Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б-гийн хашаанд шар өвс шатаж, гал гарлаа. Тухайн үед иргэн Б гэртээ 2-6 насны гурван хүүгийн хамт байсан гэнэ. Хүүхдүүд болгоомжгүйгээр галаар "тоглож" өвсөнд гал тавьсан бололтой. Харин үүнийг асран харгалзагч Б анзаараагүй гэнэ. Улмаар гэнэтхэн хашаанд гал авалцаж, дүрэлзсэн байна. Тухайн иргэний гэрийн ойролцоо 361 постод үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Одбаяр утаа суунаглахыг анзаарч, гал гарч буй газарт шуурхай очиж, түргэн шуурхай унтраажээ. Алба хаагчийн хэлснээр тухайн гал гарсан айлд гурван хүүхэд, өвөөтэйгөө байсан, харин хажуу айлд нь зургаан хүүхэд байсан гэнэ. Салхи ихтэй үед гал маш хурдан тархсан гэнэ. Алба хаагч шуурхай ажиллаж, хүүхдүүдийг хашаанаас гаргаж, дараа нь шатаж байгаа мод болон өвсийг унтрааж амжсан байна. Хаврын хуурайшилттай өдрүүдэд гал түймрийн аюулаас болгоомжлох, насны хүүхдүүдээ хараа хяналттай байлгахыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.