Монголын эрчим хүчний ассоциацын ерөнхий нарийн бичгийн дарга, техникийн ухааны доктор Г.Пүрэвдоржтой эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогын талаар ярилцлаа.
-Эрчим хүч бол манай улс орны эдийн засгийн нэн чухал салбар. Энэ салбарын бодлого аль чигт явж байгаа талаар сэтгэгдлээ хуваалцана уу?
-Монгол Улсын эрчим хүчний салбар тодорхой бод логотойгоор өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн. Социализмын үед энэ салбарыг түрүүлүүлэн хөгжүүлэх салбар гэж онцлон эн тэргүүнд тавьж ирсэн юм. Сүүлийн 30-аад жилд бодлогын олон баримт бичиг гаргасан. Эрчим хүчний тухай хууль, Монгол Улсын нэгдсэн сүлжээ хөтөлбөр, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Сэргээгдэх эрчим хүчний хууль гэх мэт бодлогыг гаргаж, манай улс дотоод хэрэгцээгээ бүрэн хангаад, эрчим хүч экспортлох зорилтыг тавин ажиллаж байна. Энэ зорилтыг манай салбарын хамт олон, Эрчим хүчний яам (ЭХЯ) болон Засгийн газар амжилттай хэрэгжүүлж байна гэж боддог. Гэхдээ өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний салбарын тогтвортой, найдвартай ажиллагааг бүрэн хангаж байна гэж хэлэхэд хэцүү.
Үүний нэг учир шалтгаан нь сүүлийн 20-иод жил эрчим хүчний салбарт мэргэжлийн бус олон сайд, дарга нарыг богино хугацаагаар томилж, зарим үед бодлогын хэрэгжилтийн залгамж чанар алдагдаж байсан. Яагаад гэвэл эрчим хүчний бодлого, түүний хэрэгжилт дор хаяж 5-15 жилээр түрүүлж, тэр нь салбарын тасралтгүй, тогтвортой үйл ажиллагааг хангадаг. Мөн эрчим хүчний салбарт голчлон төрийн өмчит компаниуд ажиллаж байна. Эдгээр компанийн удирдлага эрчим хүчний сайдын эрх мэдэлд байхгүй, богино буюу сонгуулийн хугацаагаар, Засгийн газар солигдох хэмнэлээр тавигдах болсноор тухайн үйлдвэрийн цаашид тогтвортой, найдвартай ажиллах бодлого алдагдаж байна. Жишээ нь, эрчим хүчний компаниудын хувьцааг 2000 оны эхнээс Төрийн өмчийн хороо 39 хувийг нь, Сангийн яам 20, үлдсэнийг ЭХЯ, дараа нь Төрийн өмчийн хороо 70, ЭХЯ үлдсэнийг эзэмшиж, Компанийн тухай хуулиар Төрийн өмчийн хороо ихэнх эрх мэдлийг авч ажилласан үе бий.
Тухайн үед компанийн гүйцэтгэх удирдлагууд төрийн өмчийн хороонд илүү захирагдах маягтай, эрчим хүчний мэргэжлийн тогтвортой, найдвартай үйл ажиллагааг хангаж төрөөс баримтлах бодлогуудаа хэрэгжүүлдэг салбарын яамны оролцоо бага болсон байлаа. Энэ нь төрийн байгууллагуудын эрх, үүргийг хооронд нь салгаснаас эрхээ эдэлдэг мөртлөө үүрэг хариуцлагаа хүлээдэггүй, хүлээх чадамжгүй болгож байсны нэг жишээ юм. Түүнчлэн эрчим хүчний төрийн эзэмшлийн компаниуд хоёрдмол удирдлагатай байсан учир ямар нэгэн хүндрэл, аваар, осол болоход хэн хариуцах нь то дорхойгүй болсон. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн нар Засгийн газрыг байгуулж ажиллахдаа нэлээд хөөцөлдөж, ЭХЯ-ны эзэмшилд компаниудын хувьцааны 70, Төрийн өмчийн хороонд 30 хувь байхаар болгосон. Үүний үр дүнд эрчим хүчний салбарын үйлдвэрүүдийг мэргэжлийн удирдлагаар хангаж тогтвортой, найдвартай ажиллагааг хангах боломж бүрдэж, хариуцлагыг сайжруулахад дэвшил гарсан гэж үзэж байна.
-Манайх БНХАУ болон ОХУ-аас эрчим хүч авдаг. Тэгэхээр таны хэлснээр хараат байдлаас гаргана гэсэн зорилтод хүрэхгүй байгаа юм биш үү. Энд бодлогын ямар нэгэн алдаа бий юү?
-Гадаадаас эрчим хүч авдаг нь хараат байдалд байгаа гэсэн үг биш. Монголчууд эрчим хүчний салбарыг бүрэн хангадаг болчихвол угаас хараат байдлаас гарна. Шинэ эх үүсвэрүүдийг барьж чадахгүй байгаатай холбоотойгоор аргагүйн эрхэнд түр хугацаанд эрчим хүч импортоор авч байгааг хараат байна гэж ойлгож болохгүй. Мөн төрөөс баримталж байгаа бодлогод эрчим хүч экспортлох зорилт тавьсан. Үүнийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна шүү дээ. Цаашид жил бүр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах шинэ цахилгаан станцуудыг барих шаардлагатай. Шинэ станц барих ажил хөрөнгө мөнгө болон улс төрийн ямар нэг шалтгаанаар хойшилсоор ирсэн. Монгол Улсын эрчим хүчний системийн аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт мөн. Иймээс шинэ станц барих ажлыг зоригтойгоор шийдвэрлэх хэрэгтэй. Хэрэглэгчдийг нэг минут, секундээр ч эрчим хүчээр тасалдуулж болохгүй.
Нөгөөтээгүүр, эх газрын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд өвлийн цагт том хотуудыг болон хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар тасралтгүй найдвартай хангах зорилт бий. Эрчим хүчний найдвартай ажиллагааг хангахад олон асуудал байна. Үүний нэг нь эрчим хүчний салбарын удирдлага, ажилтнуудын хариуцлагыг дээшлүүлэх юм. Жишээлбэл, Эрчим хүчний ассоциаци бол эрчим хүчний салбар болон компаниудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага учир мөн адил үүрэг, зорилготой. Саяхан Эрчим хүчний сайдаар салбартаа олон жил ажилласан мэргэжлийн залуу инженер Н.Тавинбэх томилогдсон. Үүнийг манай мэргэжилтнүүд сайшааж сайнаар хүлээн авч байгаа. Мэргэжлийн сайд томилогдсоны дараа эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа талаар, мөн өвлийн бэлтгэл ажилтай холбоотойгоор төлөөлөн удирдах зөвлөл нь компани дээрээ ажиллаж шийдвэр гаргана гэсэн удирдамж өгч байх жишээтэй. Энэ маягаар эрчим хүчний салбарт зөв менежмент хийж, мэргэжлийн удирдлагаар ханган, хариуцлагаа дээшлүүлэх бололцоо бүрдэж байна. Ингэж тал талдаа хариуцлагыг дээшлүүлсэн нь тогтвортой, найдвартай ажиллагааг хангах бодлогыг хэрэгжүүлэх үндэс болж байгаа нэг алхам.
-Та эрчим хүчний найдвартай ажиллагааг хангахад салбар мэргэжлийн удирдлагатай, ажилчидтай байх нь зөв гэсэн бодолтой хүн юм байна?
-Тийм ээ. ЭХЯ салбарын үйлдвэрүүдийн ихэнх хувьцааг эзэмшдэг болсноор удирдлага нь нэлээд мэргэшсэн хэмжээнд ажиллаж байна. Ингэж ажиллах, улам сайжруулах ёстой. Эрчим хүчний салбарт ихэнхдээ төрийн өмчит хувьцаат компаниуд ажилладаг. Салбарын компаниуд алдагдалгүй ажиллах ёстой. Компаниудад цөөн тооны зардал байдаг. Үүнд нүүрсний зардал, ажилчдын цалин багтана. Мөн сэргээн босголт, засвар, үйлчилгээний зардал багтдаг. Энэ бол найдвартай ажиллагааны үндэс. Үүнийг хэвийн хэм жээнд хүргэж чадахгүй байна шүү дээ. Хэрэглэгчдийн нуруунд ачаа өгч, үнэ тарифыг нэмэхгүй, “Ковид-19”-ийн үед бүр ч үгүй гээд яваад байж болохгүй. Эрчим хүчний тогтвортой, найдвартай, тасралтгүй ажиллагаанд шаардагдах техникийн засвар, үйлчилгээний зардлыг хасаад эхлэхээр таны машин нөхөөстэй, хуучин дугуйтай явж байгаатай адил. Засвараа бүрэн гүйцэт хийж чадахгүй, станцууд хуучин дугуйтай ажиллаад, нөгөө талдаа уурхайнуудад нүүрсний мөнгөө цаг хугацаанд нь төлөхгүй бол түлш, эрчим хүчний салбар цогц байдлаар найдвартай ажиллаж чадахгүйд хүрдэг. Түлш, эрчим хүчний хангамжийн гинжин тогтолцоо нэг газраа доголдохоор эрүүл мөнгөний урсгал болчихож байгаа юм.
Тэгэхээр эрчим хүчний салбар доголдохоор хэрэглэгч үүнийг үйлдвэрлэгчийн доголдол гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ энэ доголдол уурхайд ч байж болно. Мөнгөө төлөөгүй хэрэглэгчдэд ч байж болно. Үнэ тарифыг хязгаарлаж буй төр, засагт ч байж болно. Үүнийг эрчим хүчний удирдлагын менежментээр зөв зохицуулах шаардлагатай. Сүүлийн үед аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гээд бүх юм автоматжиж, нээлттэй болоод “Нэг худалдан авагчийн загвар” зэрэг олон зүйл нэвтрүүлж байгаа. Эдгээрийг зайлшгүй нэвтрүүлэх ёстой. Эцэст нь ЭХЯ нь үйлдвэрлэгч, түгээгч, дамжуулагч хүртэл мэргэжлийн удирдлагаар маш сайн хангаж ажиллах ёстой. Үйлдвэрлэл дээр бүх шидэг мэргэжилтэн, инженерийг ажиллуулах хэрэгтэй. Үүнээс гадна компаниудын төлөөлөн удирдах зөвлөлд мэргэжлийн инженерүүд, үйлдвэр аж ахуйн дарга асан гавьяатнууд, эрдэмтдийг сонгон шалгаруулалтаар тавиад, зөв ажиллуулж чадвал эрчим хүчний салбарынхан ард иргэдийнхээ цахилгаан, дулааны хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах бүрэн чадамж тай хамт олон. Хүнд бэрхшээлтэй нөхцөлд инженер, техникийн ажилтан, эгэл жирийн ажилчид сэтгэл зүрхээрээ, бараг хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай ажиллаж, өдийг хүртэл ганц удаа ч доголдоогүй ажиллаж байгаа нь эрчим хүчний салбар гэж хэлж болно.
-Та сайжруулах хэрэгтэй гэлээ. Нэг талд засаглалын хувьд мэргэжлийн хүмүүстээ тулгуурлаж ажиллах ёстой юм байна. Хөрөнгө оруулалт, шинэчлэл талаас яаж сайжруулах ёстой вэ?
-Аливаа зүйл байнга дэвшиж байх ёстой. Салбарын тасралтгүй, найдвартай ажиллагаагаар хангахын тулд хөрөнгө оруулалтын бололцоо, нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Шинэ станц барих, нөгөө талдаа үнэ тарифыг зөв тогтоож, засвар үйлчилгээг нь бүрэн хийлгэх хэрэгтэй. Зарим компани хэт олон ажилчинтай бол цөөлөх нь зүйтэй. Орчин үеийн цахим менежментийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэх зэрэг олон ажлыг тасралтгүй сайжруулах шаардлага бий. Дэлхий дахин цахим орчинд ажиллаж эхэлсэн бол бид ч хоцрох учиргүй. Гадаадаас цахилгаан худалдаж авахад хүндрэлтэй байгаа бол станцаа хурдан барих хэрэгтэй. Эсвэл гадаад улсуудтайгаа зөв, урт удаан хугацааны тогтвортой нөхцөлтэй гэрээ хийх шаардлагатай. Энэ бол станцынх биш, төрийн үүрэг, олон улсын асуудал. Гадагшаа эрчим хүч экспортлох гэж байгаа бол улс орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд авч үзэх хэрэгтэй. Дэлхий дахин хүлэмжийн хийн ялгаралгүй цэвэр буюу сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн төлөө чармайж байна. Манай улсын сүүлийн 30 жилд олсон хамгийн том дэвшил, дэлхийн эрчим хүчний хөгжилтэй нийцэж байгаа ололт бол нарны эрчим хүчээр малчдыг хангаж, сэргээгдэх эрчим хүчний томоохон станцуудыг хувийн хөрөнгө оруулагчид байгуулж, бодит зүйл болгосон явдал. Хүрсэн түвшнээсээ ухарч болохгүй. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ бууруулбал шинэчлэл, дэвшил бус ухралт болно.
-Эрчим хүчний салбар эдийн засгийн орчноо төгөлдөржүүлэхэд үнэ тариф нь хамгийн гол тээг болчихоод, бусад асуудал нь чөлөөт зах зээл рүү орж чадахгүй гацчихаад байгаа юм санагддаг?
-Социализмын үед энэ салбарыг хамгийн түрүүнд хөгжүүлэх ёстой гэж үзэж байсныг өмнө нь хэлсэн. Эрчим хүчний салбарыг улс орны гал голомт, хөгжлийн хөтөч гэх зэргээр нэрлэдэг. Энэ салбар хөтөч л юм бол заавал ашигтай ажиллаж байх албатай биш. Гэхдээ тасралтгүй, найдвартай ажиллах шаардлагын үүднээс алдагдалтай ажиллах ёсгүй. Эрчим хүчний тогтвортой, найдвартай ажиллагаанд тулгуурлан, эдийн засгийн бусад салбараа ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь улс орон бүх шатанд хөгжих үндэс болно. Манай эрчим хүчний салбарынхны эцсийн зорилго, хүсэл мөрөөдөл энэ юм.