Дэлхий дахинд COVID-19 буюу корона вирусийн цар тахал тархаж, улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ хүнд хэцүү, эмзэг үеийг ашиглан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Гадаад харилцааны яам зэрэг албан байгууллагуудын нэрийг ашиглан хуурамч бичиг баримт үйлдэж, төрийн болон бизнесийн томоохон байгууллагууд руу чиглэсэн цахим гэмт халдлага хийх оролдлогууд бүртгэгдээд байна.
Мөн дэлхий нийтийн хэмжээнд ард иргэд рүү COVID-19 нэрийн дор:
- - Цаг үеийн мэдээ мэдээлэл – Мэдээний холбоос дээр дарахад вирус татагдан ажиллаж, таны компьютерт суун төхөөрөмж дээр хийсэн бүхий л үйлдэл, мэдээллийг тань хулгайлна;
- - Хандивын аян – Дансны болон төлбөрийн картын бүхий л мэдээллийг тань олж авна;
- - Онлайн бараа захиалга – Дансны болон төлбөрийн картын бүхий л мэдээллийг тань олж авна;
- - Олон улсын дуудлага – Автомат дуудлагыг хүлээн авч, зааврын дагуу ямар нэгэн тоон дээр дарснаар та хувийн мэдээллээ алдах, өөр олон хуурамч дуудлагууд хүлээн авах эсхүл таныг нууцлалтай мэдээллээ оруулахыг шаардана;
- - Хуурамч и-мэйлүүд – Хавсралт эсхүл холбоос дээр дарснаар нууц програм ажиллан таны компьютерт суун төхөөрөмжийг тань түгжиж, мөнгө төлөхийг шаардах, төхөөрөмж дээрээ оруулах үйлдэл, мэдээллийг тань бичиж авах, эсхүл регистрийн дугаар, дансны болон картын дугаар, интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахыг шаардана;
- - Хуурамч вэбсайтууд – Вэбсайтын URL дээр дарахад вирус татагдаж төхөөрөмж дээр сууна;
- - Олон нийтийн сүлжээн дэх хуурамч мэдээний холбоосууд –Регистрийн дугаар, дансны болон картын дугаар, интернэт банкны нэвтрэх нэр нууц үг асуух, эсхүл нууц вирус татагдана;
- - Гар утасны хуурамч аппликэйшн – Тагнах зориулалт бүхий Corona Live 1.1 апп эсхүл ижил төрлийн Android апп татсанаар тухайн гар утасны камер, микрофон, файл, байршил, олон нийтийн сүлжээний бүхий л текст, мессежид хандана;
- - Текст мессеж – Холбоос дээр дарснаар тухайн төхөөрөмжийн дэлгэцийг түгжиж, мөнгө төлөхийг шаардана.
Дээр дурдсан цахим гэмт хэргийн төрлүүд нь иргэдийн регистрийн дугаар, дансны болон картын дугаар, интернэт банкны нэвтрэх нэр нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг олж авах зорилготойгоор албан ёсны, тун үнэмшилтэй харагдахуйцаар загварчлагдсан байна.
Иймд нийт харилцагч та бүхэн сонор сэрэмжтэй байж:
- - COVID-19 вирустэй холбоотой аливаа цахим мэдээлэлд итгэж, хуурамч и-мэйлийн хавсралтыг нээхгүй байх;
- - Баталгаат бус вэбсайт болон холбоос дээр дарахгүй байх;
- - Corona Live 1.1 Android аппликэйшн эсхүл ижил төрлийн аппликэйшн татаж авахгүй байх;
- - Өмнө нь хандаж байгаагүй онлайн сайтаас захиалга хийхгүй байх;
- - Сайн санааны үүднээс хандивын аянд оролцохдоо болгоомжтой байж, интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахгүй байх;
- - Олон улсын эсхүл автомат дуудлагыг авахдаа тоон дээр дарахгүй байх, дуудлагыг таслах;
- - Мессежээр болон олон нийтийн сүлжээний чатаар ирэх холбоос дээр дарахгүй байж өөрийн мөнгө болон мэдээллээ алдахаас сэрэмжлэхийг зөвлөж байна.
Мөн банк хэзээ ч өөрийн албан ёсны интернэт банк болон аппликэйшнээс бусад сувгаар таны нэвтрэх нэр, нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг асуудаггүй болохыг анхаарна уу. Мөн үүнээс гадна COVID-19 цар тахалтай холбоотой мэдээ мэдээллийг зөвхөн ЭМЯ болон бусад албан ёсны эх сурвалжаас баталгаат сувгаар авч байхыг зөвлөж байна.
Монгол Улсын Гадаад харилцааны яамны баримт бичгийг дуурайж үйлдсэн байдал
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэрийн өмнөөс илгээж буй хуурамч и-мэйл
Corona Live 1.1 Хуурамч аппликэйшн
“Сэрэмжлүүлэг зөвлөмжийг хамтран бэлтгэсэн ХААН Банк”