Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны гүйцэтгэх захирал А.Мөнхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-аас зээлийн хүүг бууруулах стратеги баталлаа. Танай холбооноос уг баримт бичигт ямар санал тусгасан бэ?
-Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулахдаа санал авъя гэж албан ёсоор хандаагүй. Манай холбооны удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн сард УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нартай уулзаж, тулгамдаж байгаа асуудал, зээлийн хүүгийн талаарх мэдээллээ танилцуулсан. Ямартай ч УИХ-ын шинэ гишүүд МББСБХолбооны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч, тулгамдаж буй асуудлыг сонссонд бид их талархалтай хандаж байгаа.
-Банкны зээлийн хүүгийн талаар УИХ-ын гишүүд их ярьж байна. Харин банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүүгийн талаар төдийлөн дуугарсангүй. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүүгийн дундаж хэдэн хувьд хүрсэн вэ?
-Энэ оны хагас жилийн байдлаар сарын жигнэсэн дундаж хүү 2.9 хувь байна. Үүнийг үржүүлбэл, жилийн 34 хувь болно. Өнгөрсөн жилийн мөн үед зээлийн хүү жилийн 39.6 хувь байсан гэвэл жилийн дотор 5-6 хувиар буурсан байна. Монголбанкныхан арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 16 хувь байна гэж ярьж байгаа. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүүгийн дундаж үүнээс хоёр дахин өндөр харагдаж байж магадгүй. Гэхдээ арилжааны банкуудын зээлийн бүтцийг харах ёстой. Тухайлбал, ипотекийн болон бага хүүтэй төслийн зээлүүдийг оруулж тооцохоор арилжааны банкуудын жигнэсэн дундаж хүү 16 хувьтай гарч байна. Банк бус санхүүгийн байгууллагад иймэрхүү төслийн, ипотекийн зээлийн эх үүсвэрийг төрөөс хувиарлах тохиолдолд жигнэсэн дундаж хүү бас буурч гарах юм. Түүнээс биш, арилжааны аль ч банкны цахим хуудаснаас үзэхэд зээлийн дундаж хүү дунджаар 20 хувьтай байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү 14 хувиар өндөр нь үнэн. Үүнийг үйл ажиллагааны онцлог, суурь нөхцөл талаас нь бодолцох ёстой.
Банк бус санхүүгийн байгууллагын эзэд, үүсгэн байгуулагчид өөрийн хөрөнгөөр зээл олгодог. Тэдэнд мөнгөө банканд хадгалуулаад хүүг нь хүртээд суух боломж бий. Гэвч улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулъя, бизнес хийе гэсэн бодлын үүднээс банк бус санхүүгийн байгууллагаа ажиллуулдаг. Дэлгүүр, ресторан, эмийн сан нээж байгаатай адил аж ахуйн нэгж гэж харах хэрэгтэй. Мэдээжийн хэрэг тодорхой хэмжээний ашгийн маржин байгаа учраас ийм бизнес эрхэлж буй нь ойлгомжтой. Банк бус санхүүгийн байгууллагууд давхардсан тоогоор хоёрдугаар улиралд 2.8 сая иргэнд үйлчилж, 445 мянга гаруй иргэнд зээл олгосон. Энэ салбарт 2965 хүн ажиллаж байна. Тэгэхээр иргэдийн хэрэгцээг хангаж буй бизнес мөн. Банк бус санхүүгийн байгууллага бүр ашигтай ажилладаг гэвэл өрөөсгөл ойлголт. Хоёрдугаар улирлын байдлаар 100 гаруй банк бус санхүүгийн байгууллага алдагдалтай ажилласан. Үүнд коронавируст халдварын цар тахал нөлөөлсөн нь тодорхой. Гэхдээ банк бус санхүүгийн байгууллага цомхон бүтэцтэй, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлдэг, иргэдэд хамгийн ойр үйлчилж байгаа институц гэдгийг харилцагч иргэд батлах биз.
-Банкныхаас 14 хувиар өндөр хүүтэй байгаа нь зохистой түвшин мөн болов уу. Өндөр хүү тогтоох шаардлага юунаас үүсдэг юм бэ?
-Монгол Улсын хэмжээнд бичил бизнес эрхлэгч аж ахуйн нэгж 183 мянга, хувиараа бизнес эрхэлдэг 219 мянган иргэн байдаг. Эдгээрт хүрч буй санхүүгийн үйлчилгээ хангалтгүй байна гэсэн судалгааг олон улсын байгууллагууд гаргасан.
Энэ бол бодиттой судалгаа. Зээлийн хүү өндөр нь зарим нэг улстөрчдийн хэлдэгээр арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд эсвэл хадгаламж зээлийн хоршооныхон тогтоогоод байгаа хэрэг биш. Манай улсын эдийн засгийн дүр зураг ийм л байна. Бид макро эдийн засгийн бодлогодоо өөрчлөлт хийн, инфляцаа нам дор түвшинд барьж, валютын ханшийг тогтворжуулаагүй тохиолдолд зээлийн хүү өндөр байсаар байх болно.
Мөн улстөрчид эх оронч сэтгэлгээгээр хандаж эдийн засгийнхаа боломжийг тооцож амлалт өгөх хэрэгтэй. Тухайлбал, сүүлийн 10 жилд ам.долларын ханш 1200-аас 2853 төгрөг хүртэл өслөө. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш 170 хувиар буюу жил бүр 16 хувиар суларсан байна. Инфляцийг бол тэртээ тэргүй хүн бүр мэдэж байгаа. 10 жилийн өмнө бараа, бүтээгдэхүүн хэдэн төгрөг үнэтэй байсан, өнөөдөр хэд болсон гээд тооцвол нугарсан тоо гарна. Тиймээс улстөрчид эхний ээлжинд зээлийн хүүгийн дээд хязгаар тог тооно гэхийн оронд макро эдийн засгийн бодлогоо эргэж харах хэрэгтэй. УИХ зээлийн хүүг бууруулах стратеги гэж бодлогын баримт бичиг баталсан. Энэ стратегиас харахад Монголбанкны хийх ёстой ажлыг л бичсэн байна лээ. Ганц хоёр гайгүй заалтыг эс тооцвол шүү.
Тэгэхээр бид валютын ханш, инфляцийн өсөлтийг тооцож, хүүгээ тогтоохоос өөр аргагүй. Банк бус санхүүгийн байгууллагын хувьд зардал өндөртэй байдаг. Арилжааны банкуудын нэг хүнд олгож буй дундаж зээл 16 сая төгрөгтэй тэнцүү. Тэгвэл манайхан нэг хүнд дунджаар 2.9 сая төгрөгийн зээл олгож байна. Энгийнээр хэлбэл, банкнаас тав дахин өндөр зардалтай гэсэн үг.
Үйл ажиллагааны зардал өндөр байдаг нь зээлийн хүү өсөхөд нөлөөлдөг. Банк бус санхүүгийн байгууллага гадаадын сангуудаас хууль ёсны цэвэр мөнгө татаж оруулж ирж зээл олгох боломжтой. Манай зарим нэг томоохон банк бусууд ингэж эх үүсвэр татаж байна. Гэхдээ нэг том асуудал бий. Гадаад эх үүсвэр татахад 20 хувийн татвар ногдуулдаг. Гэтэл арилжааны банкуудад тавхан хувийн татвар ногдуулж байна. Өндөр татвар төлөхөөр зардал өсдөг. Хүү багатай гадаад эх үүсвэр татсан ч гэсэн валютын ханшийн уналтаас эргээд хүү өндөр байхаас аргагүй болдог. Энэ бүгдийг УИХ-ын гишүүд бодолцож, хууль боловсруулна гэж найдаж байна.
-Банк бус санхүүгийн байгууллагуудын ашгийн маржин хэдэн хувь байдаг вэ?
-Өөрийн хөрөнгийн өгөөж гэсэн үг шүү дээ. Дунджаар жилийн 12.5 хувьтай байна. Дунджаар 100 төгрөг тутамд 12.5 төгрөгийн ашиг олж байгаатай адил. Арилжааны банкны нэг жилийн хадгаламжийн хүүтэй ойролцоо ашиг хүртэж байгаа гэсэн үг. Гэхдээ бүгд ийм байдаггүй. Хөлөө олчихсон, банкны хэмжээний үйл ажиллагаа явуулж буй болон шинээр байгуулагдсан банк бус санхүүгийн байгуул лага хоорондоо харилцан адилгүй байх нь тодорхой.
-Банк бус санхүүгийн байгууллага мөнгө хүүлэгч мөн үү?
-Мөнгө хүүлэгч гэж хэн бэ гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй. Зохицуулалттай зах зээлд ажиллаж буй санхүүгийн байгууллагыг мөнгө хүүлэгч гэж нэрлэж болохгүй. Банк бус санхүүгийн байгууллагууд Санхүүгийн зохицуулах хорооноос 10 орчим төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авдаг.
Одоо ажиллаж буй 542 банк бус санхүүгийн байгууллагын 495 нь зээлийн, 181 нь валют арилжааны үйлчилгээ харилцагчдадаа хүргэдэг. Солонгос, Японы кинонд гардаг шиг мафийн шинж рүү орчихсон, хэн дуртай нь хүү тогтоодог, ямар ч зохицуулалтгүйгээр сан хүүгийн үйлчилгээ хүргэж байгааг л мөнгө хүүлэлт, мөнгө хүүлэгч гэх байх. Манайхан Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухайгаас гадна 10 гаруй хууль, журамтай нийцэж, зохистой харьцааны шалгууруудыг хангаж ажилладаг байгууллага. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан 16 журмын хүрээнд ажиллаж байна.
-Зээлийн хүүг бууруулъя гэж сүүлийн 2-3 жил дээр, дооргүй ярих болсон. Банкууд боломжуудаа хайгаад эхэлсэн. Банк бус санхүүгийн байгууллагуудад зээлийн хүүг бууруулах боломж хэр байна вэ?
-Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүүг бууруулъя гэвэл гадаадаас татаж буй эх үүсвэрээс нь хураадаг 20 хувийн татвараа банкныхтай адил тав болгох хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрийн дэмжих гэдэг юм уу, төрөөс бодлогоор хэрэгжүүлж буй санхүүжилтийн хөтөлбөрийг банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулж болно. Бид хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг, үйлчилгээний стандартаа тогтоосон санхүүгийн мэргэшсэн байгууллага. Төлбөр тооцоо л хийхгүй байгаа болохоос биш, банкнаас дутахааргүй үйл ажиллагаа явуулдаг болсон банк бус санхүүгийн байгууллага олон бий. Эдгээрээр ипотекийн зээлийг ч олгох боломжтой гэж бид үздэг. Иймээс банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан зарим төслийн санхүүжилтийг олгох хэрэгтэй.
Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрийн сангаар нэг хүнд олгосон нэг тэрбум төгрөгийн зээлийг бид бичил бизнес эрхлэгч 333 иргэнд гурван сая, эсвэл 10 сая төгрөгийг 100 иргэнд олгох бүрэн боломж байна. Ер нь төрөөс биднийг дэмждэг зүйл байхгүй. Банк бус санхүүгийн байгууллагыг дэмжвэл эргээд бичил бизнес эрхлэгчээ дэмжинэ, өрхийн орлогыг жинхэнэ утгаар нь дээшлүүлнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь, өнгөрсөн сард Сангийн яам “Бичил бизнесийн хөгжлийг дэмжих сан”-г татан буулгалаа. Захирлынх нь авилгын хэрэгтэй холбоотойгоор энэ сангийн үйл ажиллагааг зогсоосон. Ингээд биднийг дэмжиж байсан ганц сан байхгүй боллоо. Одоо банк бус санхүүгийн байгууллагууд ямар ч дэмжлэггүй болсон.
МББСБ Холбооноос “Бичил бизнесийг хөгжлийг дэмжих сан”-г татан буулгасан бол ижил төстэй санг байгуулах хүсэлтээ гаргаж, Сангийн сайдад албан бичиг илгээсэн. Одоогоор хариу өгөөгүй л байна.
Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын байгууллага. Тиймээс ямар нэг санхүүжилттэй холбоотой дэмжлэг үзүүлэх боломжгүй. Бид Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад сайн ажиллаж байгаа гэж үздэг. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийг 2002 онд баталсан. Сайн эрх зүйн бичиг баримт учраас 18 жил хэрэгжүүллээ. Гэхдээ одоогийн нөхцөлд хоцрогдсон гэдгийг хаана, хаанаа ойлгоод, засаж сайжруулахаар ярилцаж байна. Хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх байх. Банк бус санхүүгийн байгууллагууд зээлийн хүүгээ боломжийн хэрээр бууруулж байгаа. Манайхны зээлийн хүү 2016 онд жилийн 48 хувь байсан. Өнөөдрийнхтэй харьцуулбал, 12 хувиар буурсан байна. Эдийн засгийн том зургаар нь харвал инфляц, валютын ханшаа тогтвортой байлгаж чадаагүй байж зээлийн хүүгээ бууруулах ёстой гэж дайрах нь утгагүй. Гадаадаас нэг сая ам.долларын санхүүжилт татлаа гэж бодъё. Оруулж ирээд хөрвүүлбэл, 2.85 тэрбум төгрөг болно. Гэтэл зургаан сарын дараа ам.долларын ханш 3000 төгрөгт хүрчихэж магадгүй. Энэ эрсдэлээ тооцож өндөр хүү тогтоохоос аргагүй.
Хэдийгээр марко эдийн засгийн хүчин зүйлс сөргөөр нөлөөлсөн ч банк бус санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээлийн хэмжээ багасаж байгаа нь зээлийн хүүг бууруулах боломж олгож байна. Чанаргүй зээлийн хэмжээ 2016 онд 16 хувь байсан. Тэгвэл одоо 8.7 хувьд хүрлээ. Цаашдаа ч буурна гэж төсөөлдөг. Нөгөөтээгүүр, энэ нь иргэдийн санхүүгийн боловсрол дээшилж буйг харуулсан үзүүлэлт. Бичил бизнес, өрхийн үйлдвэрлэлийг хэн дэмжиж байгаа вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Барьцаа хөрөнгөгүй, зээлийн түүхгүй, ажилгүй хүнд арилжааны банк зээл өгөхгүй. Ийм иргэдийг бид л дэмжиж зээл өгч байна. Баянхошуунд амьдарч, ногоо тарьж бичил бизнес эрхлэгч болохоор шийдсэн иргэддээ банк бус санхүүгийн байгууллага л зээл өгч дэмжиж байгаа гэдгийг эрхэм гишүүд бодолцоосой. Ард иргэдийнхээ боломж бололцоог мэдрэхгүйгээр хууль баталбал хэтэрхий өрөөсгөл болно.
-Өмнөх парламентийн гишүүн С.Эрдэнэ мөнгө хүүлэлтийн эсрэг зээ лийн хүү гийн дээд хязгаар тогтоох хууль санаачилж байсан. Энэ удаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ зээлийн хүүд дээд хязгаар тогтоох хууль батлахаа зарлачихлаа. Дээд хязгаар тогтоох хатуу арга хэмжээ авбал яах вэ?
-Дээр, дооргүй ярилаа гэнэгүүтээ зээлийн тааз хүүг бий болгоод асуудлыг шийднэ гэж бодож байгаа бол андуурал. МББСБ Холбоо болон манай банк бус санхүүгийн байгууллагууд зээлийн тааз хүү тогтоохыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол зохицуулалттай зах зээл дээр байж болохгүй журам гэж үзэж байна. Би түрүүн бид Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 16 журам, дүрэм Банк бус сан хүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны тухай болон бусад 10 орчим хуулиар зохицуулагддаг байгууллага гэж хэлсэн. Гэтэл өдрийн зээл олгож байгаа ч гэдэг юм уу, эсвэл хууль бус үйл ажиллагаа явуулдаг зохицуулалтгүй хүүлэгчдийн хэмжээнд аваачиж арил жааны банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлд тааз хүү тогтоох гэж байгаа нь зүй бус үйлдэл.
Бид социалист нийг мээс татгалзаад 30 жил болж байна. Гэтэл ийм захиргаадсан арга хэмжээг төрөөс авч болохгүй. Ингэвэл 30 жил хөгжүүлсэн санхүүгийн нөхцөлөө улам дордуулах магадлалтай. Хэрэв банк, санхүүгийн байгууллагынхан үйл ажиллагаанаасаа ашиг олохоо болиод, 1.9 их наяд төгрөгөө банканд хадгалуулах юм уу, гадаад руу гаргах шийдвэр гаргавал эндээс санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлдэг 450 мянган харилцагч хохирно. Санхүүгийн салбар хүн бүртэй холбогдож байдаг эмзэг салбар. Маш болгоомжтой хандах учиртай. Түүнээс биш, хэн нэгэн улстөрчдийн нэр хүндээ өсгөх гэсэн арга хэрэгсэл болгож болохгүй. Банк болон банк бус санхүүгийн байгууллагыг мөнгө хүүлэгч хэмээн ард түмний дайсан мэт харагдуулах явуулга удаан үргэлжиллээ.
Үүнийг газар авахуулахгүй, тун яаралтай таслан зогсоох ёстой. УИХ-ын гишүүн Т.Доржханд банкны хадгаламжид шаталсан татвар тогтооно гэж ярьж байна. Ингэлээ гээд улсын төсөвт хэдэн төгрөг илүү төвлөрөх байх. Зээлийн хүү буурахад яаж нөлөөлөх юм бэ.
Татвар тогтоовол иргэд мөнгөө хөрөнгийн зах зээл рүү оруулж, үнэт цаас худалдаж авна гэж тайлбарласан. Үүнд итгэхгүй байна. Хөрөнгийн зах зээлийн өгөөж ямар байна вэ, хэр итгэл даах вэ гэсэн асуулт гарна.
Тодорхой тооны, олон нийтэд хувьцаагаа гаргасан компаниудыг эс тооцвол найдвартай хөрөнгө оруулах боломж хомс. Харин хадгаламжийн хугацааг дор хаяж хоёр жил байх, нэг хадгалуулсан мөнгөн дээрээ ахиж мөнгө нэмэхгүй байх гэх мэтээр эх үүсвэрийн хугацааг нь нэмэгдүүлбэл зээлийн хүү буурах магадлал өндөр. Санхүүгийн зах зээлд олон жил ажилласан хүмүүс зээлийн хүүг бууруулах, санхүүгийн хүрээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг. Бид ч гэсэн иргэддээ хүрч ажиллаж, орлогыг нь нэмэгдүүлэхийг зорьдог.
-Банк бус санхүүгийн байгууллагууд сүүлийн жилүүдэд барьцаагүй зээл олгох болсон. Ийм өндөр эрсдэлийг хаахын тулд өндөр хүү тогтоож байна уу?
-Хамгийн том эрсдэл бол зээлийн эргэн төлөлт. Банк бус санхүүгийн байгууллагууд технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ хүргэж эхэлсэн. Ингэхдээ ямар ч барьцаагүй зээл олгодог. Финтек зээлийн эргэн төлөлт 90 орчим хувь байна. Би түрүүн чанаргүй зээл багасаж буйг дурдсан. Банк санхүүгийн байгууллагууд ерөнхийдөө их хэмжээний барьцаа хөрөнгө шаардахаас татгалзаж байгаа. Технологид суурилласан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлж, иргэдийнхээ санхүүгийн боловсролыг дээшлүүлж байна.
Иргэд олж буй орлогоосоо илүү зардал гаргахгүй, авсан зээлээ хугацаанд нь төлчихдөг болж байна. Зээлийн сайн түүх үүсгээд хүүгийн хөнгөлөлт эдэлдэг боллоо. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нэмэр их.
-Банк бус санхүүгийн байгууллагын харилцагчдын тоо огцом өссөн гэж сонссон. Зарим статистик мэдээллээс нь сонирхуулаач?
-Одоогоор нийт актив нь 1.9 их наяд төгрөгт хүрээд байна. Үүнээс 1.3 их наяд төгрөг нь өөрийн хөрөнгө, мөн 1.3 их наяд нь зээл. Өөрөөр хэлбэл, банк бус санхүүгийн байгууллагын үүсгэн байгуулагчид 1.3 их наяд төгрөгийн хөрөнгөө бусдад зээлчихсэн байна гэсэн үг. Энэ оны нэгдүгээр улиралд нийт актив нь 1.7 их наяд төгрөг байсан. Нийт хөрөнгө нь 200 тэрбум төгрөгөөр өссөн нь банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгө оруулагчид нэмэгдэж, үүсгэн байгуулагчид оруулсан мөнгөө нэмж байгааг харуулсан үзүүлэлт. Зээлдэгчдийн тоо 5-6 дахин нэ мэгд-сэн. Харилцагчдын 75 хувь нь финтек буюу тех нологид суурилсан санхүүгийн үйлчилгээ авч байна. Энэ нь технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх шаардлага үүссэнийг харуулж байна.