Халуун юманд хүрэхээс айх мэт хойш суусаар байх юм бол англи хэл хэзээ ч сурахгүй
“Англи хэл сурах юмсан” гэсээр арван жилийг үдсэн хүн байдаг. Шамдахгүй, бие, сэтгэлээ дайчлахгүй, багшийн заасныг нэг чихээрээ оруулаад, нөгөө чихээрээ гаргадаг бол тэрбээр уг хэлийг мэддэггүй чигээрээ үлдэнэ. Харин эсрэгээрээ ажил хэргийн орчинд хамгийн ихээр хэрэг болох, дэлхийн хүмүүстэй төрөлх хэлээрээ ярьж буй мэтээр харилцах боломж олгох энэхүү хэлийг үнэхээр сурчихъя гэж зорьж тэмүүлбэл хэн нэгний шахалт, шаардлагагүйгээр ухамсартайгаар сурахын төлөө цаг, заваа зохицуулан зарцуулсаар нэг мэдэхэд англиар зөв уншиж, бичиж, улмаар яриад сурчихсан байдаг.
Гадаад хэл сурах нь хэцүү гэж бодоод, эгээ л халуун юманд хүрэх гэж буй мэт халгаж, хойш суусаар байх юм уу, аль эсвэл хүрэх цэгээ тодорхойлон, зөв замаар хурдацтай урагшлах уу, мөн Монгол Улс англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгох нь зөв үү гэдэг сэдвээр Англи хэлний академийн үүсгэн байгуулагч, “Тоастмастерс Монгол” үндэсний байгууллагын тэргүүн, хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Загдаагийн Ганчимэгтэй ярилцлаа.
-Та саяхан "Англи хэл сурах амархан" нэртэй номоо гаргажээ. Гадаад хэл сурах тийм амархан гэж үү?
-Чаддаг хүнд л тухайн зүйлийг хийх нь амархан санагддаг. Хамгийн энгийн жишээ гэхэд усанд сэлж үзээгүй хүн амьсгалаа түгжээд усанд шумбана гэдэг төсөөлөхөд ч хэцүү санагдана. Гадаад хэл сурна гэдэг нь өөртөө дадал суулгана гэсэн үг. Гэхдээ энэ нь биеийн бус харин тархины үйл ажиллагаа, хувь хүний харилцааны ур дүй, орчин нөхцөлөөс ихээхэн шалтгаалдаг.
Хүн хэзээ хийж байгаа зүйлдээ дурладаг вэ. Чадаж байгаа үедээ. Чаддаг зүйл нь амьдралд хэрэг болох үед бүр дурладаг. Чадаж байгаагаараа бахархах сэтгэгдэл төрөх, бусдаас урмын үг сонсох үед илүү мэдрэгдэнэ. Энэ эргэх холбоог тасалдуулахгүйгээр хамгийн багадаа 90 хоног болвол “чадаж байна” гэдэг итгэл аяндаа бэхжиж, сурч байгаа зүйлдээ дурлаж эхэлдэг. Итгэл урмаар тэтгэгдэж бадардаг.
Англи хэлийг яагаад зайлшгүй сурах ёстой, ямар орчинд яаж сурвал цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүчин чармайлтыг дээд зэргийн бүтээмжтэйгээр ашиглах вэ гэдгийг ойлгосны дараа хэл сурах үйл явц руу ханцуй шамлан орох нь хамгийн зөв болохыг монгол хүнд англи хэл заасан 23 жилийн туршлагаасаа ухаарснаа номоороо дамжуулан хуваалцахаар шийдсэн юм.
Зөв аргаа олоогүй учраас хэцүү санагддаг. Тэгэхээр “амархан” юм байна гэдгийг батлахыг хичээн туршиж, судалж, алдаж, онож ирсний хүчинд өнөөдөр “Монгол хүнд англи хэл заах амархан”, “Англи хэл сурах амархан” гэдгийг ам бардам хэлэх байна.
-Англи хэлний мэдлэггүйгээсээ болоод ажил албандаа ахиж дэвшихгүй байх, дэлхийд өрсөлдөх боломжоо алдах гээд олон сул тал байгаа. Залуус яагаад сурч чадахгүй байна вэ?
-Англи хэлний, хэрэглээнд орсон маш сайн мэдлэг хүн бүхэнд ямар их ашиг тустай талаар энд ярих нь илүүц байх. Харин англи хэлэнд шамдаагүйгээс алдсан асар олон боломжийг жагсаагаад үзвэл бузгай урт болох биз.
Сураад л байдаг, амжилт гаргахгүй байгаагийн цаана олон арван шалтгаан бий. Ер нь багш нар сургалтдаа сэтгэл зүйн хүчин зүйлсийн талаар тэр бүр анхаардаггүй. Шууд л англи хэл заагаад эхэлдэг. Яаж ч сайн заагаад нэг л үр дүн өгөхгүй байх нь бий. Үүний цаана тухайн хүнд тохиолдсон элдэв сөрөг үйл явдлууд, айдас, түгшүүр, хэт бардамнал зэрэг нь маш том саад тотгор болдог юм. Түүнийг олж илрүүлэн засах нь сургалтын үр дүнд асар нөлөөтэй болохыг өөрийн туршлагаас сайн мэднэ.
Монголчууд бидний олонхын хувьд нэг том алдаа бол маш богино хугацаанд асар том зорилго тавьдаг. Тэр нь цаг хугацаанаас хамааралтай тул шууд биелэх боломжгүй гэдгийг ойлгохыг хүсдэггүй. Гэнэт л “Манай дарга намайг гадагшаа тэтгэлгээр явуулна гэлээ. Нэг сарын дотор IELTS 6.0 оноо хэрэгтэй байна. Танайд суръя” гээд ороод ирнэ. Ерөнхий англи хэлний түвшин дундаас дээш байгаа тохиолдолд сарын дотор шалгалтын өндөр оноо авах стратеги заалгаж, бүхий л чадлаараа цаг гарган зөв зохицуулж бэлдвэл бүрэн боломжтой л доо. 6.0 байтугай 7.0 оноо ч аваад гараад ирдэг юм. Гэтэл өөрийгөө танилцуулна уу гэхээр тавхан өгүүлбэр зөв холбоод хэлж чадахгүй байгаа хүнд бол хэцүү. Энэ бол маш түгээмэл тохиолдол бөгөөд логикийн хоёр том алдаа байна. Нэгдүгээрт, англи хэл сурах зорилго өөрөөс нь биш, гаднаас тухайлбал удирдлагын зүгээс ирсэн бол гал эрмэлзлийн тухай дурсаад ч хэрэггүй. Хоёрдугаарт, цаг хугацаа хэт давчуу. IELTS оноог дөнгөж 0.5-аар нэмэхэд хамгийн багадаа зургаан сар шаардлагатай байдгийг гадаадын англи хэлний мэргэжилтнүүд тогтоосон байдаг ч монголчуудын хувьд төвлөрөлт, стратеги, бэлтгэл гурав жигд байвал түүнээс ч бага хугацаанд оноогоо ахиулах нь бий. Гэхдээ яагаад ч анхан шатны мэдлэгтэй хүн бол биш.
Хаа нэг газраас, тухайлбал сургалтын байгууллага эсвэл хувийн багшид төлбөрөө шилжүүлэнгүүт худалдаад авчихаж болдог зүйл биш нь харамсалтай. Өөрөө сайтар нухаж байж амтанд нь ордог юм. Амт бол анхны зөв дуудсан авиа, бусадтай харилцсан анхны ярианаас эхтэй.
Нөгөөтээгүүр, анхлан суралцагсдын хувьд тухайн хэлний талаар том дүр зургийг харуулж, шууд л зохиомол ч хамаагүй орчинд хэрэглэж эхлүүлэх шаардлагатай байдаг. Анхнаас нь дүрэм зааж, нэг бүрчлэн тайлбарлаад эхлэх аваас шууд ярихгүй, дүрмээ бодоод суучихдаг болдог сул талтай. Янз бүрийн нөхцөл байдалд шууд хэрэглэж болохуйц бэлэн өгүүлэмжүүдийг автоматаар тогтоож, боломжит хариу үйлдлийн хувилбарууд боловсруулж, харилцаанд орох нь суурь шатанд маш чухал байдаг.
Өөрөөр хэлбэл нөгөө “Англи хэл” гэдэг хөлөг онгоцоо бүтнээр нь тархиндаа зураглаж, харин түвшин ахих тусам нарийн эд ангийг нь задлан шинжилбэл зохистой. Бидний өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүйн гол шалтгаан нь байгалийн энэ хуулийг зөрчдөгтэй холбоотой юм.
АНГЛИ ХЭЛИЙГ АЛБАН ЁСНЫ ХОЁР ДАХЬ ХЭЛ БОЛГОХ НЬ ЗӨВ
-Англи хэлийг төрийн шийдвэрээр албан ёсны хоёр дахь хэл болгох нь зөв үү?
-Education First Олон улсын байгууллагаас жил бүр шинэчлэн гаргадаг Англи хэл эзэмшилтийн түвшин буюу The English Proficien¬cy Index-ээр Монгол Улс 2019 онд дэлхийн 100 орноос 88-р дугаар байранд буюу 45.56 оноо авч, Судан, Мьянмар улсын дараа орсон байна.
Уг нь Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 293 дугаар тогтоолоор Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр батлагдсан юм. Хэрэв амжилттай хэрэгжүүлсэн сэн бол өнөөдөр буюу 2020 онд англи хэлний боловсрол эзэмших үйл явцыг өргөжүүлэн чанартай боловсрол, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг бий болгож, англи хэлийг мэдлэг, мэдээлэл хүртэх гол хэрэгсэл болгон хөгжүүлэх бэлтгэлийг бүрэн хангасан байх байлаа.
Англи хэл болон мэдээллийн технологийн ололтуудыг бүрэн хэрэглэх хэмжээний мэдлэгтэй, түүх, уламжлал ёс заншлаа дээдэлдэг, монгол хүн болж төрснөөрөө бахархдаг, ихийг бүтээх сэтгэлтэй монгол хүнийг төлөвшүүлж чадах аваас бидэнд болохгүй, бүтэхгүй, чадахгүйн зовлон үгүй болно гэдэгт бат итгэдэг. Тиймээс мэдээлэл бол баялаг, тэр баялгийг ухаж боловсруулах гол хэрэгсэл нь англи хэл учраас яалт ч үгүй албан ёсны хоёр дахь хэл болгох нь зүйтэй гэж боддог.
Бүх нийтийн англи хэлний боловсрол нь эх орноо дэлхийд сурталчлах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн дэвшил, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, монгол хүн, монгол бүтээгдэхүүн, монгол брэндийг дэлхийд гаргахад ихээхэн үүрэгтэй.
-Бүх нийтийн англи хэлний боловсролыг дээшлүүлэхийн төлөө ажиллаж байгаа таны хувьд нийт монголчуудын англи хэлийг сайжруулахад төр засгийн зүгээс бодлогоор ямар ажил хийх шаардлагатай гэж үзэж байна?
-Англи хэлний сургалтыг тансаг хэрэглээний бараа мэтээр өндөр төлбөртэй хувийн сургуулиудад л сайн сургадаг, өөрөө бие даан суралцах боломжгүй, эсвэл зөвхөн англиар ярьдаг улсад нь очвол сурсан шиг сурна гэдэг хоцрогдсон явцуу бодлоос нийт хүн амыг салгах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл сэтгэлгээний өөрчлөлт хийж, “амархан” шүү гэдэг итгэл үнэмшлийг төрүүлэх далайцтай үйл ажиллагаа шаардлагатай байна.
Англи хэлний боловсролыг англиар ярьдаг мэргэжлийн бус хүмүүс олонд танигдах, мөн хөрөнгөжих хэрэгсэл болгон тоглох нь ажиглагдах болов. Тэр хүмүүс санасандаа хүрээд хоноц шиг орхиод л явна, харин дутуу дулимаг, хий хөөрөгдлийн давалгаанд өртсөн хүүхэд залуус цааш яах учраа олохгүй хаягдан үлддэг. Эцсийн эцэст, үүгээр түүгээр явж явж “Авраач” хэмээн эмч дээр очдог шиг нөгөө хэдэн мэргэжлийн багш нар дээрээ л ирдэг нь үнэн.
Хүүхэд бүр ерөнхийлөгч болох албагүй ч монгол хүүхэд бүр аз жаргалтай амьдрах эрхтэй, сайн эцэг, эх болох үүрэгтэй учир сайн хүн болгон төлөвшүүлэх дээр сургалтын агуулгаа боловсруулахдаа ч анхаарч, сургалт явуулахдаа ч голлох учиртай. Хүн бүр өндөр төлбөртэй, орчин сайтай сургуульд хүүхдээ явуулах санхүүгийн боломжгүй байна. Шилдэг сургуульд элсэхэд ч хэцүү. Шилдэг гэдэг тодотголын тухайд хэдэн зуу, мянган хүүхдээс сонгож авдаг учраас шилдэг сурагчидтай шилдэг байгууллага гэхгүй гээд ч яах билээ.
“Англи хэл сурах амархан” номын арын нүүр
Харин үндэсний боловсрол, үндэсний мэргэжилтэн багш нар, үндэсний бүхэн нь үнэ цэнтэй, дэлхийтэй хөл нийлүүлэн магадгүй тэдний олж хараагүй хөгжлийн өнцгийг нээн илрүүлэх онцлогтой байснаар бүх иргэнээ эрх тэгш, өв тэгш, ухаан тэгш хөгжүүлэх нь бидний өмнө тулгарч буй хамгийн том сорилт гэлтэй. Монголын тусгаар тогтнолын баталгаа нь иргэн бүрийн боловсролоос шууд хамааралтай гэж боддог.
-Хичээлийг нэгдүгээр ангиас англи хэлээр заадаг, олон улсын хөтөлбөртэй сургуулийн сурагчдын англи хэлний чадвар улсын сургуулийн сурагчдынхаас тэс өөр түвшинд байдаг. Тэр хэрээр улсын сургуулийн төгсөгчдийн олон улсад өрсөлдөх чадвар сул байдаг гэвэл санал нийлэх үү?
-Багшийн үнэлэмжийг дээшлүүлэх, тэдний нэгж хүүхдэд зарцуулах цагийг ихэсгэх, улмаар ахуй хангамжийг сайжруулахаас гадна мэргэжилдээ хайртай, сэтгэлтэй хүмүүсийг өндөр шалгуураар сонгон авч анхнаас нь зөв бэлдэх аваас улсын сургууль, хувийн сургуулийн ялгаа арилах болно.
Англи хэлний академи байгуулагдаад 15 жил болж байгаа бөгөөд хамт олныхоо хүчийг бүрэн дайчилж, чадах чинээгээр байдлыг өөрчлөхийн төлөө судалгаа шинжилгээ, эрэл хайгуул тасралтгүй хийж байна. Одоогоор дөрвөн салбартайгаар сургалтын үйл ажиллагааг амжилттай явуулж байна. Бид сайн багш бэлдэхэд асар их ач холбогдол өгдөг. Багш нараа өөрийн байгууллагын эрүүл соёл, онцлох заах арга зүй, манлайллын болон харилцааны ур чадварт тасралтгүй сурган, нас насны онцлогт тохирсон брэнд хөтөлбөрүүдээ жил ирэх тусам боловсронгуй болгож, эцэг эх, хүүхэд, багшийн гурвалсан холбоо, хамтын ажиллагаа, урамшууллын зөв тогтолцоог бүрдүүлэн ажилласнаар эхнээсээ багш нар маань өндөр хөгжилтэй оронд зэрэг хамгаалах, улмаар удирдах албан тушаалд дэвшицгээн дараа дараагийнхаа үеийг бэлдэцгээж байна.
Өөрчлөлтийн хамрах хүрээ нь бага байлаа ч нөлөөлөх цар нь яг л голын усанд чулуу шидэхэд долгион нь асар их талбайг хамран тархах лугаа адил юм. Манай “Jolly Kids” хэмээх 6-13 насны хүүхдэд зориулсан сургалтанд охиноо явуулсан нэгэн ээжийн “Би нэг л зүйлийг ойлгохгүй юм. Яагаад 35 үсэг сурч, бичих гэж тэгж уйлаан болдог мөртлөө Англи хэлний академид англи хэлийг болохоор тоглож, наадаж, хөгжилтэйгээр бүх үсгээ сурч бас ярьж сурдаг юм бол, үүнд л хөтөлбөрийн онцлог, сургалтын технологи, багш нарын хандлага, арга зүйн асар том ялгаа байна даа. Хоёрхон сарын дотор ямар их зүйлд суралцав, миний охин” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм.
-Хүүхдэд хэдэн настайгаас нь гадаад хэл заах нь үр дүнтэй вэ?
-Хүүхэд долоон нас хүртлээ ертөнцийг танин мэдэж, цаашид ямар хүн болж төлөвших суурь нь тавигддаг. Өнөө үед биднийг хүссэн, хүсээгүй хүүхдүүд маань англи хэлээр хүүхэлдэйн кино үзэж, англи дуу шүлэг сурчихсан байх болсон. Англи хэлний аялга, өргөлт, ярианы хэмнэлийг чихэндээ хоногшуулж, ямар утга илэрхийлж байгааг орчуулгагүйгээр дүрснээс нь ойлгоод зөв хэрэглэдэг болсон. Үүнд буруу зүйл огт байхгүй. Хүүхдийн хөгжлийн энэ торгон агшинд та ямар мэдээллээр хангана, түүнийг ямар ч шүүлтүүргүйгээр яг л уудаг цаас шиг шингээн авдаг. Эхлээд сонсоно, харна, тогтооно, дуурайна, дараа нь ярина.Тоглож байхдаа сурч байна гэсэн үг л дээ.
Монгол хүүхдийг нэгдүгээр ангид нь монголоороо чөлөөтэй уншиж, бичиж чаддаг болтол нь, монгол хэлний үгийн баялаг нэмэгдэж, сургуулийн орчинд дасан зохицох хүртэл нь онцгойлон анхаарах хэрэгтэй санагддаг. Харин хоёрдугаар ангиас нь англи хэлийг танхимаар зааж эхлэхдээ баруун, зүүн тархины чадамжийг зэрэг хөгжүүлэх, шууд англиар ярих аз жаргалтай урамтай орчин бүрдүүлэх хэрэгтэй.
Монгол эх газар шороо, соёл, түүх, уламжлал, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, харилцан шүтэлцэж амьдрах арга ухаан, өвөг дээдсийн үнэт сургаал биднийг бусдаас ялгаатай, илүү дасан зохицох чадамжтай болгосон. Хаана ч явсан хэний ч өмнө өөрийн гарал үүсэл, нутаг ус, өв уламжлалаараа бахархах сэтгэлтэй, зөв монгол иргэнийг бэлдэх нь багш бидний үүрэг билээ.
Англи хэлний академийн багш нар 2019-2020 оны хичээлийн жилд “Монгол бахархал” хөтөлбөр боловсруулсан. Сурагчид маань жижиг монгол гэр өөрсдөө угсарч, гэртээ бууз хийж, шагай тоглож, монгол дээлээрээ гоёж, цагаан сар, төрийн далбаа, Сүхбаатарын талбай, Чингис хааны цогцолбор газар гээд олон сэдвийн талаар ямар ч мэргэжлийн хөтөч тайлбарлагчаас дутахааргүй англиар ярьцгааж байна.
-Энэ жилийн эхний хагаст цар тахлын улмаас сургалтын бүх байгууллага үйл ажиллагаагаа онлайн горимд шилжүүлсэн. Ер нь дижитал эрин үеийн талаар та юу гэж боддог вэ?
-Дижитал эрин үеийн ололтыг зөв ашиглавал англи хэл сурах урьд байгаагүй гайхалтай боломжууд нээгдсээр байна. Төрөл бүрийн үг хэллэг тогтоох, дуудлага засах, дүрэм сурах, ном унших, сонсох гээд аппликэйшнүүд зохион бүтээсээр. Бидний хувьд энэ олон эх сурвалжийн дунд төөрөхгүйгээр өөрт хэрэгтэйг олох, сонгох асуудал тулгарч байна. Гэхдээ аль ч сургалтын вэбсайт, аппликэйшн хэрэглэхэд англи хэлний дундаас дээш шатны мэдлэг зайлшгүй шаардлагатай байгааг анзаарсан болов уу.
Онлайн сургалтын тухайд багш, суралцагч хоёрын хамтын хариуцлага, харилцаа холбоо хамгийн гол нь хандлагаас сургалтын үр дүн шууд хамааралтай байдгийг бид бүгд амьдрал дээр харцгаалаа. Ялангуяа бага насны хүүхэд болон насанд хүрэгсдэд зориулсан суурьгүй анхан, анхан, анхан дунд шатны сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулахдаа асар өндөр хариуцлагатай хандах нь чухал.
Суурь бат бөгөөд зөв байхад барилгыг дээш нь хэдэн ч давхар нэмж барьсан зовлонгүй бүтнэ. Сургалт бол үүнтэй адил. Ер нь аливаад хэт туйлшраад ирэхээр л заавал алдаа гардгийг хаанаас ч харж болно. Монголчууд “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэсэн зарчмаар аливаад хандаж ирсэн ухаантай ард түмэн билээ. Дижитал эрин үед багш, шавийн нандин харилцаа, итгэлцэл, эрчим, хэмийн зохицлыг огтоос үгүйсгэж болохгүй бөгөөд сургалтын онлайн болон биет уулзалт хоёрын зохист зөв харьцааг олж тогтоох нь амжилтын эх үндэс болно. Дижитал эрин үеийн ололт амжилт биднийг удирдах бус харин бид түүнийг өөрт ашигтайгаар ашиглаж сурахад л хамаг учир нь оршиж байна.
Англи хэлний академиас 15 жилийн ойн баярыг тэмдэглэх ажлын хүрээнд нэгэн цоо шинэ хөтөлбөр боловсруулан, шинэ элсэлтээ 9 дүгээр сарын 20-ноос авах бэлтгэл ажил хангаж байна. Энэ нь бүх нийтийн англи хэлний боловсрол, тэр дундаа насанд хүрэгсдийн англи хэлний ярианы чадварыг анхан, анхан дунд түвшинд нь эрс сайжруулахын тулд “Англи хэл сурах амархан” аргачлалд буйгаар англиар ярих орчин, ажлын байрнаасаа хөндийрөхгүйгээр онлайн болон танхимын сургалтын зохист харьцааг бүрдүүлсэн QN Tuition /Query No¬mads/ буюу Кү Эн сургалтын хөтөлбөр юм.
“Англи хэл сурах хэцүү” хэмээвээс хэцүү. Таны зөв. Харин “Англи хэл сурах амархан” хэмээвээс амархан. Таны зөв. Учрыг нь олоод, аргыг нь мэдчихвэл тохиолдох саадыг тойрч, алдах хугацааг нөхөж, замын бартаанд ажрахгүй, бие болон сэтгэлээ бүрэн бэлдэж, тархины дундаршгүй нөөцийг дээд зэргээр ашиглан, итгэл төгс, урам дүүрэн, гал эрмэлзлээр жигүүрлэн сурахад амархан юм.