“Эрчимжсэн аж ахуйд тэжээл үйлдвэрлэх боломж” сэдэвт өдөрлөг болов
ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн “БЭЛЧЭЭР, ТЭЖЭЭЛ СУДЛАЛ, МЕНЕЖМЕНТ” профессорын багийн хамт олон “Эрчимжсэн аж ахуйд тэжээл үйлдвэрлэх боломж” сэдэвт өдөрлөгийг /2020-10-23/ зохион байгууллаа. Энэ үеэр мал амьтанд зориулсан холимог багсармал тэжээлийн цех нээснээ зочдод танилцуулсан юм.
Тус цех нь 1 цагт нэг тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Цехийн байр сав, агуулахыг БНСУ-ын Копиа Монгол төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Өвлийн улиралд өсвөр үхэр бордох технологи” төслийн санхүүжилтээр шийдвэрлэсэн байна. Мөн тоног төхөөрөмжийн жигдрүүлэлт, тохиргоог Инженер, технологийн сургуулийн багш Д.Баатархүү, Анхбаяр, Ганбат нар хамтран гүйцэтгэжээ.
“БЭЛЧЭЭР, ТЭЖЭЭЛ СУДЛАЛ, МЕНЕЖМЕНТ” профессорын баг нь Копиа Монгол төвийн санхүүжилтээр “Өвлийн улиралд өсвөр үхэр бордох технологи”, АХБ-ны санхүүжилттэй “Уурагт тэжээл үйлдвэрлэл”, Туркийн хамтын ажиллагааг зохицуулах агентлаг ТИКА байгууллагын “Тэжээлийн холимог тариалах, тэжээл бэлтгэх”, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн “Бэлчээр ашиглагчдын хэсэгт тохирсон МАА-н менежментийг бий болгох” зэрэг томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээрийн үр дүнд тэжээлийн 12 ашигтай загварын гэрчилгээ авчээ.
Мал аж ахуйн үйлдвэрлэл, бүтээмжийг нэмэгдүүлэх мэдлэг, технологи шингэсэн тэжээл бэлтгэж, хэрэглэгчдэд хүргэх нь байгаль орчны доройтол, ган, зудын эрсдэлт нөхцөл байдалтай энэ үед чухал хэрэгцээтэйг оролцогчид онцолж байлаа.
Өнгөрсөн нийгмийн үед 273 мянган тонн багсармал тэжээл үйлдвэрлэх чадалтай 21 үйлдвэр, цех ажиллаж байсан бол өдгөө жилдээ 101 тонн тэжээл үйлдвэрлэж бусдыг нь импортолж байгаа аж. Тиймээс дотоодынхоо хэрэгцээг хангах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд технологи шингэсэн тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, үр ашгийг хэрэглэгчдэд таниулах нь чухал байгааг судлаач, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл хэлж байлаа.