Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.02.10/ хуралдлаа. Хуралдаанаар БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтод ажилласан ажлын хэсгийн мэдээлэл болон коронавирусийн үед тусгай эмнэлэг гаргахтай холбоотой асуудлыг хэлэлцэв.
УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ "Өнгөрсөн бямба гарагт Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут хотод коронавирусийн 2 тохиолдол бүртгэгдлээ. Иймд Өмнөговь аймгийн удирдлага, иргэд хилийн боомт хаах санал гаргаж байна. Тиймээс УОК-оос гуравдугаар сарын 2-ныг хүртэл Гашуунсухайтын боомтыг хаах саналыг холбогдох байгууллагад тавихаар боллоо.
Мөн цагаан сарыг энэ жил цуцлах талаар холбогдох санал гаргаж байна. Энэ асуудлыг саяхан ҮАБЗ хуралдах үед албаныхан танилцуулсан. Энэ саналыг ҮАБЗ хариуцсан байгууллагад нь хандан шийдвэрлэх арга хэмжээ авна" гэв.