Нэг. Ерөнхий зүйл
1.1. Хөдөө аж ахуйн их сургууль (цаашид ХААИС гэнэ)-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэхэд Монгол Улсын “Дээд боловсролын тухай хууль”, Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”, бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтална.
1.2. ХААИС-ийн удирдах зөвлөлөөс тогтоосон хяналтын тоонд багтаан бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.3. Гадаадын иргэнийг элсүүлэхдээ “ХААИС-д гадаадын иргэнийг суралцуулах журам”-аар зохицуулна.
Хоёр. Бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх
2.1 Бакалаврын сургалтын хөтөлбөрт БСШУСЯ-наас тогтоосон элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын босго оноог харгалзан оюутан элсүүлнэ.
2.2 Бакалаврын сургалтанд өдөр, орой, эчнээ болон хавсарга хөтөлбөрөөр оюутан элсүүлнэ.
2.3 Элсэгч нь хавсралт 1-д заасан хөтөлбөр, мэргэжлийн чиглэл тус бүрт харгалзах хичээлүүдийн аль нэгээр ЭЕШ өгсөн байна.
2.4 “Ландшафтын архитектур” бакалаврын хөтөлбөрт элсэгчдээс ур чадварын шалгалтыг хар зургаар авна.
2.5 Орой, эчнээ, хавсарга хөтөлбөрөөр элсэгч нь хавсралт 2-д заасан хөтөлбөр, мэргэжлийн чиглэлээр элсэн суралцана.
2.6 Орой, эчнээ 4.5 жилийн хөтөлбөрөөр элсэгч нь энэхүү журмын 2.3 дугаар заалт, эчнээ 2.5 болон хавсрага хөтөлбөрөөр элсэгчийг өмнөх бакалаврын зэргийн дипломыг үндэслэн элсүүлнэ.
Гурав. Элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголт
3.1 Элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголтыг Улаанбаатар хотод 2020 оны 05-р сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулна.
3.2 Цахим бүртгэл, мэргэжил сонголтыг www.elselt.muls.edu.mn хаягаар зохион байгуулна.
3.3 Орон нутагт элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголтыг Монголын их, дээд сургуулиудын консорциумын элсэлтийн комисс, ХААИС-ийн элсэлтийн комиссын гишүүд зохион байгуулна.
3.4 Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- ХААИС-д элсэгчийн бүртгэлийн хуудас
- Монгол хэлний шалгалтын батламж
- ЭЕШ-ын батламж
- Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом
- Суралцагчийн хувийн хэрэг
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Журмын 4.1-4.5 дахь заалтуудад хамаарах болзлыг хангасан бол зохих баримт бичгийг баталгаажуулсан хуулбар
- Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг (нэг хураамжаар бүх хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой).
3.5 Элсэгч нь онлайнаар бүртгүүлээд сонгосон мэргэжлийн хөтөлбөрт тэнцсэн хариу авсан тохиолдолд 7 хоногийн дотор сургалтын төлбөрийн 10 хувийг ХААИС-ийн ХААН банкны 5070104239 тоот дансанд төлж суралцах эрхээ баталгаажуулна.
3.6 Баталгаажуулалт хийсэн элсэгч нь тодорхой шалтгаанаар баталгаажуулалтаа цуцлах тохиолдолд энэхүү журмын 5.3 дугаар заалтын дагуу сургалтын төлбөрийг 09 дүгээр сарын 01-нээс хойш буцаан олгоно.
Дөрөв. Элсэлтийн хөнгөлөлттэй нөхцөл
4.1 Олон улс, улсын чанартай олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-5 дугаар байранд шалгарсан ерөнхий боловсролын дунд сургууль (ЕБДС) төгсөгчийг сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.
4.2 Урлаг, спортын гоц авьяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарсан ЕБДС төгсөгчийг ерөнхий шалгалтын чиглэл, ЭЕШ-ын босго оноог харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлнэ.
4.3 Хөгжлийн бэрхшээлтэй элсэгчийг уг журмын 2.3 дахь заалтыг хангасан тохиолдолд сонирхсон мэргэжлээр шууд элсүүлж, оюутны дотуур байрны төлбөрийг бүрэн хөнгөлнө.
4.4 “Малын их эмч”, “Агроном”, “Зоо инженер технологи”,” Хөдөө аж ахуйн инженер” зэрэг мэргэжлийн хөтөлбөрүүдэд хөдөө орон нутаг дахь салбарын мэргэжилтний эрэлт, хэрэгцээг үндэслэн тусгай шалгуураар оюутан элсүүлж болно. Тусгай шалгуурт элсэгчийн хувийн өргөдөл, орон нутгийн засаг захиргааны нэгжийн тодорхойлолт, ХААИС-иас зохион байгуулсан шалгалт зэрэг багтана.
4.5 Элсэгчид нь энэхүү журмын 2.3-д заасан хичээлүүдийн аль нэгээр ЭЕШ-ын оноо 600 ба түүнээс дээш авсан тохиолдолд эхний жилийн сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлнө.
Тав. Элсэх эрхийн бичиг авсан суралцагчдыг бүртгэх
5.1 Элсэгчдийн бүртгэл (өдөр, орой, хавсарга) нь дараах байдлаар зохион байгуулагдана. Үүнд:
- Шинээр элсэгч нь 2020 оны 08 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд бүртгүүлнэ.
- Оюутны дотуур байранд орох элсэгч нь хүсэлтээ 2020 оны 08 дугаар сарын 17-нөөс 21-ний өдрүүдэд бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд бичгээр өгөх эсвэл цахимаар (bair.muls.edu.mn) өгнө.
5.2 Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэн суралцахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийг хүчингүйд тооцно.
5.3 Суралцах эрхийн бичиг авсан элсэгч хуваариа буцаах бол 50000 төгрөгийг бүрэлдэхүүн сургуулийн дансанд төлж холбогдох бичиг баримтаа буцаан авна.