“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн байранд осол гарч хүний амь эрсэджээ. Тодруулбал, өнөөдөр 06.30 цагийн орчимд тухайн компанийн үйлдвэрийн байранд хүний амь хохирсон гэх дуудлага цагдаагийнханд иржээ. Хэргийн газарт үзлэг шалгалт явуулахад 22 настай ажилтан А бутлагч машинд өртөж амиа алдсан байжээ. Ослын талаар тус компанийн Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ш.Батсууриас тодруулахад “Үнэхээр харамсалтай хэрэг боллоо. Цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байцаагч, шинжээчдээс бүрдсэн ажлын хэсэг хэрэг дээр ажиллаж эхэлсэн. Хөдөлмөр аюулгүй байдлын дүрэм мөрдөөгүйгээс болсон уу, өөр шалтгааны улмаас осол гарсан уу гэдгийг хэлэхэд эрт байна” гэх хариулт өгсөн юм. Ямартай ч тухайн компанийнхан хөдөлмөр аюулгүй байдлаа бүрэн дүүрэн хангаж, хяналт тавьж ажиллаагүйгээс цэл залуухан амь эрсдэж, хорвоогоос буцлаа.