Монголбанкны ерөнхийлөгчөөр 2016 оны долдугаар сараас 2019 оны арваннэгдүгээр сарын хооронд ажиллаж байсан Н.Баяртсайханыг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлжээ. Түүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлснийг хэд хэдэн эх сурвалж баталлаа. Н.Баяртсайханыг “Капитал” банктай холбоотой хэрэгт холбогдуулж буй гэнэ. Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Капитал” банканд тавих хяналтаа сулруулснаас арилжааны эл банк дампуурч Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын санд 240 тэрбум, харилцагч, хадгаламж эзэмшигчид их хэмжээний хөрөнгөөрөө хохироход хүрсэн хэмээн буруутгаж байгаа аж. Ташрамд дурдахад, “Капитал” банк дампуурсантай холбоотой хэрэгт тус банкны удирдлагаас гадна төрийн өндөр албан тушаалтнууд болох Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, НДЕГ-ын дарга зэрэг албан тушаал хашиж байсан С.Эрдэнэ, Ц.Уртнасан тэргүүтэй хүмүүсийг холбогдуулан шалгаж эхэлснийг бид цаг тухайд нь мэдээлж байсан. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа “Ковид-19” цар тахлын улмаас удаашраад буй юм. Түүнчлэн “Капитал” банк дампуурсны улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг прокурорын байгууллага нэхэмжилж, нөхөн төлүүлэхээр болжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын сангийн 135.7 тэрбум, Нийгмийн даатгалын сангийн 103.8 тэрбум төгрөгийг нэхэмжилж прокурорын байгууллагаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, нийт 239 тэрбум төгрөг төлүүлэх шийдвэр шүүх гарсан байна. Тус шүүхийн дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсныг эх сурвалжууд батлав.
Бэлтгэсэн: Г.Равжаа