“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, ажилтан Г.Амарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 9-ны өдөр эхэлсэн. Харин арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Г.Амарсайхан, Г.Загдаа нарыг гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчид хохирол төлбөр төлөх тав хоногийн завсарлага өгсөн юм. Шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилж, тэдэнд ял оноожээ. Тодруулбал, Г.Загдаад 6.2 жил, Г.Амарсайханд нэг жилийн хорих ялыг ногдууллаа. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад Эрүүгийн хуулийн 12.1-2.3, 2.6-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх, хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх, мөн хуулийн 11.7-2.2.1 дэх Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 23.1-1 дэх Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, мөн хуулийн 11.6-2 Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгдэгч Г.Амарсайханыг Эрүүгийн хуулийн 11.7-2.1 Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн хэмээн ялласан билээ. Г.Загдааг энэ сарын 10-наас, Г.Амарсайханыг өнөөдрөөс эхлэн хорьжээ. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хохирогч Халиуныг хүүхэдтэй нь хамт ЦЕГ-н хамгаалалтад хэвээр үлдээсэн байна.