын байрандаа архидан согтуурдаг хүмүүс БХЯ, ЗХЖШ, анги салбарт ч генерал, хурандаа цолтой ажиллаж байдаг юм билээ. Тэд байнга биш ч, үе үе ажлын байрандаа архидан согтуурах явдал гаргадгийг тэнд ажилладаг жирийн олон алба хаагч нь хэлдэг. Сар хүрэхгүй хугацааны өмнө дөө, зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн удирдах нэг албан тушаалтан нь ажлын байрандаа архи ууж, зодоон цохион хийсэн байдаг. Түүнд хариуцлага хүлээлгэж, албан тушаал, цолыг нь бууруулсан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Үүнээс өмнө ажлын байрандаа архи ууж, яам, ЗХЖШ-ын байраар “зугаалж” явсныг, ууснаа шингээж чадалгүй ажлын байрныхаа хонгилд гадагшлуулсныг, жижүүрийн офицертоо агсам тавьж байхыг харсан алба хаагчид нь шивэр авир гэлцэж байсан. Гэтэл өнөөдөр тэдгээр хурандаа нар албан тушаал дэвшин, газрын дарга нар болчихсон, гадаадад дипломат албанд ажиллаж буй нь хууль, дүрэм, журам хаана, хэнд, хэрхэн үйлчилдгийн бодит жишээ.
Хүчин төгөлдөр үйлчилж буй Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.1.1-д “Төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэж заасан. Гэтэл БХЯ, ЗХЖШ-ын удирдлага үүнийг зөрчиж ангийн байрлалд хүлээн авалт зохион байгуулах явдал ч байдаг.
Цэргийн албаны тухай хуульд “Цэргийн алба хаагчийг ангийн байрлал, эсхүл ангийн байрлалын гадна албан үүрэг, байлдааны жижүүрлэлт, харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэх, ажилдаа ирэх, буцахыг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцох”-оор заасан. Мөн хуульд цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог. Гэтэл зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтын үеэр түүнд оролцсон офицерууд ажлын бус цагаар албан тушаал дэвшиж, захирагч болсон нэгнээ тангараг өргүүлэх нэрээр дүрэмт хувцастайгаа архиддаг тохиолдол өмнөх жилүүдэд гардаг байв. Харамсалтай нь тэдэнд ямар ч арга хэмжээ авдаггүй хэрнээ ажлын бус цагаар ангийн байрлалаас гадна гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн ахлагч нарыг “архи уулаа” гэж ажлаас нь хална гэдэг бол хэтэрхий тэгш бус, шударга бус явдал.
Генерал, хурандаа нар хамар дор чинь архидаж байхад тэдэнтэйгээ хариуцлага тооцож чадахгүй хэрнээ анги, салбарт, анхан шатны нэгжид ажиллаж буй ахлагч нарын амьдралаар тоглох хэрэг байна уу.
Эхэнд эш татсан Дорнод болон Баянхонгор аймаг дахь цэргийн ангийн алба хаагч амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаагүй байгааг эх сурвалжууд хэллээ. Тийм атал ахлагч нараа ажлаас халах нь тэгш эрхийн зарчим алдагдсан явдал биш гэж үү.
Бэлтгэсэн: Г.Равжаа