Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярыг прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, 48 цагийн хугацаатай саатуулжээ. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт архидан согтуурч, Улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэдэг. Улмаар хэргийн газраас зугтсан гэх. Цагдаагийнхан түүнийг эрэн сурвалжилж байсан бөгөөд бямба гарагт Н.Түвшинбаяр өөрөө ирж мэдүүлэг өгсөн юм. Тухайн өдөр олимпийн аваргыг цагдан хорих гэсэн авч, тархины дотуур гэмтэлтэй хэмээн үзэж эмнэлэг рүү буцаасан байдаг. Харин өчигдөр орой түүнийг прокурорын зөвшөөрөлтэйгээр саатуулжээ. Өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, түүнийг цагдан хорионы хугацааг сунгах, эсэхийг хэлэлцэнэ.
Ташрамд дурдахад, Үндэсний аудитын газраас өнгөрсөн сард “Монголын Үндэсний олимпын хорооны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүн”-д гүйцэтгэлийн аудит хийсэн байдаг. Ингээд аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн дүгнэлт хийж, алдаа дутагдлаа засах найман зөвлөмжийг МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярд хүргүүлсэн байдаг. Улмаар аудитаар хүргүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, биелэлтийг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор ҮАГ-т ирүүлэхийг МҮОХ-ны Ерөнхийлөгчид зөвлөсөн билээ.