Монгол Улсын гадаад бодлогод БНАСАУ-ын талаарх бодлого том байр суурь эзэлдэг бөгөөд Умард Солонгостой тогтоосон манай уламжлалт харилцаа түүхэн онцлог дээр тогтсон уламжлалтай гэдгийг хойчийн залууст тайлбарлахын тулд энэ бичил өгүүллийг зориулав.
Колончлогдсон буурай ард түмэнд үндэсний эрх чөлөөг амалж Зөвлөлт Холбоот Улсаас гаргасан тунхгийн улмаас социализм, коммунизмын үзэл санааг үндэсний эрх чөлөөний үзэл санаа, туг болгон мандуулж тусгаар тогтнолын төлөө тэмцсэн дорнын олон түмний жишээ бол монгол, солонгос хоёр билээ. Монголоос ялгаатай нь солонгосын коммунистууд Жүчэ буюу өөртөө тулгуурлан хөгжих номлолыг бие даан боловсруулж, чухам тэр үзлийг ягштал баримтлан БНАСАУ-ыг үндэслэн байгуулсан – өнөөг хүртэл хазайлгүй баримталсаар байна.
Улс төр, эдийн засаг, цэргийн хувьд гадаадаас бие даасан байх ёстой, эс бөгөөс гадаадын түрэмгий нарын байнгын заналхийллээс салахгүй гэсэн энэ номлол тухайн үедээ ч, өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй юм. Японы улс феодалын хоцрогдлоос гарч эзэнт гүрэн байгуулах сууриа тавьсан Мэйжигийн шинэчлэлийн үед “Баян улс, хүчирхэг гүрэн” байгуулна хэмээн ард түмнээ уриалж байсан шиг, Жүчэгийн үзэл гадаадын түрэмгийллийн эсрэг үндэснийхээ төр улсыг сэргээн байгуулах дуудлага, вижн болж байв. Жүчэгийн үзэл санаа солонгосын онцлогтой болохоос тухайн үеийн азийн бусад ард түмнийг тусгаар тогтнолын хөдөлгөөн, удирдлага болгосон үзэл санаанаас ялгаатай байгаагүй, тэр бүү хэл, илүү системтэй, давуу байсныг тэмдэглэх хэрэгтэй.
Тулгуур зарчим тунхаглах, түүнийгээ бодит амьдралд хэрэгжүүлнэ гэдэг амаргүй даваа. Эцэг Ким Ир Сэн энэ үзлийг номлон улсаа байгуулсан, хүү Ким Жон Ил үүнийг залгамжлан зүтгэсэн, ач Ким Жон Үн буухиалан хэрэгжүүлж байгаа энэ улс цагийн өнгө, улирлын аясаар хатуу хүтүү, сайн муу, буруу зөв, зовлон жаргалыг бишгүй туулсан.
Энэ дундаа хамгийн хүндийг Ким Жон Ил дарга үүрсэн хэмээн түүхэнд тэмдэглэгдэх биз. БНАСАУ-ыг удирдсан түүний үеийг наад зах нь гурван зүйлээр тодорхойлж болох юм:
- Ким Жон Ил даргын үед БНАСАУ цөмийн зэвсэгтэй болох сууриа тавьсан. “Хэрэв бид цөмийн зэвсэг бүтээгээгүй байсан бол Ирак, Афганистан шиг БНАСАУ ч бас их гүрнүүдийн золиос болох байсан” хэмээн Умард Солонгосын нөхдийн ярьдаг бас ч үнэний ортой. Коммунист систем дэлхий даяар нуран унасан тэр үед өлсгөлөн, зовлонг хайхралгүй өөрийгөө хамгаалах хүчтэй болж чадсан – стратегийн зорилгодоо хүрсэн юм.
- Ким Жон Ил даргын үед БНАСАУ эдийн засгийн хамгийн хүнд үеэ туулсан. Коммунист систем нуран унасан үед дэлхий дээр тогтнож үлдсэн цөөхөн коммунист улсын нэг БНАСАУ-ын дэглэмийг ч удахгүй нуран унана хэмээн хүлээж байсан. Цөмийн зэвсгийн хөтөлбөртэй холбоотой өнөө ч үргэжилж байгаа олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээ, хэд хэдэн жил дараалан нэрвэсэн ган, зуд, үерийн гамшгийг үл хайхран дотоодын эдийн засгаа дайчилж хөгжүүлсний үр дүнд өнөөдөр БНАСАУ зөвхөн цөмийн зэвсэгтэй болоод зогсоогүй шинжлэх ухаан технологийн өндөр хөгжилтэй гүрэн болов. Дэлхийн томоохон гүрнүүдийг Умард Солонгосын хакерууд айлгаж байгааг сануулахад илүүц биз. Өнөөдөр энэ хөгжил дээрээ тулгуурлан эдийн засгаа төлөвлөгөөтэй хөгжүүлэх зорилт тавиад амжилттай хэрэгжээд явж байна. Дэлхий дээр 20 гаруй жил үргэлжилсэн эдийн засгийн хориг Умард Солонгосоос өөр газар байхгүй, гэхдээ сүүлийн жилүүдэд тус улсын эдийн засгийн өсөж байгааг харвал хамгийн удаан үргэлжилсэн энэ хориг хамгийн бүтэлгүй хориг болж магадгүй байна.
- Ким Жон Ил дарга өөрөө төлөв даруугийн гайхамшгийг үзүүлсэн. Хэдийгээр эцэг Ким Ир Сэний бүх эрх мэдлийг бүрэн залгамжилсан боловч тэрээр албан тушаалыг нь албан ёсоор хэзээ ч залгамжлаагүй юм. БНАСАУ-ын Ерөнхийлөгчийн суудлыг “мөнхийн” болгож эцэгтээ үлдээсэн төдийгүй “Солонгосын хөдөлмөрийн намын дарга”-ын албан тушаалыг ч залгамжлаагүй билээ. Харин оронд нь “Солонгосын хөдөлмөрийн намын нарийн бичгийн тэргүүн дарга” хэмээх даруухан нэртэй албан тушаалаас бүх дээд эрх мэдлийг хэрэгжүүлж байлаа. “Эцгийн байгуулсан улсыг хүү нь мөхөөх” муу нэрийг түүхэнд үлдээхгүйн тулд солонгосын ард түмний зорьсон зорилго – “улс төр, эдийн засаг, цэргийн хувьд бие даасан байх”-ын тулд Ким Жон Ил дарга бүх чадлаа зориулсанд эргэлзэх шалтгаан үгүй юм.
Монгол Улсыг сэргээн байгуулахын төлөө зүтгэсэн олон гавьяатныг: Богд Жавзандамба, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал зэрэг олон түүхт хүнийг монголчууд бид хүндэтгэн дурсдаг. Хүн болсон хойно бүгд л алдаатай оноотой.
Умард Солонгосын нийгэм ч ялгаагүй Ким Ир Сэн, Ким Жон Ил даргын тухай хүндэтгэн дурсдаг. Ялангуяа БНАСАУ-ын байдал гадаад орчиндоо ч, дотоод байдалдаа ч хамгийн хүнд үед улсаа удирдаж, бууж өгөлгүй тууштай байж, тавьсан зорилгодоо хүрсэн боловч үр шимийг нь хүртэж чадалгүй өнгөрсөн Ким Жон Ил даргыг түүний тэнгэрт дэвшсэн арванхоёрдугаар сарын 17-ны өдөр дурсан тэмдэглэдэг.
БНАСАУ-ын ард түмэнтэй тогтоосон найрамдалт харилцаагаа нандигнадаг, Монгол Улсын гадаад бодлогод эзэлдэг БНАСАУ-ын байр суурийг ухамсарлан хүндэтгэдэг хэн бүхэн энэ түүхэн хүнийг өнөөдөр дурсан хүндэтгэж байна.
ПЕКТУСАН НИЙГЭМЛЭГ, МОНГОЛ – БНАСАУ-ын Найрамдлын нийгэмлэг, ЖУСОН Судалгааны төв.