Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурритай ярилцлаа.
-Таныг томилогдон ирсэн даруйд анхлан ярилцаж байгаадаа баяртай байна. Швейцарын хөгжлийн агентлагтай холбогдсон түүхээсээ хуваалцахгүй юу. Таны намтарт энэ байгууллага хүндтэй байр суурь эзэлдэг болов уу?
-“Өнөөдөр” сонины уншигчид, монгол түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие энэ байгууллагад 30 гаруй жил ажиллаж байна. Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрийн хүрээнд олон улс оронд ажилласан. Энэ байгууллагад ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг. Швейцарын хөгжлийн агентлаг бол хүний эрхийг дээдэлдэг, чөлөөт хэвлэл мэдээлэл болон соёлын олон ургальч үзлийг дэмждэг, ил тод авлигагүй, ялгаварлан гадуурхалтгүй нийгэм бий болгохын төлөө зорин ажилладаг. Тиймдээ ч Швейцар болон Монгол Улс хоёулаа “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д нэгдсэн. Энэхүү байгууллагын дуу хоолой болохын төлөө ажиллахдаа би баяртай байдаг.
-Монголд ажиллах болсон нь таны чин хүсэл байв уу. Эсвэл дээд байгууллагаас тань шууд тохоон томилов уу?
-Монгол бол миний очихыг хүсэж байсан мөрөөдлийн орны нэг. Байгаль, соёлыг нь биширдэг учраас танай улстай илүү дотно танилцахыг хүсдэг байлаа. Тиймээс би Монголд ирж ажиллахын тулд шалгалт өгч тэнцсэн.
-Шалгалт өгч байж ирсэн манай орны юу нь таны сэтгэлийг татсан юм бол?
-Би антропологич мэргэжилтэй. Монгол бол үнэт соёл, баялаг өвтэй улс. Байгаль, уул ус нь ч манай улсынхтай төстэй. Энд анх ирэхэд гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрж байсан. Мөн манай хоёр улс далайд гарцгүй, хүчирхэг хөршүүдтэй гэдгээрээ ч адил төстэй зүйл олон бий.
- “Монголын Швейцар” гэгддэг Хөвсгөлд та очиж үзсэн үү?
-Энд ирээд таван долоо хоногийн турш тусгаарлалтад байсан. Хоёр долоо хоногийн өмнөөс л ажилдаа орлоо. Энэ долоо хоногт Архангай, Завхан аймгийг зорино. Боломж гарвал Хөвсгөлд очиж үзэхийг маш их хүсэж байна.
-Та Ойрхи Дорнод, Латин Америкийн гээд олон оронд ажиллаж байсан туршлагатай. Төв Азийн Монголд ажиллахын онцлогийг хэрхэн мэдэрч, харж байна вэ?
-Мэдээж улс бүр өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь, Латин Америк гайхалтай сайхан байгальтай, ихэнх улс нь халуун, дулаан уур амьсгалтай, голчлон испани хэлээр ярьдаг. Гондурас гэхэд л маш их шумуултай. Эквадор уулархаг, галт уул олонтой, уулаараа цастай байдаг. Тиймдээ ч Швейцарын хөгжлийн агент лаг илүү уулархаг бүс буюу хүнд нөхцөлд хүрч ажиллахыг зорьдог. Далайн түвшнээс дээш 3500 метрийн өндөрт хүмүүс амьдрах нь ч бий. Эдгээртэй харьцуулбал, Монгол орон харьцангуй өөр. Хүн ам цөөтэй, мөн өвөлдөө хүйтэн уур амьсгалтай. Танай эх орныг сонирхож ирсэн нь ч үүнтэй холбоотой.
-Манай улсад 2004 оноос үйл ажиллагаа явуулж, олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн Швейцарын хөгжлийн агентлаг бидэнд хэдийнэ танил болжээ. Ойрын жилүүдэд ямар чиглэлд түлхүү үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна вэ?
-Дөрвөн жил тутамд манай байгууллагын удирдлага шинээр томилогддог. Гэхдээ шинэ даргатай боллоо гээд манай байгууллагын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгддөггүй. Бид 2018-2021 онд баримтлах стратеги төлөвлөгөөг Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамаар батлуулж хэрэгжүүлж байна. Төслийн сайн туршлагуудаа бататгаж үргэлжлүүлэх, гаргасан үр дүнгээ тогтвортой байдлыг хангах чиглэлд анхаарч ажилладаг. Одоогийн стратегийн хүрээнд бид үндсэн гурван чиглэлд анхаарч ажиллаж байна.Нэгдүгээрт, хөдөө аж ахуй болон хүнсний аюулгүй байдал, дараа нь суурь боловсрол болон мэргэжлийн сургалт, гуравдугаарт, сайн засаглалтай болох. Эдгээр чиглэлийн хүрээнд нийт 15 төслийг хэрэгжүүлж байна. Үүнээс гадна, жижиг төслүүдийг ч хэрэгжүүлсээр ирсэн.
Тухайлбал, соёл урлагийг дэмжихэд тодорхой санхүүжилт гаргаж, энэ чиглэлээр маш олон төслийг санхүүжүүлж нэлээд дорвитой ажлуудыг хийж ирлээ. Ирэх жилүүдэд бид Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгээ тогтвортой, амжилттай болохыг зорин илүү ойр ажиллах болно. Швейцарын хөгжлийн агентлаг нь 70 гаруй жилийн түүхтэй байгууллага. Дэлхийн хэмжээнд хөдөө орон нутагт төвлөрч ажиллаж байсан бол одоо Монгол гэлтгүй олон улс оронд хурдацтай өрнөж буй хотжилт болон үүнээс гарч буй асуудлууд дээр төвлөрч ажиллаж эхэлсэн. Тухайлбал, хог хаягдлын менежмент, агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж буй байдал, цэцэрлэг, сургуулийн дулаалгыг сайжруулах замаар хүүхдийн өвчлөлийг бууруулах, халаалтын асууд лыг бага зардлаар шийдвэрлэхтэй холбоотой шинэ технологи нэвтрүүлэх чиг лэлд анхаарч байна.
-Та томилогдон ирээд УИХ-ын дарга Г.Занданшатар болон бусад сайдтай уулзсан. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ Швейцарын хөгжлийн агентлагийн зүгээс Монгол Улсын Засгийн газартай ирэх дөрвөн жилд ижил түвшний шинэ түншлэлийн хэмжээнд хамтран ажиллаж, одоо хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байсан. Энэ талаар тодруулахгүй юу. Мөн та сая Засгийн газартай илүү ойр ажиллана гэж хэллээ?
-Бид Монгол Улсын Засгийн газартай хамтран олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Энэ дөрвөн жилд Засгийн газартай илүү ойр хамтарч ажиллахаас гадна одоо хэрэгжүүлж байгаа төслүүд 2-3 жилийн дараа дуусна. Мөн 2024 он гэхэд өөрийн төлөөлөгчийн газраа хаана. Гэхдээ бидний түншлэл илүү өөр түвшинд очно. Швейцар, Монгол Улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа, эрдэм шин жилгээний судалгаа шинжилгээ хийхэд хамтрах, үүний хажуугаар шаардлагатай үед хүмүүнлэгийн тусламж үзүүлж ажиллана. Жишээ нь, зуд болсон тохиолдолд энэхүү гамшгийг даван туулахад манай улс туслахад бэлэн байгаа. Нөгөө талаас ШХУ-ын Засгийн газар томоохон хөгжлийн байгууллагууд болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын харьяа байгууллагуудын төсөл, хөтөл бөрүүдийг санхүүжүүлэх замаар Монгол Улсад туслах, төсөл хэрэгжүүлэх хэлбэрээр бидний оролцоо хэвээр байна гэсэн үг. Мөн олон улсын хамтын ажиллагааны хү рээнд дэлхийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхэд Монгол Улсыг орол цуулахыг хүсэж байгаа. Тухайлбал, цаг уурын өөрчлөлт, дулаарал, усны болон газрын менежмент, агаарын бохирдол зэрэг дэлхий нийтийг хамарсан асуудлыг шийдвэрлэх арга замыг Мон гол Улстай хамтран гарц ший дэл олоход нь дэмжлэг үзүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана.
-Ярилцлагын төгсгөлд танаас манай хоёр орны хооронд тогтоосон дипломат харилцааг хэрхэн үнэлдэг, цаашид ямар чиглэлд илүү хөгжүүлэх талаарх байр суурийг тань сонирхож болох уу?
-Хувь хүний хувьд өөрийн сэтгэгдэлээ хэлж болох эсэхийг би мэдэхгүй юм. Гэхдээ ма най хоёр орны хооронд 1964 онд дипломат ха рил цаа тогтоосон. 56 жилийн туршид бидний хоорондын дипломат харилцаа өндөр түвшинд хүрсэн гэж бодож байна. Энэхүү завшааныг ашиглаад би Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлмээр байна. Тодруулбал, цар тахлын хүнд үед энд ирэхэд минь маш их тусалсан. Коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлд маш сайн ажиллаж байгаад нь мөн талархаж байна. Монголчууд их найрсаг ард түмэн юм. Монголын ирээдүйг би маш гэрэл гэгээтэйгээр харж байгаа. Хүн амынх нь дийлэнх нь залуучууд. Залуу хүн гэгээлэг, эрч хүчтэй байдаг. Иймд цаашид Монгол Улс эрч хүчтэй хөгжих бүрэн боломжтой юм.