Цагдаагийнхан амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 553 дуудлага мэдээлэл бүртгэсэн байна. Эдгээр жолоочийн 179 нь согтуугаар жолооны ард суусан гэнэ. Мөн эдгээр өдрүүдэд 12 хүн хүнд, хөнгөн гэмтсэн аж. Тодруулбал, автомашин мөргөлдөж гурав, бусдыг дайрч тав, автомашин онхолдож дөрвөн хүн гэмтсэн гэнэ. Бүр ноцтой нь баасан, бямба гарагт орон нутагт нэг, нийслэлд нэг хүн авто ослоор нас баржээ. Тухайлбал, өчигдөр 02.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Толгойтын замд суудлын автомашин онхолдож, жолоочийн амь нас хохирсон хэрэг гарав. Мөн энэ өдөр Төв аймаг Баян-Өнжүүл сум нэгдүгээр баг “Довын гуанз” гэх газар асфальтан замд суудлын автомашин онхолдож, жолоочийн амь нас хохирсон байна. "Амиа хорлох адын хүсэл"-д автсан жолооч нар хурд хэтрүүлж, архи ууж жолооны ард суусаар байгааг цагдаагийнхан хэлж байна. Дээрх мэт харамсалтай явдал өдөр бүр тохиолддог ч иргэд ухаардаггүй, сэхээрдэггүй гэнэ. Ихэнх жолооч нар хурд хэтрүүлж, дүрэм зөрчиж, улмаар амиа алдаж, нэг бол хайртай дотнын хэн нэгнээ алдсаар байгааг цагдаагийн анхааруулж байна. Товчхондоо жолооч нар амиа алдаж болохыг хэзээ ч тооцоолдоггүй гэнэ.